sonin.mn
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Хүй долоон худагт тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй эл наадмын талаар өнөөдөр мэдээлэл хийв.
 
Бат оршил өргөх Даншиг наадам ирэх сарын 8, 9-нд Хүй долоон худагт болно. Наадамд 256 хүчит бөхийн барилдаан, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох юм. Мөн аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлах аж.
 
 Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдана. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцлов.
 
 Дашчойлон хийдийн Тэргүүн хамба Ч.Дамбажав хэлэхдээ, “Ирэх сарын 8-нд Хүй долоо худагт Хүрээ цам гарна. Мөн 8-ны өглөө Чингисийн талбайд нийслэлийн иргэдийн төлөө 1000 лам ном уншина. Ардчилал сэргэж хөгжөөд 25 жил болж байна. Энэ хугацаанд шашны мартагдсан зан үйлүүд сэргэж, төр засгаас ч дэмжлэг үзүүлж байгааг сүсэгтэн олон өндрөөр үнэлж байдаг.
 
Бат оршил гэдэг нь хуучин Богдод өргөж байсан заншил юм. Одоо бид заавал нэг хүний төлөө биш хотол олноороо жаргал цэнгэлтэй, хөгжилтэй дэвшилтэй байх үүднээс энд өргөж байгаа юм” гэв.
 
Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүд цол харгалзалгүйгээр оноолтоор барилдах аж. Энэхүү наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдах юм байна. Түүнчлэн эрлийз морьдыг уралдуулахгүй аж.
 
 Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг