sonin.mn
Монгол цэргийн музейн үзэсгэлэн дахин арвижсан байна. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Найрсаг Улаанбаатар хот”, “Ногоон Улаанбаатар хот” төслийн хүрээнд Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ойг тохиолдуулан гадаад, дотоодын аялагч жуулчдад Монгол цэргийн түүх, Монгол ёс заншил, өв уламжлалыг сурталчилах зорилготой үзэсгэлэн нээжээ. Тодруулбал,  "Сансар хобби" клубтэй хамтран марк болон медалийн “Их хаад, эх түүхээрээ бахархая” сэдэвт үзэсгэлэнг Монгол цэргийн музей үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн мягмар гаригт нээсэн юм.
 
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, БХИС-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ө.Батмөнх, ЗХЖШ-ын ЕЗЦК-ын тэргүүн ахлагч С.Одонбаяр, "Сансар хобби" клубын тэргүүн Б.Алтангэрэл болон сонирхогч иргэд оролцсон байна. Тэд Монгол цэргийн музейн үзүүллэгийн танхимуудаар аялан, музейн удирдлага хамт олны шинээр санаачлан хийж бүтээсэн ажил үйлстэй танилцаж сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байжээ. Үзэсгэлэн ирэх сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.