sonin.mn
"Сандарсандаа 2 өдөр хийж гүйцэтгэх ёстой даалгаврыг 6 цагын дотор дуусгачихсан байсан" хэмээн "Монгол ур чадвар 2014" тэмцээний үеэр болсон хөгжилтэй явдлаасаа Д.Нармандах хуваалцлаа. Тэр 2014 болон 2015 онд "Монгол ур чадвар" тэмцээнд түрүүлснээр Бразил улсын Сан Пауло хотод болох "Дэлхийн ур чадвар" мэргэжлийн олон улсын тэмцээнд мужааны төрөлд оролцох эрхийг авсан юм. 
 
Зураг зурахаас гадна мэргэжил нь түүний хамгийн том хобби. "Ажиллаж байхдаа хэзээ ч уйддаггүй" гэж ярих Д.Нармандах амжилт арвинтай. Техник, технологийн дээд сургуулийн 2 удаагийн аварга, Монгол Буриад улсуудын хамтарсан мэргэжлийн уралдаанд тэргүүн байр, "Монгол ур чадвар 2014, 2015" тэмцээнд түрүүлсэн зэрэг нь түүний мэргэжилдээ дур сонирхолтой байдагтай нь ч холбоотой байх.
 
Мэргэжлийн ур чадварын тэмцээнд сэтгэл зүйн бэлтгэл, нарийн мэдрэмж, авьяас чадвар бас маш чухал байдаг. ТТД-ийн багш Г. Нэргүй түүнийг их авьяастай болохоор дэлхийн ур чадварын тэмцээнд амжилт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлж байлаа.
 
Д. Нармандахын хувьд тэмцээний үеэр сандрахаа хэдийнээ больжээ. Нэг миллиметер буруу зүсэлт хийх нь "Дэлхийн ур чадвар" тэмцээнд аварга болох үгүйг ч шийдэж болох учраас тайван байх нь хамгийн чухалыг тэр өгүүлж байсан юм. 
 
Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцох бусад 8 оролцогчдын хамтаар Д.Нармандах Монгол улсын Хөдөлмөрийн яам, "Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг" (KOICA), "Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг" (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр Солонгос улсад 5 сарын сүүлээс 6 сарын дунд хүртэл 2 долоо хоногийн бэлтгэл хийсэн.
 
Бэлтгэлийн үеэр нэг баярлууштай үйл явдал болсон нь  Солонгосын тал монголын багт багаж хэрэгслүүд бэлэглэсэн явдал байлаа. "WorldSkills" буюу "Дэлхийн ур чадвар" арга хэмжээ нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хамгийн том тэмцээн юм. Тус салбарынхны хувьд энэ нь мэргэжлийнур чадвараараа олон улсын түвшинд өрсөлдөх хамгийн том боломж байдаг.  
 
2015 оны 8 сарын 11-нээс 16-ны хооронд Бразилийн Сан Пауло хотод зохиогдох 43 дахь удаагийн "Дэлхийн ур чадвар" тэмцээнд 60 гаруй орны 1200 орчим оролцогч мэргэжлийн 50 төрлөөр өрсөлдөнө. Монгол улсэнэ жил анх удаа цахилгаан, гагнуур, токарь, тогооч, өрөг угсралт, үсчин, хавтанцар наах, гоо засал, мужаан гэсэн мэргэжлийн 9 төрлөөр оролцохоор бэлтгэж байна. 
 
Манай орон 2014 онд "WorldSkills International" холбооны 69 дэх гишүүн болсоноор "Дэлхийн ур чадвар"  тэмцээнд оролцох эрхийг авч "Монгол ур чадвар 2014" улсын уралдааныг зохион явуулж дэлхийн энэ нэр хүндтэй тэмцээнд орох монголын багийг шалгаруулсан юм. Монголын багийн бэлтгэлийг хангахад Монгол улсын Хөдөлмөрийн яам, GIZ, KOICA хамтран ажиллаж байна.