sonin.mn
"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран “Дээлтэй Монгол - 2015” наадмыг 9 дахь жилдээ Чингисийн талбайд зохион байгуулсан билээ.
 
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадамд Улаанбаатар хотын есөн дүүргийн оршин суугчдаас гадна гадаадын иргэд үндэсний дээл хувцсаар гоёж оролцсон юм.
 
Уг наадамд нийслэлийн зургаан дүүрэг, найман байгууллагын хамт олон парад алхаж, Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж, үндэсний хувцасны загварын үзүүлбэрийг танилцуулсан.
 
“Дээлтэй Монгол - 2015” наадамд "Шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүрэг", "Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага", "Үндэсний хувцастай шилдэг хос", "Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч" -ийг тус тус шалгаруулж, гарын бэлэг гардуулсан аж.
 
Уг наадамд идэвхитэй, шилдэг дүүргээр Сүхбаатар, зохион байгуулалттай оролцсон шилдэг аж ахуйн нэгжээр Монос Групп шалгарсан юм. Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Групп "Дээлтэй Монгол" наадамд цаашид уламжлал болгон оролцох ажээ.