sonin.mn
“Язгуур шүтлэг ба байгаль, соёлын экологийн асуудал” сэдэвт Азийн олон улсын XVI их хурал Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.  Хоёр өдөр үргэлжилсэн тус хурлыг “Азийн олон улсын зан үйлийн нийгэмлэг”, Монгол Улсын ШУА хамтран зохион байгуулав.
 
Эл хурлыг ШУА-ийн жинхэнэ гишүүн, нэрт судлаач эрдэмтэн, монгол аман зохиол судлаач Хорлоогийн Сампилдэндэвийн мэндэлсний 70 жилийн ойд зориулан зохион байгуулжээ. Тэрбээр 2002 онд манай оронд болсон “Тариалангийн соёл ба Нүүдлийн соёл” сэдэвт тус нийгэмлэгийн V их хурлыг удирдан явуулж байжээ.
 
Энэ удаагийн хуралд БНХАУ, БНСУ зэрэг орны 10 гаруй эрдэмтэн ирж оролцон 40 гаруй илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Мөн энэ үеэр Дорно дахины язгуур урлаг, байгаль орчны хамгааллын талаарх судалгаа шинжилгээний ном, зохиолын үзэсгэлэнг дэлгэн тавьжээ.
 
Дашрамд дурдахад, Ази үндэстний байгаль орчноо хамгаалах ёс заншил, тэдний өвөрмөц зан үйлийг таниулан сурталчлах зорилготой “Азийн олон улсын зан үйлийн нийгэмлэг” нь долоон гишүүн оронтой аж. Эдгээр орнууд ээлжээр хурлаа зохион байгуулдаг юм байна.
 
Б.Мягмарсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг