sonin.mn
СӨҮЛ. /UPI/. Умард Солонгосын дүрвэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгааг Өмнөд Солонгосын Засгийн газрын гаргасан судалгаа харууллаа. Энэ жил Умард Солонгосоос дүрвэж, Өмнөд Солонгосоос орогнол хүссэн 535 хүний 444 нь эмэгтэй байсан болохыг БНСУ-ын Нэгдлийн яамнаас гаргасан урьдчилсан судалгаа харуулж байна гэж тус улсын “Yonhap” агентлаг мэдээлэв.
 
Өмнөд Солонгосын “Хангере” сонинд мэдээлснээр, Умард Солонгосын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил тийм ч их хатуу хяналтад байдаггүй аж. Умард Солонгосын төрийн албан хаагчдын дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг бөгөөд ажлын байрандаа удаан хугацаагаар байхгүй тохиолдолд тэднийг мөрдөн шалгаж эхэлдэг байна.
 
Мөн эрчүүдийг улсаасаа оргон зугтахыг багасгах системийг Умард Солонгос баримталдаг бол эмэгтэйчүүд гэрийн эзэгтэй болсон тохиолдолд илүү эрх чөлөөтэй болдог ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг