sonin.mn
ШШГЕГ-ын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж буй эмнэлгийн эмч нар ээлжит сургалтаа хийсэн байна. Энэ удаагийн сургалтыг ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлгээс "Оношлогоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага" сэдвээр хийсэн юм.
 
Дээрх байгууллагад харьяалагддаг эмч нар жилдээ зургаа, сувилагч нар гурван кредит цагийн сургалтад хамрагдаж байж эрхээ авдаг, эрхээ хамгаалдаг юм байна. Долоо хоног үргэлжлээд өчигдөр өндөрлөсөн энэ сургалтад нийслэлийн болон аймгуудын хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны эмч нар оролцжээ. Нийтдээ 100 гаруй эмч сургалтад ирснээс Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн эмч нар ирж амжаагүй аж.
 
"Энэ удаагийн сургалт үнэгүй учир их ач холбогдолтой боллоо. Бид өмнө нь төлбөртэй сургалтад хамрагддаг байсан юм" гэж орон нутгаас ирсэн эмч нар ярьсан байна. Хорихын эмч нар энэ сургалтын үеэр "Манай эмнэлгүүдэд эрүүл хүн ирэх нь ховор. Ихэвчлэн архаг хууч өвчтэй, даралт ихэссэн, тархины гэмтэлтэй, ходоод гэдэсний өвчтэй хүн элбэг байдаг. Хөдөө орон нутгийн эмч бид орчин үеийн багаж хэрэгсэл, шинэ эм зүй, эмчилгээний дэвшилт аргуудаас суралцлаа" гэж сургалтынхаа чанарыг тодорхойлон ярьцгаажээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг