sonin.mn
Нарангийн энгэр хэмээн нэрлэгддэг Улаанбаатар хотын нийтийн оршуулгын газарт VIII Богд Жибзундамба хутагтын шарил одоог хүртэл байгаа гэдэгт Монголын бурхны шашны зарим зүтгэлтнүүд итгэлтэй байдаг гэнэ. 1924 онд VIII Богд Жибзундамба нь 55 насандаа жанч халснаар Монголд Бүгд найрамдах засаглалын хэлбэр тогтсон түүхтэй.
 
Харин энэ хүн нас барахад хаана, хэрхэн оршуулж байсан талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй биз ээ. Богд Жибзундамба хэмээх энэ хүмүүн Монголынхоо төлөө сэтгэлтэй, монголчууд ч Богд эзэн хаандаа шүтлэгтэй байснаас эл эрхэм хүнээ таалал төгсөхөд Гандантэгчилэн хийдийн мөргөлийн дуганд занданшуулан бунхалсан ажээ.
 
Гэвч 1936-1937 оны үеийн их хэлмэгдүүлэлтийн vеэр VIII Богдын занданшуулсан шарилыг байрлуулсан суврагыг эвдэн гаргасан байхыг Маршал Х.Чойбалсан үзээд Баруун Нарангийн эрүүл газарт хайрцаглуулан оршуулсан байна.
 
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийнхэн саяхнаас Богдынхоо занданшуулсан шарилыг эрж хайж хэд хэдэн газар хөндөж хайсан хэдий ч Монгол Улсын сүүлчийн эзэн хааны шарил эдүгээ олдоогүй л байна.
 
VIII Богдыг таалал төгссөнөөс хойш Хүрээний хамба номонхан Лувсанхаймчиг нарын хүмүүс богдын шарилыг залах тусгай сүм бариулах хүсэлтээ БНМАУ-ын Шүүх Явдлын яаманд өргөн мэдүүлж байсан баримт нь эдүгээ Улсын төв архивын газарт хадгалагдан үлджээ.
 
Тухайн бичгийн эхэд дурдсан нь: “Эдүгээ Жибзундамба хутагтын шарилын сүм суваргыг эрхлэн үйлдүүлэхээр тусгай томилогдсон хүчир хамба Бумгарвуу нараас мэдүүлэн ирсэн нь өчүүхэн бид нар тушаасныг дагаж харъяат хутагтын шарилыг залах сүмийг үнэ хямд ба бололцохыг эрж Улаанбаатар хотын Баруун дамнуурчны мужаан иргэн Ван Шин Цэн хэмээх Мянган, Ву Хува Гүн хэмээх Түмэнбаяр нарын хоёр пүүсэнд хоёр түм, таван мянган янчаан өгч үйлдүүлэхээр хэлэлцэн тогтсон зэрэг явдлыг Хятад, Монгол үсгийн гэрээ бичиг тодорхойлон байгуулж, мэдүүлэн хүргээр ирсний тулд, уул гэрээ бичиг хоёр хувийг бичиг дагалдуулан БНМАУ-ын Шүүх Явдлын яамнаа өргөн мэдүүлээд, гуйх нь толилон тогтоож, харилцан тэмдэглэх ажаамуу. Үүний тул өргөв. Монгол Ард Улсын 15 дугаар он, таван сарын хорин зургаан” гэжээ.
 
VIII Богд Жибзундамба хутагт нь Далай ламын сангийн нярав Гончигцэрэн хэмээх түшмэлийн гэрт төрж 5 настайдаа Монголд залагдан ирсэн түүхтэй. Монголын түүхийн хамгийн эгзэгтэй үеүд буюу XX зууны эхний хоёр хувьсгалыг удирдаж байсан энэ түүхэн хүн Агваанлувсанчойжиннямданзанванчиг хэмээх уртаас урт номын нэртэй байжээ.
 
Г.Бүрэн