sonin.mn
Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй дэд хурандаа Д.Мөнхбат захирагчтай цэргийн хамгаалалтын ротын I ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн Тулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлжээ.
 
Бие бүрэлдэхүүн Төрийн далбааны өдрийн ёслолын жагсаал, хурдан морьдын уралдааны шууд дамжуулалтыг телевизээр үзэж,  баазын хэмжээнд 5 км-ийн гүйлтийн тэмцээн зохион байгуулсан аж.
 
Гүйлтэд цэргийн багаас 20 тамирчин, бусад орны 13 тамирчин оролцож эхний 3 байр эзэлсэн тамирчдыг мөнгөн шагналаар шагнаж, гадаадын цэргийн багийн эхний 3 байранд орсон тамирчдыг дурсгалын зүйлээр шагнажээ. Мөн тэмцээнд оролцсон бусад орны тамирчдад дурсгалын зүйл гардуулав.
 
Цэргийн багийн бүрэлдэхүүнд “НАТО-гийн медаль” гардуулах ёслолын ажиллагааг зохион явуулахад, Кабулын аюулгүй байдлыг хангах томилгоот хүчний командлагч Англи улсын бригадын генерал Веелэр, тус хүчний орлогч дарга Жексон, Английн томилгоот хүчний захирагч дэд хурандаа Биддик нар “НАТО-гийн медаль” гардуулах ёслолын ажиллагаанд оролцжээ.
 
Ёслолын ажиллагааны дараагаар үндэсний их баяр наадмыг сурталчлах зорилгоор үндэсний сурын болон үндэсний шагайн үзүүлэх харваа, үндэсний бөхийн үзүүлэх барилдааныг эвслийн цэргийн бүрэлдэхүүнд сонирхуулсан байна.  Мөн хурдан морь, шагайн харваа, сурын харваа, бөхийн барилдааны талаарх зурагт самбаруудыг хийж сурталчилжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг