sonin.mn
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. 
 
Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 51 агентлаг, харъяа газрууд  Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр, Туул голын дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг хийсэн.
 
Харин дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн цэвэрлэгээг хийсэн.
 
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудын 1398 ажилтан, албан хаагчид 3.3 тн буюу 1710 шуудай  хог хаягдал цуглуулж, ачуулсан. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Багахангай, Багануур зэрэг 8 дүүргээс их цэвэрлэгээнд 7161 аж ахуйн нэгжийн  32229 ажилчид, иргэд оролцож, 3684425 м2 талбайгаас 2285.5 тн хог хаягдлыг  цэвэрлэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.