sonin.mn
Энэ оны 8 дугаар сард зохион байгуулагдах Бүх Хятадын урлагийн сургууль төгсөгчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэнд Цинхуа Их сургуулийг керамик дизайны салбарыг төгссөн шинэхэн уран бүтээлч Отгонбаяр овогтой Онон “Үсгэн мэдрэмж” бүтээлээрээ оролцохоор болжээ.
 
2015 оны 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Цинхуа их сургуулийн урлагийн салбар төгсөгчдийн уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдсан юм.
 
182 оюутны 300 гаруй уран бүтээл тавигдсан тус үзэсгэлэнгээс оюутан О.Ононгийн нэртэй Монгол нутгийн чулууны байгалийн өнгө, монгол бичигийн уран хэлбэрээр монгол нутгийн эртний эдлэлийг харуулахыг зорьсон “Үсгэн мэдрэмж” бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ авч Бүх Хятадын урлагийн сургууль төгсөгчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэнд оролцох урилга авлаа.
 
БНХАУ-ын Цинхуа их сургуулийг керамик дизайн буюу шавар, ваар судлалын чиглэлээр Монгол Улсаас анхны төгсөгч Онон тус сургуулийг баклавраар төгсч буй манай улсын 3 дахь төгсөгч юм байна. Дэлхийд нэртэй сургуулийг ховор салбараар амжилттай төгсөн уран бүтээлийн гараагаа эхэлж буй залуу уран бүтээлч О.Онон ярихдаа, Монгол Улсад шавар ваар эдлэлийн эртний түүх соёл бий, түүнийг Монголдоо хөгжүүлэх зорилготой хэмээн ярьсан юм.
 
100 гаруй жилийн түүхтэй БНХАУ-ын тэргүүлэх Цинхуа их сургууль Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад тэргүүлэх байр суурийг эзэлдэг юм.
 
Бээжин хот Д.Энхчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг