sonin.mn
Эхлэл
 
Чингис Хааны байгуулсан Их Монгол Улс “Хас Төр”-тэй байсныг түүхийн сурвалжууд харуулдаг. Хас ордон, хас хууль, хас их зарлиг, хас тулга, хас дөрөө, хас их туг гэх мэтээр бүх юм нь хас тодотголтой. Хаган Чингис хас өлгийд өсөж өндийсөн гэж Ванчинбалын Инжинашийн “Хөх судар”-ын тэргүүн дэвтэрт(х-123.УБ.2006) тэмдэглээстэй бий. Үүнийг би “чулуун өлгий” гэж бодохгүй байна. 
 
Хэл бичгийн нэрт эрдэмтэн агсан Х.Сампилдэндэвийн цуглуулсан бүүвэйн дууны түүвэрт “хас энхрий” байсныг үзээд хачин их гайхлаа. Гэхдээ түүхэнд Их Монгол Улсын “Хас-Төр”-өөс хамгийн ихээр алдаршсан зүйл нь Чингисийн хасбуу тамга юм. Нууц нь шууд тайлагдаагүй байгаа судлагдахуун. XX зууны Монголын социалист түүх бидэнд ганцхан концепцийг тулгаж байсан. Өөрөөр сэтгэхийг зөвшөөрдөггүй үзэл сурталтай он цагуудын онцлог. 
 
Хасбуу гэдэг нь Чингисийн төрийн тамгыг хийсэн материалын хятад нэр. Хаш чулуугаар хийгдсэн гэж үзсэн юм. Хятадын хаад “Үu Вао” гэдэг тамгатай байсан. Үүнийг нь монголоор “хаш-эрдэнэ” гэж орчуулна. “Үu”гэдэг нь монголчуудын хас-хаш гэсэн үг. “Вао” гэдэг хятад үгийг Чингис хаан “буу” гэж хазгай муруй дуудан монголжуулсан хэмээн үзэж байгаа нь илт байдаг. 
 
Манай улсын шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн толгой эрдэмтэдийн судалгаа ийм тайлбар-тайлалтай байгаа. Чингисийн хасбуу буюу хас-эрдэнэ (хаш-эрдэнэ тамга) гэсэн дүгнэлтээс нь тов тодорхой харагдана.(Д.Гонгор. Халх товчоон).Тамга бол хаан сэнтийд залрах эрхийн баталгаа юм. Хасбуу тамгаа ханцуйлаад зугтсан тухай Тогоонтөмөр хааны “гэмшилд” гардаг. Өнөөдөр ч энэ уламжлал тасраагүй байгаа. 
 
Бүр нов ногоон өнгийн хаш тамга байсан гэж Оросын зарим судлаачид бичдэг байсан. ЗХУ-ын үед гарсан В.Г.Яны ”Чингизхан-Батый” романд хааны тамгыг Барсын бариултай хаш чулуун тамга байсан (Печать кагана была нефритовая фигурка тигра). гэж-бичжээ. Хажууд нь сууж байгаад харсан юм шиг дүрслээд байгаа юм. 
 
Өвөр Монголын зохиолч-судлаач агсан Р.Сайшаал “Чингис хааны товчоон” номондоо Луу ороосон бариултай цав цагаан хас-хаш чулуун тамга байсан гэж бичсэн. Аль ч хувилбарыг нь батлах биет баримт өнөө хэр гарч ирсэнгүй. Чингисийн төрийн тамга хас-хаш чулуугаар хийгдсэн гэдгийн нотолгоо олдоогүй байна. Олдож эхэлсэн археологийн зарим олдворууд нь хаш чулуун тамга байсан гэдэг хувилбарыг шууд үгүйсгэсэн мэдээлэл өгч эхэлсэн 
 
Жишээлбэл: “Хас тамга” гэсэн худам монгол бичигтэй металл төмрөөр хийсэн тамга Өвөр Монголын нутгаас олдсон. Чингис хааны III охин Алагабэхийн тамга гэдгийг Хятадын эрдэмтэд тогтоожээ. “Төр захирагч Гүнж” гэдгийг нь ханзаар эвхэн бичсэн тодотголтой. Металлаар хийсэн XIII ба XIV зууны үеийн алтан урагтны төрийн тамганаас олдсон цорын ганц биет олдвор юм. 
 
Тэгсэн мөртлөө хас гэсэн үг худам монголоор бичигдсэн. Хас гэсэн бичээс тамгыг хийсэн материалын нэр биш гэдэг нь эндээс яруу тодоор ялгарч харагддаг. Харин хас тэмдэг нь өөрөө ямар эргэлттэй болохыг илэрхий нууцалсаныг хуучин монголоор сийлсэн бичээс харуулна. Нууц биш байсан бол шууд л зураад харуулчихна. Хэцүү хүнд бэрхшээлтэй дүрсэлгээгүй учраас.
 
Польшийн эрдэмтэн-зохиолч Фердинанд Оссендовскийн “Веаts Men and Gods” номын орос орчуулгад монголыг нууцлагдсан хас тэмдэгний эх орон гэж зарласан нь энэ тохиолдолд батлагдаж байна. (Родина тайнственного знака свастики. Это и тоже Монголия.) Тэгэхээр хасбуу гэдгийн нууц нь монгол тайлбартайгаар тайлагдсан байх ёстойг харуулаад байгаа юм. 
 
Тамганы нууцыг тайлсан судалгааны өгүүлэлээ 2004 оны 6 дугаар сарын 3-ны өдөр "Улаанбаатар Таймс" сонины № 112-т гаргаж дэлхий дахинд мэдээлсэн. "Тэнгэрээс соёрхсон хасбуу тамга" гэсэн гарчигтайгаар. Эрдэм шинжилгээний өгүүлэлүүдээ би 2011 онд эмхэтгэн гаргасан. "Хас их сүлдэн” нэртэйгээр. Дээрх өгүүллийг энэ номноос олж уншаарай.
 
Хасбуугийн тайлал
 
Хасбуу гэдэг худам монголоор бичсэн үг нь хас + буу гэсэн хоёр нэр үгийн нийлэмж. Хоёулаа нэр үг. Хуучин монгол бичгээр зөвхөн галт зэвсгийн тухай “буу” гэдэг нэрийг хоёр урт “уу” эгшигтэйгээр шууд бичдэг. Харин үйлдэл заасан үг болох “буу” гэхийг худам бичгээр багу, “суу” гэхийг сагу, “нуу” гэхийг нигу, “боо” гэхийг богу, “хас” гэхийг хасу гэх мэтээр бичдэг дүрэмтэй. 
 
Тамганы нэрийн хоёр нийлэмж үг нь нэр үг байсан уу, эсвэл захирах тушаах үйл үг үү гэдгийг энд тодруулж өглөө. “Алтан ордны бага өчиг” сударт хасбуу тамгаа ханцуйлан яваа Чингис хаан харь дайсныг хиаруулан сөхрүүлж байсныг харуулдаг. Хангайг хажин хэрж, Алтайг арлан явж ан гөрөө хийж явахдаа ч Чингис хаан хасбуу тамгаа ханцуйлан явсан тухай өгүүлэмж өөр сурвалжаас гарч ирдэг. 
 
Эндээс тамга маань буу зэвсэг шиг хүчтэй зүйл байж гэсэн сэтгэгдэл танд төрж магадгүй. Би бараг тийм гэж хэлнэ. Тэнгэрийн язгуур биендээ шингээсэн гэх санаа тэндээс нь ямагт цухалзаж байдаг юм. Жишээлбэл: Хутагт чадлыг биендээ оршуулсан Чингис хаан гээд магтаад байгаа юм тэр сударт. Оршуулсан гэдэг нь биендээ оруулсан гэсэн үг. Биенд шигдэж ордог бол тамганд ч шившигдэнэ. Чингисийн хас тамганд хүч оруулаад байгаа буу гэдэг үг ямар утгатай вэ. Толь зүйд товч тодорхойгоор өгүүлсэн шинжлэх ухаанч 3 тайлбарыг харъя.
 
I.   Шившлэг бичсэн сахиус, шүтээн. 
 
II.  Буу зэвсэг.
 
III. "Буу" гэсэн үйлдүүлэх үг.
 
Гуравдугаар хувилбар нь тамганы уланд тарнидаж буулгасан гэсэн санааг шууд илтгэнэ. Тэнгэрийн хүч буулгасан гэснийг "побудительное слово” буюу үйлдүүлэх үг гэж тайлбарлажээ.
 
Хоёрдугаар хувилбар нь буу зэвсэг шиг хүчтэйгээр, хурдан үйлчилдэг тэнгэрийн тамга гэсэн байна. 
 
Нэгдүгээр хувилбар нь Бурхны үгээр аравнайлсан амилуулсан гэсэн санааг харуулна. 
 
Хасбуу тамганы түүхийн биет олдвор одоогоор ил гарч ирээгүй. Гэхдээ баримжаа авч болох баримт бидэнд бас үлдсэн. Гүег их хааны үед дипломат бичигт дарагдсан монгол тамганы дардас Ватиканы нууц архиваас гарч ирсэн. Үүнийг бид хасбуу тамганы дардас мөн гэж үздэг. Өнгөрсөн түүх мөн ингэж үзсээр ирсэн. Үүнийг үгүйсгэх хандлага одоогоор боломжгүй. 
 
Энэ тамганы эхний мөрөнд “Мөнх Тэнгэрийн хүчин дор” гэсэн МОНГОЛ БУРХАНЫ үг бий. Хас тамганд буулгасан шившилгийг “буу” хэмээн энгийнээр ойлгоцгооё. Буу гэдэг нь хас тамганы менталь бие юм. Тэр нь язгуур гэдэг нэгэн загал субстанци. “Хас эрдэнэ мэт хүүр”-ийг чинь хатан Бөртө-Үжинд чинь хүргэе гэж хожмын Нууц Товчоонд гардаг.
 
Энэ харамслын өгүүлэмж бол хасан тэргэнд ачуулсан Чингисийн цогцосыг нэг муу өнгөлгөөний чулуутай адилтгасан амны алдас лавтайяа биш гэдэг нь баталгаа шаардахгүй үнэн юм. Хас тамганы нууцын зэрэглэлтэй тайлалаас гэдэг нь надад харагдсан. Эцсийн гаргалгыг эндээс шүүн тунгаасу. Орос хэлэнд онгод тэнгэрийн хүчээр бус өөрийнхөө толгой тархины чадлыг ажил амьдралынхаа туршлага, хуримтлуулсан мэдлэгтэйгээ холбон тунгааж гаргасан дүгнэлтийг “умозаключение” гэж нэрлэдэг. 
 
Энд дэвшүүлсэн гаргалгаа бол өөрийнхөө тархиар ухаарч тунгаасан анализ. Хүсвэл миний “умозаключение”. Тиймээс надад алдах боломж нь бас нигууртай. Тэнгэрийн язгууртай шууд холбогдохгүй учраас. Элдэв төрлийн увидастай болоод эхэлбэл харин Энхпүрэвт алдах эрх ерөөсөө байхгүй болно. Тавигдах шалгуур нь ямагт ийм байсан. 
 
Чингис хааны хасбуу тамга ямар ч материалаар хийгдсэн байж болно. Чулуугаар, металлаар, модоор гэх мэт. Буу шиг хүчтэй дээр тэнгэрийн зарлиг зөвхөн хасбуу болон хувирдаг агуу их нууцыг алтан урагийнхан олж нээжээ. Хасбуугийн нууц нь хас бэлгэдэл зүйн (swastikologia) гүн нууц мэдлэг юмаа.
 
Хасбугийн хатуурхал 
 
Чингисийн тамганы хасбуу нэрийн нууцыг тайллаа. Тамганы материалын нэр гэж үзсэн өмнөх үеийн түүх маань ташаарал байж. Чингис хаан ямар юмны, юуны хүч ивээлээр дэлхийг донсолгон гарч ирэв гэдэг нь тамганы нэрийн тайлалаас харагдана. Хас тамганы түүх манайд дардан шулуун байгаагүй. Дагнан судалдаг мэргэжлийн судлаач урьд нь бэлтгэгдсэнгүй. 
 
Цаг үе нь ч үүнийг зөвшөөрхөөргүй хатуу чанга үзэл сурталтай байсан. Хааяа нэг хавсрага маягаар хаш тамганы нэр дурдаастай. Хасбуу судлаад миний өмнө гарч ирсэн нэгэн хатуу давааг хэрхэн даван туулсанаа хэлье. Угсаатны зүйн эх сурвалжаар байнга гарч ирдэг Чингисийн тамганы нэр урт “уу” эгшиггүйгээр “хасбу” хэмээн тааралдаж эхэлсэнийг яаж тайлж тайлбарлах вэ гэдэг бодит бэрхшээл надад тулгарсан. 
 
Бодоод бодоод юу ч олсонгүй. Урт эгшигтэй “буу” биш учраас богино эгшигтэй “хасбу” ямар тайлалтай вэ гэдэгт баримт нотолгоотой хариултыг батлан харуулах судалгааны ажил үлдсэн юм. Эцэст нь шинжлэх ухаанд цэг тавигчдын жагсаалтад бичүүлж тавлуулах л үлдлээ дээ гэж бодогдож эхэлсэн. 
 
“Тэнгэрээс соёрхсон хасбуу тамга”-ыг тайлчихлаа, нээчихлээ гээд бичээд байсан. Тэгвэл ганц “у”-тай “хасбу” нь хаанаас соёрхсон хэрэг вэ? Газраас биш биз гэж хатуугаар ёжлох хүмүүс бэлэн байгаа. Гэхдээ хариулт нь надад олдсон. Монгол угсаатны аялгуу, хэл ярианы онцлог, дуудлагад байгааг нотолсон баталгааг шууд олсон юм. Гудамжны номын худалдаанаас хэрэгтэй толь бичиг нь миний гарт ороод ирсэн. “Буу” гэдгийг тайлбарласан тайлалтайгаа. 
 
Анхны дэлгэлтээр надад хэрэгтэй хуудас санамсаргүй олдсон. Архимедийн алдарт үг сэтгэлд шууд бууж ирдэг юм билээ. Би “эврика” боллоо гэж гадаа гудамжинд өөрийн эрхгүй чанга, чанга хашгирсан. “Хасбу” гэдгийн тайлалыг олсондоо баярласан хэрэг. Би эрдэггүй, олдог гэсэн Пикассогийн афоризм надад тохиолдсонд ихэд бэлгэшээсэн. Үр дүнг нь харцгаая.
 
Буу-халхаар
 
Буу-буриадаар
 
Боо-тувагаар
 
Бу-халимагаар
 
Ружьё-оросоор
 
Мылтык-казакаар
 
Silah-түркээр
 
Gun-англиар
 
Хатан эхийн ерөөлөөр хасбу тамгаа барин жаргах тухай “Бэрийн ерөөлд” гарч байна. Нэрт угсаатны зүйч С.Бадамхатан агсны судалгааны эмхэтгэлээс үз. Угсаатны зүйн угшилтай “хасбу” гэсэн нэр энд гарч ирж байгааг бид харлаа. Халх-монгол тайлалтайгаа хариу нь таарах эсэхийг нягтлан шалгах л үлдлээ. “Хальмг-Орос толь бичигт” хариулт нь бэлэн хүлээгээд байж байна. 
 
1977 онд Москвад хэвлэгдсэн толь зүй. Коммунист хатуу цензуртай үеийн баталгаатай мэдээлэл. Чансаатай тайлбар-тайлал. Халхын “буу” гэдэг үг хальмигийн “бу” юм байна. Ойрдуудын ондоошсон дуудлага нь “хасбу” болжээ. Угсаатны зүйн судлагдахуунд утгын зөрчил гарсангүй. Халхад ч хальмигт ч хасбуу тамганы нэр нэг философтой ажээ.
 
Хасбуугийн сонголт
 
Урлаг судаалын доктор, дэд профессор С.Бадралын “Монголчууд дүрс зургийг дом, тарни, шившлэг болгож ирсэн уламжлал” товхимолд буу, саяг, зүү нэрт маш олон монгол бичгийн тарнитай сахиуснуудыг үзүүлжээ. Төрийн шагналт, доктор, профессор Лодонгийн Түдэв “Монгол дохио” номондоо “буу” нэрт дүрсээр чоно, нохойг галт зэвсгээр буудсан мэт холын зайнаас холдуулж чаддаг чадвартай “амулет” байдаг гэж бичсэн. 
 
Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Жүмпэрэлийн Саруулбуянгийн 1997 оны “ДАЛ” сонины № 16-д бичсэн өгүүллээс монгол тарнийн шидэт дүрс “саяг” нэртэй талисман гэж байдгийг мэдэж авав. Чингис хаанд тэнгэрийн тамгаа хас зүү, хас саяг, хас бирга, хас соёмбо, хас шившилгэ гэж нэрлэх боломж бас байсан. 
 
Гэтэл зөвхөн хасбуу гэдгийг сонгосон байгаа юм. Маш зөв оноосон нэр. Мөнхтэнгэрийн хүч бол буу, зэвсэг шиг чадалтай. Гэхдээ аюултай зүйл учраас айж биширч яваарай гэж хасбуу тамганы дардаст сануулсан бичээс бий. Буу зэвсэг буруу хүний гарт орвол ямар аюултайг ухаан суусан хүмүүс ухаарч сайн мэддэг. 
 
Жишээлбэл: “Цөмийн зэвсэг” гэдэг бууг тийм улсад, ийм үндэстэнд хэрэглүүлэхийг хэрхэвч үл зөвшөөрнө гэсэн хэрүүл, маргаан олон улсын тавцанд огтоос тасрахгүй байна, өнөөдөр. Үр дагавар нь үнсэн товрого болгож магадгүй гэсэн онош. Мөнхтэнгэрч бидний мэдвэл зохихуйг цаанаас нь тааруулж байдаг нь надад мэдрэгддэг.  Энэ цаг үеийнхэнд ийм л хэмжээний юмыг мэдүүлнэ гэсэн долгионы тохируулга.
 
Хасын зам 
 
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Дашдоржийн Нацагдоржтой нэгэн үед ардын хувьсгалд хамтран зүтгэж явсан “Улсын алдарт гавьяат уран зохиолч” Сономбалжирын Буяннэмэхийг “Монгол Интернациональ”,  дуугаар нь хожмын хас судлаач бид нар сайн мэднэ. Энэ дууны бадганд коммунист интернациональ улаан хувьсгал болон хувиран орж ирэхэд монголчууд хасаар зам гаргасан гэсэн түүхэн үнэний өгүүлэмж бий.
 
Энэ замыг хасын зэвсэг эрдэнийн сэлмээр хийж, хамаг хоцрогдлоо арилгасан тухай эцсийн бадганд ил тодоор шигтгэжээ. Гадаадын большевик үзэл суртал хүч түрэн орж ирэхэд түүнийг ялан дийлэх хамгийн хүчрхэг зүйлээ монголчууд автоматаар сөргүүлэн тавьж байгаа юм. 
 
Төрийн шагналт, нэрт академич агсан Бямбын Ринчин гуай Н.В.Гоголийн "Тарас Бульба" зохиолыг орос хэлнээс орчуулахдаа “урт хасын аян замд...” гэдэг утга буулгах зохиомж өөрөө бодож олсон байдаг. Өнө эртний уламжлалтай ийм өвөрмөц монгол хэллэг өмнө нь байсан байх гэж бодогдоно. “Дээд арьстаны” ноёрхол номлогч Германы III Рейх хасыг нацизмын эмблем болгосон. 
 
Энэ нь аричуудыг дандаа ялалж байх давуу эрхийг еврейчүүдэд олгосон юм. Гэвч Чингисийн хас тамганы дэлгэрэлтэнд ердөө ч нөлөөлж чадахгүй. Ардын хувьсгалын гаргасан алтан хас зам ахин сэргэж байна. XX зуунд зэрлэг өвсөнд хучуулж битүүрсэн монгол хас замыг “асфальтан зам” болгох бүр “хурдны зам” болгон дараа үедээ хүлээлгэж өгөхөөр бидний хэдэн судлаачид хичээж байгаа.
 
Төгсгөл
 
Чингис хааны тамганы нэр ямар агуулгатай байв. Товчоор хэлье. Эгэл бус тамга гэж ойлго. “Мөнх Тэнгэрийн хүчтэй” гэсэн идеалист-философийн утга бэлгэдэл шингээстэй. Хасбуу гэдгийг хааны тамгыг хийсэн материалын нэр гэж хадуурах явдал XX зууны турш үргэлжилсэн. Санаатай, санамсаргүй гаргасан түүхийн гажуудал. Зориудын гэх тодотгол нь зонхилох байх гэж өнөөдөр бодогдоно. 
 
Дэлхийн Чингис судлалын чухал асуудлын нэг “Чингисийн хас тамга” судаал судалгааны шинэ түвшинд гарч ирлээ. Бас энэ салбарт би шинэ нээлт хийлээ. Алдаа, оноог маань хэлээд өгөх аналитикууд олдох нь эргэлзээгүй. Тамганы нэрийн тайлал өөрөө том нээлт биш гэж үзэж магадгүй. Асуудал том, жижигтээ биш Дэлхийн улс байгуулах хэмжээний тэнгэрийн хүч өгдөг тамга гэдгээр нь хүлээж аваарай. 
 
Манай гаригийн нэр хүндтэй байгууллага болох ЮНЕСКО-гоос Чингис хааныг хүн төрөлхтөний сүүлийн мянган жилийг манлайлсан хүнээр тодруулсан. Чингис хааны оюун ухааны итгэлцүүрийн доод хязгаарыг IQ-204 , гэж тогтоосныг Монголын Ирээдүй судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор, профессор Цэрэнгийн Дэмбэрэл манай улсын өдөр тутмын зонхилох хэвлэл, мэдээллээр албан ёсоор зарлуулсан. 
 
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээлэл. Тэр нь “Агуу их суут ухаантан” гэсэн ангилалын бүртгэл юм байна. Ийм хүний төрийн тамга ямар философтой байсан байж болох вэ? Энгийн ярианд “элгэн чулуу”, мэргэжлийн хэлэндээ өнгөлгөөний чулуу(облицовочный камень) гэгддэг хасаар Чингисийн тамга хийгдсэн гэдэг өнгөрсөн түүхийн таамагт акцент өгөх явдал өнөөдөр ач холбогдолгүй болсон. 
 
Тамганы нэр анхнаасаа материалдаа зориулагдаагүй гэдгийг олж харсан миний өнцөг маань зөв байж. Чингисийн идеалист хийсвэр сэтгэлгээний философдоо байгаа юм.
 
Үнэ цэнтэй материалаар хийсэн байх ёстой гэдэгт нь үндсэн материалист ташаарлын учиг. Надад ч ингэж бодох үе байсан. “Хасбуу” гэдэг далд ухааны нэршилдээ тамганы нууц нь байгаа. Үндсэн нотолгоог “Чингисийн хасбуу тамга” судалгааны ажлаараа харуулна.
 
Одоо “Монгол хасын концепци” номоо гаргахаар бэлдэж байна.
 
Хасзүйч М.Энхпүрэв