sonin.mn
ЦЮРИХ. /NHK/. Авлигад автсан Дэлхийн хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ ерөнхийлөгчөөр Сепп Блаттер дахин сонгогдсоны дараа ФИФА-д шинэчлэл хийхийг Европ болон бусад бүс нутгийн тус холбооны гишүүн орнууд түүнээс хүссэн байна.
Европын хөл бөмбөгийн удирдах байгууллагын /УЕФА/ ерөнхийлөгч Мишель Платини сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, хөгжөөн дэмжигч, фенүүдийнхээ итгэлийг дахин олж авахын тулд ФИФА-д шинэчлэл хийх ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Блаттерийг огцрохыг шаардаж байсан юм.
 
Японы хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Куния Даини үзэгчдийн итгэлийг яаралтай олж авах хэрэгтэй гэдгийг дурдаад, ФИФА-д өөрчлөлт хийж, бүхнийг илүү ил тод болгох хэрэгтэй гэв.
 
Ундаа үйлдвэрлэгч болон спортын төхөөрөмж үйлдвэрлэгч ивээн тэтгэгч компаниуд фенүүдийнхээ итгэлийг олж авахыг ФИФА-гаас мөн хүсчээ. Тав дахь удаагаа ФИФА-гийн ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа Блаттер хэцүүхэн асуудлуудтай нүүр тулах шинжтэй байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг