sonin.mn
Дэлхийн оюутны зуны 28 дугаар универсиад наадмын буудлагын тэмцээн БНСУ-ын Гванжу хотноо энэ сарын 05-ны өдөр эхлэх бөгөөд манай тамирчид бямба гарагт тус улсыг зорино.
 
Энэ наадамд “Рио-2016” зуны XXXI олимпийн наадмын эрхээ авсан ОУХМ Г.Нандинзаяа тэргүүтэй тамирчид онч мэргэнээ сорих юм. Универсиад наадамд оролцох баг тамирчдыг гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ Ж.Ганхуяг, БХТН-ийн дарга, дасгалжуулагч Б.Алтанцэцэг нар удирдана.
 
Тодруулбал, тус наадамд ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэл, Э.Даваахүү, ОУХМ О.Янжинлхам, спортын мастер М.Түвшинжаргал, Э.Бадамгарав тэргүүтэй 10 орчим тамирчид өрсөлдөнө.
 
Дашрамд сонирхуулахад, буудлагын тамирчдаас өмнө нь ОУХМ Ц.Мөнхзул 2007 онд Тайландын Бангкокт болсон универсиадаас мөнгөн медаль, 2001 онд БНХАУ-ын Шинжиньд болсон универсиадаас буудлагын эрэгтэй баг буюу ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэл, Д.Ганзориг нар мөнгөн медаль, 2013 онд ОХУ-ын Казаньд ОУХМ Г.Нандинзаяа мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг