sonin.mn
Олноо алдар гавьяа нь түгсэн эх оронч Г.Ламчогдон гуайтай 5 жилийн өмнө уулзаж ярилцлага авч байсан материалаа Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн өмнөхөн сөхөж 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин эрхэм хүндэт таныгаа дурсахад таатай байна.
 
Г.Ламчогдон:
- Ах нь Эрдэнэтэд байгаа. Өтлөж өеөдөх тийшээ хандаж байна. Чөлөөлөх дайны 65 жилийн ойн арга хэмжээ дөхөж байна. Алба хааж байсан, арван баатар төрүүлсэн ангиараа нэг зочлох санаатай. Чөлөөлөх дайны үүх түүхийг хойч үе маань бараг цээжээрээ мэддэг болсон юм хойно би чамд юугаа ярих билээ. Дайн бол дайн.
 
Дайсны суманд оногдож шархтаж бэртсэн олон зуун хүнд эмнэлгийн анхны тусламж хүргэж ард тал руу татан хүнд, хөнгөн байдлаар ангилан очих ёстой хээрийн эмнэлгүүдэд хүргэж байлаа.
 
Үхлийн шарх авсан баатар нөхдийнхөө шархыг боож эцсийн амьсгал хураахыг нүдээр харж алтан шарилыг нь зөөж явлаа. Манай дарга, цэргүүд яаж шархталаа ч гэсэн эцсээ хүртэл тэмцэнэ гэсэн тангарагтаа үнэнчээр зүтгэж “хүнд шархтсан байна, таныг ар тал руу татна” гэхэд эрс эсэргүүцдэг байсан юм шүү.
 
Хурандаа Д.Нянтайсүрэнгийн командласан хуягт бригад хүн хүч зэвсэг техникээрээ Монголдоо л урдаа барьдаг бригад байсан учраас Зөвлөлтийн Улаан армитай мөр зэрэгцэн тэргүүн шугаманд байлдсан. Том, жижиг олон тулалдаан дундаас Японы цэргийн бат бэх төхөөрөмжилсөн Жанчхүүгийн бэхлэлтийг сэтлэх, улмаар эзэлж авах байлдаан байсан.
 
Олон арван дайчдынхаа халуун амь, бүлээн цусаар ялалтад хүрсэн гэж өдгөө би бодож явдаг аа. Дайн ялалтаар дууссан их баяр цээжинд нар гэрэлтэх шиг болж дайнаас эсэн мэнд эх орондоо буцаад ирэхэд хань минь бурхан болчихсон харуусал хагацал намайг угтсан.
 
Чөлөөлөх дайны тухай бичигдсэн “Говь Хянганд тулалдсан нь”, “Квантуны арми сөнөсөн” номонд “Эх оронч” эмч Г.Ламчогдон галын шугаманд шархтсан олон зуун эрэлхэг дайчдын амь насыг аварсан гэж орсон байдагт ах нь баярлаж “биеэ тоодог юм шүү дээ” гэж хошигнох алиалахын хооронд өгүүлэнгээ:
 
 - Хүн зовлонг даадаг, жаргал даадаггүй гэж үнэн юм гэдгийг амьдралдаа үзэж явлаа. Монголын ардын армид анх хошууч цолыг 15 жил зүүсэн рекордыг өнөө хэр хүн эвдээгүй байхаа! Г.Ламчогдон уу? гэж хэн нэгэн сонсуутаа уудаг иддэг гээд л хайр шагнал, цолноос нь хасдаг байсан төдийгүй, Зүүнбаянгийн цэргийн хүрээнд эмч хийж байгаад тэтгэвэр ч үгүй “мултарч” явлаа.
 
Хүн аяга тагш юм өгөхөөр нь хүртчихдэг байсан том дутагдалтай зууралдаж явсан минь ёстой үнэн. Би үүнийгээ сайд, дарга нараас ч нуудаггүй ил тод айлтгачихдаг маань надад их гай удсан. За тэгээд бидний үе цөөрч байна даа. Халгиж цалгисан амьдралтай биш төр, засгийн хайр хишгийг бишгүйдээ л хүртлээ.
 
Чөлөөлөх дайнд оролцсоны төлөө сар бүр тэтгэлэг өгч, шинээр байр орон сууц олгож байгаад маш их баярлаж байна. Цэргийн эмнэлэгтээ ирээд эмчилгээ хийлгэчих юм. Үүнээс өөр надад юу хэрэгтэй байхав дээ. Охид, хүүхдүүдийнхээ байнгын асрамжид байна. Ах нь болж л байна хэмээн өгүүлэв.
 
Эх оронч Г.Ламчогдон гуайд баатар цол өгчихмөөр санагддаг. Дайны улаан гал дунд шархтанд эмнэлгийн тусламж үзүүлж, үхэл амьдралын торгон ирэн дээр, ёстой исгэрэх сумны өөдөөс сөрж, тэсрэх бөмбөгний аюулын дунд үүргээ гүйцэтгэсэн баатарлаг үйлстэн гэж Монгол Улсын баатар С.Дампил амьд сэрүүндээ хэлж байжээ.
 
Дайнд үхлийн шарх авсан Монгол Улсын баатар Д.Данзанваанчиг, Г.Ламчогдонгийн авралаар эсэн мэнд үлдэж, манай салааны дарга Т.Дүүдэй, хурандаа Шархүү, Эрэндоо, Цэдэндамбаа нар аврагдсан шүү дээ гэж өдгөө ч олон ахмад буурлууд нотлох юм билээ.
 
Байгуулсан гавьяатай ахмад буурлуудынхаа амар мэнд дээр нь “Та ийм гавьяатай хүн гэж!” омог бардам хэлж зүрхлэхгүй бид нар чинь яасан ч дорой хулчгар хүмүүс вэ? Өөгүй өндөг шиг мөртлөө байгуулсан гавьяагүй уртын урт он жилүүдэд зөвхөн сүүдрээ чирсээр бусдаас өө сэв эрж ангуучилж, үүгээрээ идэх талхаа мэрж яваа хүмүүст хэлэгдэж, хэмлэгдэж явсан хөөрхий өтгөс буурлуудын минь ээдрээт амьдралын цаг хугацаа юутай хатуу.
 
Цалигаа халигаа ихтэй, олонтойгоо бужигнаж олдсон, оногдсон тав, гурван төгрөгнөөсөө нэг хоёр лонх юм авч уусны төлөө эх оронч их эмч Гочоогийн Ламчогдон гуайд арай л хатуудаа юу гэж сэтгэл сэмэрсээр байх хүмүүн олон гэдэгт гүнээ итгэнэ. Ахмад дайчин бэлтгэл хошууч Г.Ламчогдон гуайн 1945 оны Чөлөөлөх дайны үед байгуулсан гавьяа Зэвсэгт хүчний дайчид, залуучуудад үүрд мөнхөд оршиж, түүгээр бид бүхэн бахархах учиртай.
 
Эх сурвалж: “Соёмбо” сонин