sonin.mn
Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болголоо.
 
Наадмын дараа болдог орон нутгийн чанартай бэсрэг наадам, их, бага сунгаа, овоо тахилга, бүсийн уралдааны үед морь унаач хүүхэд бэртэж гэмтэх, амь насаа алдаж болзошгүй тул үүнд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. 
 
Үүнтэй холбогдуулан ерөнхий газраас хэд хэдэн заалт бүхий зөвлөмж гаргалаа. Тухайлбал морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих стандартад заасан хамгаалах хэрэгслээр хангахыг уяач, эздэд анхааруулж, санамж, стандартыг нь өгч байхыг зөвлөв.
 
Хамгаалах хэрэгсэл, хувцасгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг аймаг, нийслэл, дүүрэг, сумдын Морин спорт уяачдын холбоо, салбар хороод, баяр наадмын комисст урьдчилан анхаарууллаа.
 
Долоогоос дээш настай хүүхдээр хурдан морь унуулах, ослын даатгалд заавал хамруулсан байх, гарч болзошгүй эрдслийг хэрхэн зохицуулах, цалин, нийгмийн баталгааг нь хангах зэрэгт мэргэжлийн хяналтынхан хяналт тавина. Ингэхдээ тухайн орон нутгийнхаа хүүхдийн байгууллагын ажилтнууд, Үйлдвэрчний эвлэлийн хороодын хөдөлмөрийн хяналтын байцаагч нартай хамтран ажиллах юм.
 
МХЕГ-аас гаргасан энэ зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс учирсан зөрчил, дутагдал, эрсдлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс, уяач, морины эзэд, хүүхдийн эцэг, эх хариуцах ётойг анхааруулж байна. 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг