sonin.mn
БЕРЛИН. /NewYorkTimes/. Адольф Гитлерийн залуудаа усан будаг болон харандаагаар зурсан 14 уран бүтээлийг Германд дуудлага худалдаагаар оруулж, 440 мянган доллароор худалдсан гэж тус улсын “Deutsche-Presse Agentur” мэдээллийн агентлаг мэдээллээ.
 
Нюрнберг хотын “Вейдлер” ордонд болсон дуудлага худалдааны үеэр Гитлерийн гарын үсэгтэй, Бавари хотын “Нойшванштайн” цайзын зураг хамгийн өндөр үнэд хүрсэн бөгөөд уг уран бүтээлийг БНХАУ-ын нэрээ нууцалсан худалдан авагч 113 мянган доллароор худалдан авсан бол “Улаан лиш цэцгийн амьдрал” зураг 82 мянга долларт хүрсэн байна.
 
Вена болон Прагын дүр зургууд, нэгэн охины хөрөг, нүцгэн хүүхэн зэрэг зураг нь 1904-1922 оны уран бүтээлүүд юм. Гитлертэй холбоотой 13 уран зураг бүхий цуглуулгад зориулсан 2009 оны Их Британид зохион байгуулсан дуудлага худалдаагаар уг цуглуулга 143 мянга гаруй доллароор худалдаалагдсан байна. Өнгөрсөн жил “Вейдлер” ордонд болсон дуудлага худалдааны үеэр Гитлерийн зурсан гэх усан будган зургийг Ойрхи Дорнодын нэгэн худалдан авагч 161 мянган доллароор авчээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг