sonin.mn
Монгол Италийн хамтарсан гала концерт энэ оны долоодугаар сарын 19-ны өдөр “La Cenerentola- Үнсгэлжин” ба Италийн дуурь-2015” нэртэйгээр тус улсын Ромын алдарт Формело хотод зохион байгуулагдах гэж байна.
 
Монгол Италийн хамтарсан дуурийн дуучдын Россинигийн “Үнсгэлжин” дуурийн Гала концерт 2015, 2016 төсөл зохион байгуулагдах юм. Төслийг Монгол гаралтай Италийн дуучин С.Аяна санаачилжээ.
 
Төслийн хүрээнд Монгол, Италийн өндөр зэрэглэлийн дуурийн дуучид оролцоно. Энэхүү төсөлд манай улсыг төлөөлж бассо хоолойтой Жаргалсайханы Чингис, баритон хоолойтой Эрдэнийн Очирсайхан, Франц улсад суралцаж буй Батбаярын Мягмарсүрэн, тенор хоолойтой Өлзийбүрэнгийн Цэрэнчунт гэх дөрвөн дуурийн дуучин хамрагдаж байгаа юм байна.
 
Харин Итали улсыг төлөөлөн төслийг санаачлагч С.Аяна, Испаний тенор дуучин Игнасио Приэто, сопрано Бруна Венчивэнга нар дуулах бөгөөд ОХУ-ын төгөлдөр хуурч концертмэйстер багш Викториа Кхалилова, Степен Лаурэнсийн удирдлага тоглох юм.
 
Энэхүү төсөл хоёр жилийн хугацаанд хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжинэ. Дуурийн эхний үеийг Итали театрын тайзнаа тавих бөгөөд үүнээс өмнө зуны хоёр удаагийн сургалт зохион байгуулах юм. 
 
-2015 онд хоёр долоо хоногийн сургалт
 
-2016 онд дэлхийн болон олон улсын хэмжээний өндөр чансаатай Итали дуучдын удирдлагын дор хичээллэх 1 сарын сургалт тус тус зохион байгуулагдана. 
Сургалтанд амжилттай суралцсан дуучин шат ахин дуурьт дуулах эрхээ авах юм. Төслийн хоёрдугаар үе буюу хамгийн хариуцлагатай үе шатанд сонгон шалгаруулсан дуучдынхаа дуурьт тоглох бэлтгэлийг сайтар хангахын тулд тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар төслийн санаачлагчид бэлдэж байгаа юм байна. 
 
Үе шатанд зохиогдох арга хэмжээнүүд:
 
- Россинигийн Үнсгэлжин дуурийг Италийн Ром хотын Монголын VIP үзэгчдэд толилуулах
 
- Midsummer Lyrics буюу “Зуны дунд сарын найраг” наадамд оролцон гала концертийг задгай театрт тоглох
 
- Үнсгэлжин дуурийг Монголын ДБЭТ-ын урын санд санал болгох зэрэг юм.
 
М.Ихэрбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг