sonin.mn

 

Шинээр хэрэгжих Халамжийн хуульд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-УИХ-аас баталж гаргасан Нийгмийн халамжийн багц хууль энэ оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Энэ хуульд хэд хэдэн өөрчлөлт орсон. Юуны өмнө нэгд, одоогийн үйлчилж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж буй хүмүүсийн ямар нэг үйлчилгээг хасаагүй, бүх олгож буй халамжийн үйлчиллээ бүгд байгаа. Монголд нийгмийн халамжийн болон даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй 24 мянган ахмад настан байдаг. Шинэ хуулиар эдгээр хүний Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрхийг үлдээгээд Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авахаар болж байгаа.

“Хүний хөгжил сан”-гаас олгож буй 21 мянгаар амьдарч байсан хүмүүс долдугаар сараас эхлэн яах вэ?

-Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиар хоёр төрлийн тэтгэмжийг оруулж ирж байгаа. Үүнд, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, дээрээс нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай тэтгэвэр, тэтгэмжийг оруулсан байгаа. Үүнд хамрагдах өрхүүдийг яаж тооцох вэ гэвэл айл бүрээс судалгаа авна. Өмнө энэ талын судалгааг 1-2 аймагт хийсэн. Энд алдаа гарч байсан учир ямар нэг тусламж авах шаардлагагүй өрхүүд хамрагдсан эсэхийг дахин шалгаж явуулна. Үнэхээр харж хандах хүнгүй ганц бие өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дээрх хоёр дэмжлэгийг үзүүлнэ. Энд өрхийн гэр бүлийн гишүүдийн тооноос хамаараад том хүнд 10 мянга, хүүхдэд долоон мянган төгрөгийн дэмжлэг сар бүр өгнө. Ингэхдээ үнэхээр хөдөлмөрийн насны, ажил хийх боломжтой тийм өрхөд зүгээр өгөхгүй, ажлын байр тогтмол хайх ёстой гэсэн болзол тавина. Үүний дагуу олгогдоно. Хүнс тэжээлийн талонг хүүхдэд тав, том хүнд 10 мянган төгрөгөөр тооцон олгоно.

-Тэтгэмжүүдийн хэмжээ нэмэгдсэн үү?

-Нийгмийн халамжийн тэтгэвэр 2008 онд 41.400 төгрөг байсан бол одоо 103.600 төгрөг болж байгаа. Нийгмийн халамжаас олгогдох асаргааны тэтгэмж өмнө нь 23 мянган төгрөг байсан бол одоо 48 мянга болж байгаа. Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 21 мянган төгрөг байсан бол долдугаар сарын 1-нээс 40 мянган төгрөг болж байгаа.

Эх сурвалж: "Бизнес таймс"