sonin.mn
Монголчуудын дунд цус ойртолт ихэсч, угийн бичгээ хөтөлдөггүйгээс гурав, дөрөв дэх үедээ цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэр бүл болох үзэгдэл түгээмэл болсныг эрдэмтэд ярьж байна. Энэ асуудал үндэсний аюулгүй байдал болон хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн үзүүлэлт болоод байгаа нь судалгаагаар нотлогджээ.
 
Энэ тухай Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хүний генетик, экологийн эрүүл мэнд судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан, хүн судлаач, анагаах ухааны доктор Э.Энхмаатай ярилцлаа. 
 
-Үндэстэн даяар санаа зовних цаг нь болсон асуудлын нэг яах аргагүй цус ойртолт болжээ. Та судалгаа хийж, лекц уншиж залууст мэдлэг мэдээлэл өгч байгаа хүний хувьд энэ талаар дэлгэрэнгүй ярина уу? 
 
 
-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс эрдэмтдийн цуврал лекц уншиж байгаа юм. Энэ удаад хуваарь ёсоор би “Монголын хүн ам дахь цус ойртолтын төвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс” нэртэй лекц уншлаа. Би, монгол хүн судлалаар 20 гаруй жил ажиллаж байна. Өмнө нь Хүн судлалын үндэсний төв гэсэн байгууллага байсан. Одоо өөрчлөгдөөд энэ онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй нийлээд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болсон.
 
Монгол хүн судлалаар хийсэн 30 гаруй жилийн судалгааны үр дүн, бусад судалгааны бодит үр дүнд тулгуурлаад өнөөдөр Монголын хүн амын дунд цус ойртолт ямар төвшинд байгаа, түүний үр дүн нь юу юм бэ гэдгийг тогтоож гаргасан юм. Өнөөдөр хүн амын дотор ямар төрлийн цус ойртолт байна гэхээр өөрөөсөө дээш гурав дөрөв дэх үеийн ах дүү нар хоорондоо гэрлээд байхад илэрдэг тийм төвшний цус ойртолт түгээмэл болчихжээ.
 
Өөрөөр хэлбэл элэнц хуланцынхаа төвшинд цусны хамаатай хүмүүс гэрлэхэд илэрдэг цус ойртолт бидний судалгааны үр дүнд илэрсэн. Энэ нь юуг хэлж байна гэхээр өнөөдөр монгол хүний удмын сангийн аюулгүй байдал ноцтой алдагдаж байна. Энэ цус ойртолтын улмаас бид мөхлийн ирмэгт ирчихсэн байна шүү. Цус ойртолтыг аймаг бүрээр тооцож үзсэн.
 
Цус ойртолт хэрэв илрэхгүй байвал цус ойртолтын коэффицент тэг /0/-тэй тэнцүү байдаг. Гэтэл ийм үзүүлэлттэй аймаг ерөөсөө байхгүй. Аймаг бүрээс цус ойртолтын төвшин ямар нэг хэмжээгээр илэрсэн. Тэгэхээр танай аймагт их, манай аймагт бага байна. Тэр говийнхон л цөөхүүлээ хэцүүдлээ. Улаанбаатарт хүн ам ихтэй учраас энд гайгүй гэж ойлгох ямар ч боломжгүй болчихлоо. 
 
-Угийн бичгийг монголчууд хэдий үеэс хөтөлж эхэлсэн юм бол. Энэ уламжлал хэзээнээс алдагдав? 
 
-Аливаа үндэстэн угсаатан угийн бичиг хөтлөх өөр өөрийн аргатай байдаг. Хүй нэгдлийн үед овгийн байгуулал цус ойртолтоос хамгаалах нэг чухал хэрэгсэл болж байсан байгаа юм. Нэг эцэг эхээс төрж улбаалсан, хоорондоо цусан төрлийн ойрхон холбоотой, хэсэг бүлэг хүн өөрсдийгөө нэг овог гэж хэлдэг байсан. Ураг төрлийн хүмүүс хоорондоо гэрлэхгүйн тулд өөр овгийн, харь элгийн хүмүүстэй гэр бүл болдог байж.
 
Тэгэхээр яах аргагүй овог гэдэг бол цус ойртолтоос зайлсхийх хамгийн энгийн бөгөөд чухал арга байсан  байх нь. 1925 онд Монгол Улсын Засгийн газрын нууц тогтоол гарч монгол хүн овог хэрэглэх, угийн бичгээ хөтлөх явдлыг болиулчихсан юм билээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 90 жил өнгөрч. Хүний нэг үе удам гарч ирэх генетикийн хугацаа 25 жил байдаг юм л даа.
 
Өөрөөр хэлбэл, миний үр хүүхэд төрөөд дунджаар 25 нас хүрч байж гэрлээд дараагийн үе удмаа төрүүлнэ. Энэ хугацаагаар тооцох юм бол даруй гурван үе удам давсан хугацаа өнгөрчихсөн байгаа юм. Монголын хүн амын дотор цус ойртох үзэгдэл байна уу гэдэг дээр Хүн судлалын үндэсний төв олон жилийн судалгаа хийж, өнөөдөр ямар төвшинд хүрчихээд байгааг нь тодорхойлж гаргаж ирчихээд байна л даа.
 
Генийн сангийнхаа тодорхой хувиар хоорондоо ураг төрлийн холбоотой хүмүүс гэрлэхийг цус ойртсон гэрлэлт гэдэг. Хүн 32040 гентэй гэдгийг эрдэмтэд нарийн тодорхойлчихсон байна. Түүний 16020-ийг нь ааваасаа, үлдсэнийг нь ээжээсээ авдаг. Ингэж хувь хүний генийн сан бүрддэг юм. 
 
-Хэдэн үе өнгөрч байж генийн сангийн хувьд огт хамаагүй хүмүүс болох вэ? 
 
-Жишээ нь, энгийнээр хэлбэл миний биеэр аавын цусны 50 хувь, ээжийн цусны тал хувь нь эргэж байгаа. Өвөөгийн цусны 25, эмээгийн цусны 25 хувь гэх мэтчилэнгээр хоёр дахин багасч дээшээ явсаар байгаад ес дэх үе дээрээ ирэхээр генийн сангийн холбоо маань 0.19 хувь болдог.
 
Ийм хувиар л би ес дэх үеийнхээ өвөг дээдэстэй хамаатай байх нь. Үүнээс цааш арав дахь үе рүүгээ ороод ирэхээр үндсэндээ генийн сангийн хувьд бараг хамаагүй, харь элгийн хүмүүс болж хувирдаг байна. Тэгэхээр есөн үеийн дотор ураг холбож болохгүй ээ гэдэг монгол ёс заншлын шинжлэх ухааны үндэслэл нь энэ. 
 
-Цус ойртолтын үр дагавар, хор холбогдол нь юу вэ? 
 
-Цус ойртолт ямар үр дагавар авчирдаг юм бэ гэдгийг хүний генетикийн шинжлэх ухаан аль хэдийнэ тогтоочихсон. Хүн болгонд ээж, ааваас далд хэлбэрээр удамшдаг муу шинжийн генүүд хэдэн арваараа байдаг. Гэтэл цус ойртсон гэрлэлтээр нөгөө далд байсан муу шинжийн генүүд хоорондоо ижилсэх магадлал ихэсч, өвчин болж илрэх нөхцөл нь бүрддэг.
 
Тэгэхээр төрөлхийн удамшлын өвчин согогтой, оюуны хомсдолтой хүүхдүүд олноороо төрөх, нөгөө талаар хүний бие бялдрын хөгжил муудаж, их давжаа болдог. Аливаа өвчнийг эсэргүүцэх дархлаа суларч доройтдог, юмыг их хурдан түргэн сэтгэдэг оюун ухааны ир мохоо болж ирдэг. Амьгүй төрөлт, зулбалт их болж байгаа нь бүгд л цус ойртолтын илрэл.
 
Биеийн эсэргүүцэл дархлаа суларч, ямар нэгэн өвчнийг эсэргүүцэх хувь хүний чадавх муудна. Ийм муу үр дагавартай гэдэг нь хүний генетикийн шинжлэх ухаанаар нэгэнт нотлогдсон зүйл. Төрөлхийн согог гажигтай хүүхдийг 2005 оноос хойш улсын хэмжээнд бүртгэдэг болсон. Бүртгэлийн газраас мэдээлэл аваад харахаар төрөлхийн согог гажигтай хүүхэд төрөхгүй  аймаг гэж алга.
 
2005-2009 онд Монголын хүн амд бүртгэгдсэн төрөлхийн хөгжлийн гажгийг цус ойртолттой холбоотой байна уу гэдгийг судлаад үзэхээр хүн амын дотор цус ойртолт яах аргагүй гүнзгийрээд байгаа юм байна. Тийм учраас бид энэ асуудлыг өөрөөсөө холтгож тайвширч болохгүй. Уруул, тагнай нь сэтэрхий, зүрхний гажиг, нугасны ивэрхий, хошного нь битүү гээд 10 төрлийн төрөлхийн хөгжлийн гажгаар судлахад ийм үр дүн гарч байгаа юм.
 
Цус ойртолт жилээс жилд нэмэгдээд л байна. Нэмэгдэхийн хэрээр төрөл бүрийн төрөлхийн гажиг согогтой төрдөг хүүхдийн тоо олшроод байна гэсэн үг. Цус ойртолт гэдэг бол 25, 25 жилээр нэмэгдээд явдаг. Чимээгүй тахал гэсэн үг. 
 
-Тэгвэл цус ойртолт хүн амын өвчлөлд хамгийн их нөлөөлөх нь ээ? 
 
-Монгол орныг бүхэлд нь хамруулж, уртраг, өргөргийн зурвас, градус квадрат бүрээр нь бид үүнийг тооцож гаргаж ирсэн. Цус ойртолтын процесс Монголын хүн амын өвчлөл, өвчний улмаас цаг бусаар нас барахад үнэхээр бодитой нөлөөлж байна. Магадлалын статистикаар бол 95 ба түүнээс дээш хувийн төвшинд цус ойртолт нь өвчлөл, нас баралтад нөлөөлж байгааг тогтоосон. Өвчний олон улсын ангилал байдаг.
 
Бүх өвчнийг 19 том бүлэгт хуваагаад түүн дотроо их олон дэд ангилал болгож задалдаг. Энэ 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар монгол хүн өвчлөх, нас барахад цус ойртолтын төвшин яах аргагүй айхавтар нөлөөтэй болчихсон байна. Хүн амыг цус ойртолтоос гаргах арга хэмжээ авахгүй бол өвчлөл, нас баралтыг дорвитой бууруулахад хэцүү болчихжээ гэдэг дүгнэлт хийж болохоор байгаа юм. Сүүлийн үед улаан, цагаан хоолой нь нийлчихсэн хүүхэд төрж буйг эмч нар хэлж байна. Өөрөөр хэлбэл амьсгалдаг хоолой, хоол залгидаг хоолой нь нийлчихсэн гэсэн үг.
 
Үүнийг мэс заслаар аргалахад их хэцүү. Дээрээс нь нүдний төрөл бүрийн хүнд гажгууд илэрч байна. Би өөрөө таарч байсан. Нүдний алим нь төрөлхийн жижигхэн, 9-12 мм хэмжээтэй, түүнээсээ томордоггүй. Хоёр нүд нь хараагүй хүүхэд төрж байна. Иймэрхүү мэс заслаар янзалж болдоггүй хүнд хэлбэрийн согогтой хүүхдүүд төрж байгаад сэтгэл эмзэглэж явдаг. 
 
-Элэнц хуланцын төвшинд ураг төрлийн хамаатай хүмүүс гэрлэж цус ойртоод байна гэж та хэллээ. Нийслэлд түгээмэл байна уу, эсвэл хөдөө энэ үзэгдэл их байна уу? 
 
-Бид цус ойртолтын газар зүйн тархалтын зураглалыг гаргасан юм. Макро төвшинд буюу аймаг бүрээр харахаар алаг цоог зураглал гараад ирсэн. Харин микро төвшинд буюу Монгол орны газар зүйн уртраг өргөргийн зурвасууд, нэгж градус бүрээр тооцоод нарийн шинжилгээ хийгээд үзэхээр ерөөсөө Монгол орны өргөргийн дагуу хойноосоо урагшлах тутам цус ойртолт аажмаар ихэсдэг зүй тогтол илэрсэн.
 
Өөрөөр хэлбэл, хүн ам сийрэг суурьшсан нутагт цөөн тооны хүмүүс хүссэн хүсээгүй хоорондоо гэрлээд алсуур цус ойртолтыг улам нэмэгдүүлж байна. Хүн амын шилжин суурьшилт багаас сумын төв, сумын төвөөс аймгийн төв, тэндээс хүн ам олноор суурьшсан томоохон хот руугаа чиглэлтэй байдаг. Социализмын үед ч ийм  чиглэлтэй байсан, зах зээлийн эдийн засагтай нийгэмд шилжсэн үед ч энэ урсгал хадгалагдаад байгаа.
 
Хөдөөнөөс хотод ирээд нийслэлийн яг унаган иргэнтэй гэр бүл болоод амьдрал зохиож байгаа нь харьцангуй ховор шүү дээ. Гэр бүлээрээ л нийслэлд шилжиж ирдэг. Нийслэлд цус ойртолт арай бага, хөдөө орон нутаг руугаа илүү байгаа гэж шууд хэлэхэд хэцүү л дээ. 
 
-Цус ойртолт үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрчээ. Одоо бид яах ёстой вэ. Угийн бичгээ хөтөл гэж уриалж, хөдөө орон нутгаар явж сурталчилгаа, таниулга хийх ёстой юу? 
 
 
-Шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан зөв аргачлалаар гэрийн угийн бичгээ Монгол Улсын иргэн, өрх айл бүхэн өнөөдрөөс эхлэн яаралтай хөтөлж эхлээч ээ. Есөн үе гэхээр хүн бүр хоёр эмээ, хоёр өвөөтэй. Энэ дөрвөн баганаар дээшээгээ есөн үеэ бүтэн мэдэж байвал сая та цус ойртолтод өртөхгүй юм. Түүнээс аавынхаа аавын талаар ганцхан баганаар дээшээ есөн хүнийг нэрлэчихвэл есөн үеэ мэддэг болчихдоггүй юм.
 
Тийм учраас угийн бичгийн зөв аргачлалаар дээшээ мэдэх чинээтэй бичиж, доошоо үр хүүхдэдээ таслахгүй өвлүүлээд яваач ээ. Угийн бичиг хөтлөөд эхэлмэгц л нэг сар, жилийн дотор цус ойртолтоос бүрэн ангижирна гэж байхгүй. Өнөөдөр тэгж зузаарчихаад байгаа юм чинь тэр хэрээр их хугацаа шаардана. Угийн бичиг нь соёлын өв учраас соёлын мэргэжилтэн, байгууллагууд үүнд онцгой анхаарах ёстой байдаг.
 
Тэр ч утгаараа хөдөө орон нутаг, нийслэлийн дүүргүүдийн захиалгаар өнөөг хүртэл 40 гаруй сургалт зохион байгуулж, 30 гаруй телевиз, радио, сонин хэвлэлээр энэ сэдвийг ярьсан байна. БСШУЯ-аас өгсөн даалгавраар “Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар” /гарын авлага/-ыг миний багш шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Батсуурьтай хамтран 2008 онд гаргасан.
 
Энэ номд түүхэн уламжлалаас нь авахуулаад ямар төвшинд хүрсэн байгааг бүгдийг нарийн баталгаа нотолгоотой нь судалгаа шинжилгээний үр дүнд гаргаж тавьсан юм. Харж байгаад дагаад хөтөлж болох байдлаар оруулсан. Мөн хөдөө орон нутгаас бидний хэдэн эрдэмтдийг урьж лекц уншуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг л даа. Гэхдээ энэ нь маш удаашралтай байна. 
 
Угийн бичгийн хувьд бид үүргээ гүйцэтгээд БСШУЯ-нд хүлээлгээд өгчихсөн. Төр үүнийг бодлогоор хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх ажил удаашралтай байна. Харин айл өрх бүхэн угийн бичгээ яаралтай хөтлөөд цус ойртолт хүн амын дунд багассаар тодорхой хугацааны дараа үүнээс ангижрах боломж бий. 
 
Төрийн бодлогоор хүн амын нягтаршил сийрэг байгаа газрууд руугаа хүн амыг зохистой шилжүүлэн суурьшуулах хэрэгтэй байна. Хүн ам сийрэг болсон газруудыг үйлдвэржүүлэх, их, дээд сургуулиуд байгуулах, зам харгуй тавих, залуучууд хоорондоо уулзаж учрах тэр нөхцөлийг нь төрийн бодлогоор бүрдүүлж өгөөч ээ гэж хүсмээр байна. Угийн бичгийг хөтлөх асуудлыг бид хамтын хүчээр ард түмэндээ аль болох хурдан ойлгуулж хөтөлж эхлэх л арга хэмжээ авч чадвал том алхам болно. 
 
Ц.Заяа
Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин