sonin.mn
“U art studio”-ийн захирал, жүжиг­чин Ч.Унд­ралыг “Өглөөний зочин” буландаа ярилаа. 
 
-Та Хятадын кино урлагт хөл тавьсан цөөхөн монгол жүжигчдийн нэг. Таны тоглосон “Урилга” киноны нээлт хэзээ болох вэ?
 
-Энэ киноны гол дүрд жүжигчин Д.Бямбацогт ах бид хоёр тоглосон. Киноны зураг авалт Өвөрмонголын Шилийн хотод болсон. Кино маань ирэх сарын сүүлчээр Бүх Хятадын кинотеатруудаар гарч эхлэх сурагтай байна.
 
-Өмнө нь жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” киног Монголын кинотеатруудаар гаргасан. Тэгэхээр Мон­­голын үзэг­­чдэд үз­­үүлэх “Урилга” киног монголчууддаа үзүүлэх боломжийг судалж үзэв үү?
 
-Монголд нээх боломжийг бүх талаас нь судалж үзнэ. Магадгүй хятад хэл дээр монгол хадмал орчуулгатайгаар гарах байх.
 
-Он гарснаас хойш уран бүтээлээс илүүтэйгээр “U art” студийнхээ ажилд анхаарлаа хандуулж байгаа бололтой. Танай студи одоогоор ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
 
-Телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгчдийг бэлтгэдэг “U art academy”-аас гадна “U art studio” байгуулснаар манай үйл ажиллагаа улам өргөжсөн. Энэ удаа бид Кино академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах ажилд оролцож байна. Уран бүтээлийн хувьд энэ зун ажиллах хоёр ч бүтээл байгаа. Бүх зүйл тодорхой болохоор тухайн үед нь сонирхуулъя.
 
-Та бол урлагийн салбарт ч, менежмэнтийн чиглэлээр ч туршлагатай, мэд­­рэмжтэй эмэгтэй. Тэгэхээр Кино академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулалтын хувьд өмнөх жилүүдээс нэлээд онцлог болох болов уу гэсэн бодол төрж байна?
 
-Кино Академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг хэвлэл мэдээллийн талаас нь өндөр түвшинд зохион байгуулахыг хүсч, хичээж байна. Энэ ч утгаараа зургаадугаар сарын 7-нд нээлтээ хийх “Шангрилла-2” зочид буудалд ёслолын ажиллагааг зохион байгуулахаар болсон. Энэ жилийн хувьд улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн хүлээн авалт, үдэшлэг гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байгаа. Өмнөх жилүүдийнхээс аль болох өвөрмөц, онцлогтой хийхийг л хичээж байна.
 
-Академийн дээд шаг­налд нэр дэвших шил­дэг бүтээлийн нэрс тодорчихсон уу?
 
-Бид энэ удаа кино урлагт анх хөл тавьж байгаа болон олон жилийн туршлагатай гэж уран бүтээлчдийг ялгалгүйгээр бүгдийг нь хамруулахыг эрмэлзэж байна. Энэ ч утгаараа шилдэг дэбют гэсэн номинаци нэмэгдсэн. 2014 оны тавдугаар сараас хойш хийгдсэн бүх кино нэр дэвших боломжтой. Одоогоор зохиолч, найруулагч, продюсерууд маань шилдэг бүтээлүүдээ бүртгүүлж байна. Нэр дэвшигчид тодрох үед тухай бүрт нь мэдээлнэ. 
 
-Та өнгөрсөн онд “Ээж ээ, надтай гэрлээч”, “Луйвар”, “Тэртээх ертөнцийн хөгжимчин” зэрэг нэлээд хэдэн кинонд тоглосон. Дээрх кинонууд нэр дэвших үү?
 
-Би зохиолч, найруулагч, продюсер нь биш учраас сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор “Ээж ээ, надтай гэрлээч” кино маань нэр дэвших сурагтай. 
 
-Дуучин, жүжигчин, хөтлөгч, менежер гээд олон ажлыг зэрэг амжуулдаг болохоор хүмүүс таныг “Универсальный” гэж тодорхойлдог. Цаашид бүгдийг хослуулаад явах уу, эсвэл аль нэгээр нь дагнах болов уу?
 
-Аль алийг нь л хийнэ. Нэг хүн нэг л зүйл хийх ёстой биш шүү дээ. Би моно баймааргүй байна. Тиймээс чадах бүх зүйлээ л хийнэ. 
 
-Эмэгтэй хүн ажилдаа хэтэрхий их анхаарал хандуулахаар ар гэрийн амьдрал орхигдчих гээд байдаг талтай?
 
-Хувийн менежмэнтээс л шалтгаална. Бүх уран бүтээлчид хувийн амьдралаа зохицуулаад ажлаа хийдэг учраас гайхаад байх асуудал биш болов уу. Мэдээж сайн ээжинхээ үүргийг гүйцэтгэхийн тулд анхаарлаа хандуулалгүй яах вэ. Мөн ажлаа ч хойш тавихгүй. Энэ бол уран бүтээлч эх хүн бүрийн л зохицуулах ёстой асуудлуудын нэг байх.
 
-Өнгөрсөн жил балетаар хичээллэж байсан. Үргэл­жлүүлэн хичээллэж байгаа юу?
 
-Балет юм уу gym-ээр хичээллэх нь хүн бүрийн өдөр тутамдаа хийдэг ажлуудын л нэг. Одоо бол gym-ээр хичээллэж байгаа. Энэ нь биеэ цэгцтэй авч явах, эрүүл амьдрах хэвшлийн нэг хэлбэр юм даа.
 
-Олны танил байх нь хэзээ нэгэн цагт таагүй сэтгэгдэл төрүүлж байв уу?
 
-Нэг их зовлонтой зүйл байсангүй. Хүн бүрийн хайр, халуун дулаан уур амьсгалыг мэдэрч амьдрах нь юу нь муу байх билээ. Хамгийн гол нь өөрөө зөв явж чадвал хамгийн аз жаргалтай мэдрэмжүүдийн нэг шүү дээ.
 
-Хувь хүний хувьд ямар зарчим баримталдаг вэ?
 
-Идэвхтэй л амьдрах хэрэгтэй. Хийх ажил их байна. Тиймээс ажлаа эрч хүчтэй хийх хэрэгтэй. Ажлаа сайн хийгээд явбал бүх зүйл ок шүү дээ.
 
-Өөртөө ямар нэгэн цензур тавьдаг уу?
 
-Үгүй. Хүн өмнөх ажлаа чанартай сайн хийгээд, бусдад эерэг энерги түгээгээд явж байхад бүх зүйл сайхан болно. Мэдээж өмнөө тавьсан зорилготой байх нь чухал. 
 
-Хамгийн ойрын зорил­гоосоо хуваалцаач?
 
-Ажлын төлөвлөгөө маш их байна. “U-art” академиа болж өгвөл их сургууль болгохыг зорино. Мөн шинэ уран бүтээлүүд дээр гадны уран бүтээлчидтэй хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. 
 
-Таныг Холливудад мөрөө гаргах дараагийн жүжигчин нь Ч.Ундрал байх нь ээ гэлцэх болсон. Барууны кино урлагт хөл тавих бодол бий юу?
 
-Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Чадлынхаа хэмжээнд л гадны уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг зорьж байна даа.
 
-Авъя гэснээ авч байж санаа амардаг зан эмэгтэй хүн бүрт байдаг юм шиг ээ. Та амьдралаас авъя гэсэн бүхнээ авч чадаж байна уу?
 
-Ажил мэргэжлийн хувьд зорьсондоо хүрч чаддаг байх ёстой. Харин амьдрал дээр бол өөрт байгаадаа сэтгэл хангалуун байх нь хүнийг тайван амгалан, өөртөө итгэлтэй амьдрахын үндэс болдог.
 
-Хоёулаа ихэвчлэн ажлын талаар ярилаа. Хувийн амьдралдаа ойрын үед өөрчлөлт хийхээр төлөвлөсөн зүйл бий юу?
 
-Ахуйн болон сэтгэл зүйн хувьд өөрчилж байгаа зүйл маш их байгаа. 
 
-Хүүдээ өдөр тутмын хайр халамжаас гадна ирээдүйд нь зориулж юу хийхийг хүсдэг вэ? Таныхаар үр хүүхдэдээ өвлүүлж болох насан туршийн үнэт баялаг юу вэ?
 
-Хүүхдийг хайр халамжаар дүүрэн өсгөх ёстой. Түүнчлэн сайн боловсрол олгох нь зүйтэй. Гэвч сүүлийн үед хүмүүс боловсрол гэж их яриад хүн байх гэдэг зүйлийг орхигдуулдаг болжээ. Тэгэхээр зөв хүн болох төлөвшлийг олгох хэрэгтэй. Харин эд хөрөнгө гэх мэт материаллаг зүйлс бол баталгаатай ирээдүйг илэрхийлэх зүйл биш. 
 
-Таны амьдралын хам­гийн аз жаргалтай мөч гэвэл?
 
-Би бүхий л цаг мөчид аз жаргалтай байхыг хичээх хэрэгтэй гэж боддог. Гэвч хүн аз жаргалыг хэрхэн хэмжихээс их шалтгаална. Тиймээс миний амьдралын цаг мөч бүхэн аз жаргалтай байдаг. 
 
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд амьдралын гэрэл гэгээ бүхнийг хүсье.
 
Ц.Баттуяа 
Эх сурвалж: