sonin.mn
Монгол түмний минь цэнгэлийн манлай болсон үндэсний их баяр наадам айсуй. Эрхий мэргэн сурчид нь нум, сумаа хагсааж, хурдан хүлгүүд нь уяандаа эргэцэн, хүчит бөхчүүд нь хүч, бяраа тэнцүүлэн хоног тоолон хүлээж байна. Тэгвэл энхрий ялдам бүсгүйчүүд, эвий хонгор үрс нь наадмын гоёлоо зэхэж эхэлжээ.
 
Монголчуудын хувьд үндэсний баяр наадам, сар шинийн баяраар Монгол үндэсний хувцсаараа гоёж, дэлхийд хосгүй өв уламжлал, ёс заншлаараа бахархдаг билээ. Өнгөрсөн хоёр жилд хүннү захтай, торгон, даавуун материал бүхий дээл зонхилж байсан. Тэгвэл энэ жилийн наадмын гоёлын хувьд загвар зохион бүтээгчид байнга давтагддаг, хэвшмэл хэв маягаас татгалзахаар шийджээ.
 
Тухайлбал, үргэлж шинэлэг санаа, шийдэл бүхий загвараар хэрэглэгчдэдээ бэлэг барьсаар ирсэн “Хайрын хурим” салоны хамт олон энэ жилийн наадмын хувцасны шинэ коллекцио хэдхэн хоногийн өмнө танилцууллаа.
 
Тэд энэ удаагийн загварын цуглуулгадаа эртний хатадын эрхэмсэг байдлыг шингээсэн үндэсний хэв маягийг орчин үеийн загвартай хослуулсан дэгжин загваруудыг гаргаж ирсэн байна.
 
Ингэхдээ орчин цагийн эмэгтэйлэг бүсгүйчүүдийн хүсэл сонирхолд нийцсэн цэвэр торгон, ханцуйтай, ханцуйгүй, даашинз шиг байхаас гадна монгол дээлний элемент болох өндөр мөр, урт ханцуй, бүс зэргийг хослуулсан байна. Мөн материалын хувьд тодотгохгүй байхын аргагүй.
 
Монгол хатдын хөргийг дагнан зурдаг зураач Д.Наранцэцэгийн бүтээлээс албан ёсны зохиогчийн эрхтэйгээр дэлхийд алдартай Хятадын торгоны үйлдвэрт хэвлэмэл зургийг цэвэр торгон утсаар нэхэж багахан хэмжээгээр захиалан үйлдвэрлэсэн байна.
 
Үндэсний хувцас үйлдвэрлэлээрээ Монголдоо тэргүүлэгч, олон жилийн туршлагатай “Монгол костюмс”, “Шилмэл загвар” агентлагууд ч мөн үндэсний хэв маягаа хадгалсан хэрнээ барууны ихэмсэг хатдынх шиг урт, нэвсгэр болон урт шулуун хормойтой загваруудыг санал болгож байна.
 
Тэгвэл орчин үеийн загварлаг бүсгүйчүүд хэн нэгний зөвлөгөөг дагахаасаа илүүтэйгээр биед эвтэйхэн, өөрийн биедээ хамгийн зохимжтой загваруудыг өөрөө зохиож өмсөх сонирхол давамгайлах болсон. Мэдрэмжтэй, уран бүсгүйчүүдийн хувьд энэ наадмын өдрүүдээр хамгийн нимгэн, хөнгөн материалаар хийсэн хувцсаар гангарахыг чухалчилж байгаа аж.
 
Тодруулбал, тэд мөр нь ил гарсан, өргөн ханцуйтай, богино хормойтой, энгэр, захны хувьд дорнын хэв маягийг агуулсан загваруудыг илүүтэй сонирхож байгаа гэнэ. Түүнчлэн ээж болсон бүсгүйчүүдийн хувьд бяцхан гүнжтэйгээ, хайртай эр нөхрөө эрхэмсэг ханхүүтэйгээ хослуулан гоёх сонирхол давамгайлдаг. Энэ ч утгаараа өөрийнхтэйгээ яг адилхан загвартай хувцасыг хүүхдүүддээ захиалан хийлгэж байна. 
 
Дашрамд сонирхуулахад, цэвэрхэн, халдашгүй харагддаг цагаан өнгө бол энэ зуны голлох тренд. Түүнчлэн урт шулуун хормойтой даашинзнууд энэ зун таныг хамгийн орчин үеийн загварлаг эмэгтэй гэдгийг илтгэж өгөх юм. Мөн жижиг цэцгэн хээ үеэ өнгөрөөж, том том цэцгэн хээнүүд 2015 оны зуныг өнгөлөх нь.
 
Та энэхүү загварыг сонгосноор мариалаг харагдана гэж айлтгүй. Хамгийн гол нь материал хэлбэрийг нь зөв сонгож чадвал галбирыг тань илүү сайхан харагдуулах болно.
 
Поло поп буюу захтай цамц А хэлбэрийн мини банзалын хослол хавар, зуны хамгийн их өмсөгдөхүйц тренд мөн. Энэ хослол эелдэг зөөлөн гайхалтай харагдуулах болно. Хэрвээ хэдэн жилийн өмнө өмсөж байгаад хадгалсан мини банзал байгаа бол одоо шүүгээнээсээ гаргаж өмсөөрэй. 
 
Баяр наадмын өдрүүдэд эртний хатдын эрхэмсэг төрхийг илтгэсэн хувцасаар гангарах гэж буй бардам цог золбоотой харагдахын тулд уруул болон нүдээ тод өнгөөр будахад гэмгүй. Харин энгийн ч боловч дэгжин загварыг сонгосон бол будаагүй мэт харагдах будалтыг сонгож, үс засалтандаа илүү анхаарал хандуулаарай.
 
Үсний хувьд эртний хятадын хатдыг санагдуулам овоолж, чамин хэлбэрт оруулсан засалтыг сонговол эрхэмсэг төрхөө улам тодотгож чадна гэж мастер үсчингүүд зөвлөлөө.
 
Эцэст нь хэлэхэд, энэ жилийн баяр наадмаар хамгийн эрхэмсэг дүр төрх бүтээж чадсан бүсгүй л бүхнээс тод гэрэлтэх нь ээ. 
 
Эх сурвалж: