sonin.mn
Хүн бүрт эдэлж буй эрх чөлөөнөөсөө илүүтэйгээр мөнхөд санаж явах  ёстой дөрвөн хариуцлага байдаг.
 
     1. Өөрийн өмнө хүлээх үүрэг
 
     2. Гэр бүлийн өмнө хүлээх үүрэг
 
     3. Төр улсын өмнө хүлээх үүрэг
 
     4. Бусдын өмнө хүлээх үүрэг  хэмээн хүмүүст сургаж байсан  Күнз  хэмээх суут сэтгэгч энэ хүн Хятад орны төдийгүй даян дэлхийн дэвшилт түмний үзэл санааг яс үндэс, шашин шүтлэг ялгалгүйгээр нэгтгэж чадсан чухамхүү хосгүй ухаантан билээ.  
 
Тэрээр аль 2500 жилийн тэртээд “аливаа удирдагч хүн ард түмнийхээ эзэн биш үйлчлэгч нь байх  ёстой” гэж хэлснийг өнөөгийн энэ төр засгийн эрхмүүдэд эргэн сануулахад  илүүдэхгүй л болов уу. 
 
Күнз нь МЭӨ 551 онд Хятадын өмнөт Шаньдун мужид төржээ. Эцэг нь багад нь  өөд болж эхтэйгээ үлдсэн тэрээр ядуу зүдүү амьдралаа авч явахын зэрэгцээ тосгоноос тосгон дамжин бадарчилж, мянга мянган  хүнд өөрийн гүн ухаанаа тайлбарлан таниулж, сурган   гэгээрүүлдэг нэгэн байжээ.
 
Тэрээр удирдагч хүний ёс суртахуун, зан чанар ямар байх талаар номлож, аливаа хүн  гэр бүлийн журамт ёс, эцэг эхээ хүндэтгэх учиртайг зааж, эмэгтэйчүүд нь авааль нөхөртөө, хүндэтгэлтэй хандаж, дуулгавартай байх ёстой гэж сургадаг байсан гэдэг. 
 
Тэрээр  хүчирхийллийг огт хүлээн зөвшөөрдөггүй байсан ба төр засаг нь  хүмүүсийн сайн сайхны төлөө бүхий л үйл ажиллагааг явуулж, аливаа удирдагч хүн хүч түрэмгийлж биш, өөрийн бүрдүүлсэн ёс суртахууны үлгэр жишээгээр албат иргэдээ удирдах ёстой гэж тунхагладаг байжээ.  
 
МЭӨ II зууны үеэс Хятадын хаадууд төрийн албандаа түшмэд сонгон авахдаа Күнзийн сургаалиар шалгалт авдаг болсноос хойш өнөөдрийг хүртэл энэхүү номлол нь олон зууны турш Хятадын засаг захиргааныхны албан ёсны гүн ухаан байсан төдийгүй сая сая  иргэдийнх нь өртөнцийг үзэх үзэл болж төлөвшин, тэдний аж амьдралд гүн нөлөө үзүүлсээр ирсэн түүхтэй. 
 
Энэ суут хүний хэлсэн ярьсан болгон нь Хятадын ард түмний дунд домог болон үлдсэн байдгийн  зарим нэгээс иш татваас... 
        • Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учирч болох хорлолоос өөрийгөө сэргийлж чадна. 
        • Сайхан сэтгэлтэн хэзээ ч ганцаарддаггүй. Түүнд ямагт хөршүүд олдоно. 
        • Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг өөрөө мэдэхгүй байгаадаа харамсдаг. 
        • Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан. Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг.
        • Хэрэв хүн чанар үгүй бол, тийм хүнтэй ёс суртахууны тухай юугаа ч ярих вэ дээ. 
        • Нэг тийш ороход тань олон хүн угтаж авах гол биш. Хэн ч хаашаа ч аятайхан орчихож чадна. Гол нь чамайг явахад тэд харамсаж байвал л боллоо. Явж байгаа хүмүүст тийм аз тэр бүр тохиодоггүй, баясан угтаад тоомжиргүй үдэх нь олонтаа.
 
Хүн  ухаанаараа л бусдыг дийлдэг байх учиртай.
 
Күнз нэгэн өглөө хайртай  шавиа дуудаж усанд явуулжээ. Шавь нь голын захад иртэл гэнэт ой дотроос том гэгчийн эрээн бар дүүлэн гарч ирээд түүн рүү ноцох нь тэр. Тэрхүү шавь бяр хүчтэй нэгэн байсан тул удтал ноцолдсоны эцэст барын сүүлэн дээрээс нь шүүрч  аваад мод руу толгойгоор нь ширвэж алж гэнэ. Шавь агнасан бараа үүрч ирэнгээ багшийнхаа урцны  гадна шидчихээд орж их л омог бардам ингэж асуужээ.
 
-Багш аа, Эрэмгий сайн анчин эрээн бартай гэнэт тулбал яаж цааш нь харуулдаг вэ гэхэд
Күнз: -Ангайсан ам руу нь улаан гараа дүрж байгаад эрүүгий нь заалж алдаг юм даа гэж. 
 
Шавь: -Арай гайгүй гэгддэгүүд нь яадаг юм бол гэж. 
Күнз: - Овоодож дарж байгаад нүцгэн нударгаараа тархийг нь бяц цохидог гэжээ.
 
Шавийн дуу нь  нилээд суларснаа: -Тэгвэл тааруухан нэг нь яадаг бол оо гэхэд нь
Күнз: - Сүүлдэж байгаад л яаж ийгээд учрыг нь олох байлгүй дээ гэжээ. 
 
Уур омгондоо багтаж ядсан мөнөөх эр урцнаас нь гүйн гарангаа өөрийг нь тавлаад байгаа багшийгаа зүйл дуусгахаар шийдэж том гэгч чулуу өвөртөлж аваад эргээд орж гэнэ.
 
Шавь: -Та намайг усанд явуулсан биш харин зориуд туршиж бартай тулалдуулсан байна. Өштөн дайснаа дарах  хамгийн сайн арга зэмсэг юу байдгийм,  хэлээд өг гэж гэнэ.
Күнз: -Үзэг бийрээр л өштөнөө зүйл дуусгаж чадаж байвал хамгийн шилдэг арга даа гэж хэлж.  
 
-Тэгвэл арай гайгүйчүүд нь дайсантайгаа яаж тооцоо хийдэг  бол гэхэд нь
-Үг хэлээрээ үргэлж  дийлж чаддаг байх  ёстой гэж гэнэ.
 
Шавь чухам дэлбэртлээ уурлаж байсан боловч биеэ барьж:
-Адгийн шаарууд яаж өшөөгөө авдаг юм болоо гэж асуухад нь
-Өвөртөлсөн чулуугаараа л өштөнийхөө толгойг хага цохих болов уу гэхийг сонссон шавь нь яаж ч чадалгүй уран цэцэн багшийнхаа урцыг орхин гарсан юм гэдэг. 
 
                            Ш.Пүрэвсүрэн     “Хорвоогоор аялахуй”  номноос