sonin.mn
МУЗН-ийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан тус нийгэмлэгээс Балбын ард түмэнд монголын ард түмэнд хэрхэн тусалсан аяны талаар мэдээлэл  өгөв.
 
Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэг /ОУУЗУХСН/-ийн холбооны мэдээлснээр Балбын газар хөдлөлтөд нийт 5.6 сая хүн нэрвэгдэж, 17.932 хүн гэмтэж бэртэн, 8.604 хүн амь насаа алджээ.
 
Тус улсад болсон газар хөдлөлтөд нэрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр 6.500 гаруй улаан загалмайн сайн дурын идэвхтэн ажиллаж байна.  ОУУЗУХСН-ээс 13мянган хүнд хүнсний бус ахуйн хэрэглээний тусламжийн бараа тарааж, 20 мянган хүнд ус, ариун цэврийн тусламж үзүүлжээ.
 
Цаашид гамшигт өртсөн 700 мянган хүнд  24 сарын турш хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд 85 сая швейцарь франк шаардлагатай байгаа бөгөөд ОУУЗУХСН энэхүү хандивын үйл ажиллагааг 189 гишүүн орны Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдээр дамжуулан идэвхтэй өрнүүлж байгаа аж.
 
Харин МУЗН энэ сарын 1-30-ныг хүртэл Балбын газар хөдлөлтөд өртөгсдөд туслах хандивын аяныг орон даяар өрнүүлжээ. Энэ аянд МУЗН-ийн дунд шатны хороод, дэмжигч байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс идэвхтэй оролцож нийт 40 сая 647 мянга 472 төгрөгийн  мөнгөн хандив цуглуулсан байна. Мөн хандивын аянд Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Чингэлтэй дүүргийн дунд шатны хороод идэвхтэй оролцсон бол ОБЕГ, Мал тариалангийн эрсдэл судлах төв, “Бимекс” ХК-ийн хамт олон дэмжин ажиллажээ.
 
Тус аяны хүрээнд Улсын филармоний Морин хуурын чуулгын уран бүтээлчидтэй хамтран хандивын тоглолт зохион байгуулжээ. 
 
Энэ үеэр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хандивын аянд идэвхтэй оролцсон байгууллага, хувь хүмүүст өргөмжлөл гардуулав. Тодруулбал, Балбад туслах аянд 3000 ам.доллар хандивласан Мал, тариалангийн эрсдлийг судлах төвд "Хүмүүнлэгийн үйлсийн манлайлагч", тус нийгэмлэгийн үйл ажиллагааг тууштай дэмжиж, хандив өгч ирсэн "Номин Холдингс" ХХК-д  "Хүмүүнлэгийн үйлсийн манлайлагч", МУЗН-ийн үйл ажиллагааг тууштай дэмжиж, хүүхэд залуусыг хүмүүнлэгийн үйлсэд уриалж ирсэн "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн болон МУЗН-ийн үйл ажиллагааг тууштай дэмжиж, хандив өгч ирсэн  "Итгэлт хүлэг" компанид "Хүмүүнлэгийн элч" өргөмжлөл тус тус гардуулав. Харин дуучин Х.Лхагвасүрэн орон нутагт явж байгаа учир энэхүү үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгээ урьдчилан мэдэгджээ. 
 
Түүнчлэн Балбын ард түмэнд тусалж хандив өргөсөн бүх байгууллага, хувь хүмүүсийн мэдээллийг МУЗН-ийн мэдээллийн санд байршуулан олон нийтэд хүргэх юм байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг