sonin.mn
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз тува ардын “Хийморь” наадам болон Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 90 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож Рамадан сарын баярыг тэмдэглэхээр энэ сарын 16-18-ны өдрүүдэд Баян-Өлгий болон Ховд аймагт айлчиллаа.
 
Элчин сайд Карагөз Цэнгэл хайрхан уулын бэл “Хонин толгойн ам” хэмээх газарт зохион байгуулсан Тува ардын “Хийморь” наадамд хүндэт зочноор оролцож хурдан морь, сур харваа, хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн оролцогчдод бай шагнал гардуулав.
 
Элчин сайд Карагөз наадамчдад зориулж хэлсэн үгэндээ тува ард иргэд болон тэдний онцлогт баяр наадам нь Монгол Улсын соёлын өв баялгийн салшгүй нэгээхэн хэсэг мөн болохыг дурдаад турк хэл болон тува хэлэнд олон ижил төстэй зүйл байдаг бөгөөд Турк Улс нь энэ чиглэлээр хийх эрдэм шинжилгээний ажлуудыг дэмжих бололцоотойг онцолжээ.
 
Элчин сайд Карагөз Рамадан сарын баярын эхний өдөр Өлгий хотноо баярын мөргөлд оролцож мусульман шашинт казак иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлж Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзсан байна.
 
Элчин сайд Карагөз энэ сарын 17-ны өдөр Өлгий хотоос Ховд аймагт хүрэлцэн очиж Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн хүндэтгэлийн оройн зоогт оролцож маргааш нь Нутгийн удирдлагын ордонд орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүд болон хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзалт хийв.
 
Элчин сайд Карагөз Ховд аймагт ажиллах хугацаандаа нутгийн театр болон Буянт суманд айлчилсан. Тэрээр айлчлалыхаа үеэр Ховд аймгийг дэд бүтцийн хөгжил, бүсийн авто тээврийн төв, үржил шимт газар, олон ястны өлгий нутаг гэдгээрээ баруун бүсийн хөгжлийн төв болж чадсаныг дурдаад цаашид тус аймгийн Турк Улстай хийх хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлэх арга хэмжээг авна гэдгээ илэрхийлэв.
 
Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан тус аймагт Туркийн Элчин сайд  анх удаагаа айлчлал хийж байгаад таатай байгаагаа илэрхийлээд хоёр улсын ойрын хамтын ажиллагааны механизмуудыг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж Турк Улсын нэг мужтай ах дүүгийн харилцаа тогтоох санал тавьсан байна.
 
Уулзалтын үеэр талууд газар тариалан, мал аж ахуй, барилга, арьс шир, боловсрол болон аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх боломжтой хамтын ажиллагааны төслүүд дээр харилцан санал солилцжээ.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг