sonin.mn
Нэг. Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй
 
Бялдууч зусар зангийн хамгийн ноцтой илрэл бол харь хэлний нэр хүүхэддээ өгөх замаар тухайн цаг үеэсээ бяцхан ч юмуу баахан ч юмуу ашиг завшаан горилж, эх хэл соёлоо уландаа гишгэдэг ичгүүргүй төөрөгдөл монголчууд бидний хагарч цавлахад ч нэрмээс болсон санагддаг. Яваандаа энэ нь гэм биш зан болж нэг ёсны моод болон дэлгэрч монголоо алдаж эхлэхийн цондон болжээ.
 
Хамгийн холын жишээ гэхэд Хубилай хаан Пагва баламыг Бэйжинд залж хос ёс гэдгийг нэвтрүүлж эхлэснээр өөрийн нь хүүдээ Мангал, Дорж гэх мэт нэр өгүүлж, хожмын хаадын дотор Дармабал, Аюурбалбад гэх мэт түвдийн шашны нэртнүүд бий болж улмаар Занабазар гэдэг богдоос хойш нэрийн хувьд бүрэн түвдчлэгдэж эхлэсэн нь ажиглагддаг.
 
Хамгийн ойрын жишээ гэхэд социализмын үед орос зөвлөлтийн ард түмнийг бахархдагаа нотлон Жуков, Калинин, Маруся, Аня, Нина гэх мэт орос нэрүүдийг монгол хүүхэддээ өгч байв. Одоо Оросын буриадуудын ихэнх нь Сергей, Александр, Светлана, Ирина бөгөөд овог нь орос дуудлагатай түвд Нанзатов, Даржаева, Цыренов, Чимитдориевна байх жишээтэй.
 
Өвөрмонголчууд ч ялгаагүй, Жан овогт Ма Ши ч юмуу, Ү Ли Зы гэх мэтээр нэрээ нангиад маягт оруулж зохицон аж төрөх тэдэнтэй нэг зиндаанд очих санаагаар нэрлэх нь түгээмэл. Гэтэл Жанцангийн Маш, Өлзий гэх мэт нэрүүд байж л дээ. Эхэндээ монгол нэр өгсөн ухаантай, гэтэл нэрний эзэд нь их гүрний нөлөөг даган хувилгасан нь энэ мэт.
 
Ялангуяа хот суурин газрынхан хүүхэддээ шууд нангиад ханз нэр өгч багаас нь их үндэстний маягаар хэлд хөлд оруулсны балаг өнөөгийн хэд хуваагдсан монгол л доо. Монголоо нэгтгэе гэхээр тиймэрхүү улсууд цаашаа зүтгэчихдэг гэдэг. Тэр Ү Ли Зы юмуу Александруудад нь монгол хэл муухай санагдан их гүрний хэл соёлыг шүтэж тухайн орон нутагтаа илүү алба тушаалтай байдаг учраас нөгөө Өлзий юмуу Цыренээ ялдаг жишээтэй.
 
1960-1970 -аад онд манай сумын Захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Чойндон гуай “Монгол орос нэр сайндаа 1-3 хувь, түвд нэр 98-99 хувь байсан шүү. Цагаанхүү, Ухна, Хишиг, Цоож, Чулуунбаатар, Баатар, Баттөмөр, Охин гэх мэт хэдхэн л монгол нэр харагддаг. Бусад нь бүгд түвд нэртэй талдаа шүү. Тэгээд сайн явна уу гэхэд бас тиймгүй. Ядам гэдэг том бурханы нэртэй хүн шоронгоор насаа барж байна.
 
Зонхавагийн Лувсандагва нэртэй амидаа нь насаараа шахам хэвтэрт тарчилсаар нүд аниж амарсан байх. Найдан гэдэг хүн өнөр биш үргүй дуусав, Намсрай гэдэг хүн Хоосон хочтой тэнэж явсаар үхэх жишээтэй гэж билээ. Харин Энх, Баяр, Ган, Болд, Ариунаа, Туяа. Цэцгээ гэх мэт нэрүүд жараад оны дундаас их дэлгэрсэн гэж ярьж байсан.
 
Социализмын үе ч гэсэн социалист агуулгатай үндэсний хэлбэртэй соёлын бодлого яригдасны буянг ингэж ашигласан нь овоо шүү, Шашныг эсэргүүцдэг социализмын үед манай төрийн удирдагчид өөрсдөө бараг л 99 шахам хувь нь түвд нэртнүүд байв.
 
Цэдэнбал, Самбуу, Майдар, Моломжамц, Дэжид, Гомбожав, Намсрай, Лувсан, Жагварал, Лувсанравдан, Дүгэрсүрэн, Лхамсүрэн гээд л хөвөрнө. Өмнөхөн нь Чойбалсан, Лхүмбэ, Дамбадорж, Янжмаа, Бумцэнд, Сүрэнжав, Дамба, Цэнд.. Нямбуу, Лоохууз, Сурмаажав.. гээд. Удирдагчдын маань дотор Сүхбаатар, Батмөнх гэдэг хоёрхон монгол хүн байсан мэт. Ямартаа түвд хүнтэй Үүшин хошуунд танилцан уулзахад
 
-Монгол бол манай түвдүүдийн нэр алдрыг дэлхийд өргөж яваа орон. Монгол түвд хоёр эртнээсээ нэг угсаа гаралтай юм. Гүррагчаа гэдэг түвд нэртэн сансарт ниссэн. Чойбалсан Цэдэнбал гээд бүгд түвд хүмүүс. Сая Бээжинд Гүндэгмаа гэдэг түвд монгол хүүхэн шан авсан шүү гэж ярьж байх жишээтэй.
 
Үгүй ээ тэр чинь монгол хүмүүс гээд ухуулъя гэтэл үнэхээр түвд нэртнүүд юм чинь юу гэх юм. Хутгыг хутга, хонийг хонь л гэж нэрлэхээс өөр яах билээ. Үгүй ээ хутга нэртэй ч гэсэн төмөр, хонь нэртэй ч мал гэхээр цаад эд буюу мал нь нэгж утгын мөн чанараа алдчихаад байх жишээтэй.
 
Энэ асуудлыг манай хуулинд ор-чуулгагүй ойлгогдох монгол нэрийг хүүхэддээ өгч байна гэх утга санаагаар заасан байдаг юм гэсэн. Гэтэл лам нар түүнийг сөрж түвдийн шашны мөрөө тод үлдээх зорилгоор сүүлийн жилүүдэд түвд нэр өргөнөөр өгөх бодлого барьж лам нартаа үүрэгдсэн юм байх.
 
Энэ жил 18-тай оюутан царайлаг сайхан залуу Гомбодорж нэртэй тул найзууд нь Гомбоо гэхээр хөгшин хүн шиг эвгүй сонсогдож зарим газар нэрээ хэлэхээс ичдэг гэх юм. Чиний нэр ямар утгатай юм? гэвэл “Өө мэдэхгүй. Анхдугаар богдын аавын нэр гэсэн биз дээ? Энэ надад ямар хамаатай юм. Би шашин шүтдэг ч үгүй. Шал мунхруулгын юм байдаг.. гэж ярих.
 
Саяхан зурагтаар гарсан “Өдөр өдрийн нар” гэх олон ангит тун муухан кинонд тоглож уг бүтээлийн нэр нүүр нь болсон гол дүрийн хөөрхөн охиныг Долгор гэдэг, түүнд сэтгэлтэй эмчийн дүрийг бүтээсэн залуу жүжигчнийг Балдандулам гэдэг юм гэнэ. Цагаан ногоон дара эхүүд юм санж. Нэрийг нь гарахаар охид хүүхнүүд шоолж “Тээр хараач, тийм байгаа биз дээ. Уг нь даруухан хөөрхөн залуу шүү” гэж ярилцахыг сонсоод монгол нэр өгч байх хуулиа хэрэгжүүлээгүй өнөөгийн төрийг шүүхэд мэдүүлж сэхээрэл өгмөөр санагдах…
 
 Хоёр. Дуудах нэрийг эцэг эх, Дуурсах алдрыг эх орон өгдөг
 
Монгол хүмүүс дотроос хамгийн алдартай нь Тэмүжин Чингэс хаан гэдэгт хэн ч маргахгүй байх гэмээр. Гэтэл сүүлийн үед түрэг угсааныхан “Чингэс хааны удмынхны долоон үе дотор монгол нэртэй хүн нэг ч алга”, “Есөн өрлөг дотор ч монгол хүний нэр байхгүй байна”, Бүгд түрэг угсааны бараг казак нэр байна гэх мэтээр зарлаж байна.
 
Казакстаны доктор Калибек Данияровын “Чингэс хааны гарал нь хэн бэ?” гэх судлагаа, Казакстан улсын түүх “Казахты кыскаша тарых” ном зэрэгт “”Чингэс хаан монгол хүн байсан гэдэг бол дэлхийн түүхийн төөрөгдөл” гэж эсэргүүцэж хиад гэдэг нь өияд, манайд Кият гэдэг хот ч бий, тэр хот Чингэс хаанаас 2000 жилийн өмнө ийм нэртэй байсан.
 
Тэмүжин гэдэг бол төмрийн дархан гэсэн утгатай казак үг /Темирши/, Хулан бол Куланда, Бүртө бол манай Конырат буюу Хонгират олхонут аймгийн хүн, Чингэс хаан гэдэг нь Шынгыс хаан буюу “Өндөр туяа цацруулагч хаан” гэсэн утгатай үг гэх мэтээр тайлж зарлаж байна. Гэтэл Тулуй биш Толь, Өүлэн биш Үүлэн, Мухалай биш Мөнхгалай, Бүртэ хатан биш Бүр дээд хатан /нэр биш цол/, Тэмүжин гэдэг үг төмөрчин биш “тэмүү”.
 
Иймээс дүү нарт нь Тэмүгэ, Тэмүлүн гэж нэртэй байна. “Монгол” биш “Мөнхгал” гал голомтын шүтээнт утга байна… гэх мэтээр санаа гаргахад манай эрдэмтэд “Үгүй ээ“ гээд нангиад ханзнаас хуулсан хачин нэрүүдээ бариад юу гэсэн утгатай юм бүү мэд гэж мангартаад байдаг.
 
Какакууд үзэхдээ дундад зууны түүхэнд халх, торгууд, цорос, дөрвөд, үзэмчин гэх мэт овог аймгийн нэр алга. Мэргид, Найман, Хэрэйд, Жалайр гэх мэт аймгууд байна. Өнөөгийн монгол улсад ийм аймаг угсаа алга.
 
Харин манайд меркит, найман, керат, жалайр байна гэх мэтээр баримт дурдаж байна. Манайхан Найман аймгийг Говь-Алтай, Баянхонгор, Мэргид аймгийг Сэлэнгэ Булган, Хэрэйд аймгийг Өвөрхангай Архангай.. гэх мэтээр орчин үежүүлснээс болж, өмнө нь манжийн бодлогоор аймгуудын эртний уугуул нэрийг Засагт хан, Түшээт хан гэх мэтээр өөрчилснөөс болж, өнөөдөр бид үлдсэн баримтгүй дэмий л баахан түүхийн тайлбар тоочин мэтгэх дээрээ тулаад үлдэх нь.
 
Одоо ч гэсэн Сэлэнгэ мөрөнтэй Мэргид аймаг, Өвөрхангай нутагтай Хэрэйд аймаг, Дорнот талын Татаар аймаг, Таян уултай /Говь-Алтай/ Найман аймаг гэх зэргээр түүхэн нэрүүдээ Монголын нууц товчооны газар усны нэрүүдийг баримт болгон уугуул ёсоор нь нэрлэн сэргээж яагаад болохгүй гэж?
 
Нэрийг үндэс болгон өөрийн болгох гэсэн хандлага ганц энэ биш Оросын “Шинэ тоолол” /Новая хронология/ хэмээх чиглэл гаргагсад А.Н. Фоменко, Г.В.Носовский, А.А.Гордеев, В.В.Жикаренцев, Н.А.Морозов нарын хүмүүс Монголчууд орос орныг эзлээгүй юм. Тэр монгол гэдэг үг бол “много”, “могучий” буюу “их”, “олон”, “хүчирхэг”, грекийн “мегалион” /агуу их/ утгатай үг бөгөөд “монголын импер” гэдэг бол монголчуудыг хэлж байгаа бус “Мегалион импер” /Агуу их эзэнт гүрэн орос орон/ гэсэн утга гэх мэтээр бас л нэрээр тоглон бидний түүхийг гуйвуулж засварлах оролдлого хийж байна.
 
Энэ байдал өнөөгийн Дундад улсын /Жун го/ түүхчдийн дунд ч түгээмэл байгаа бөгөөд бас л нэрээр халхавч хийн Монгол бол Жун го-гийн нэг салшгүй хэсэг. Яагаад гэвэл бид “Юань” гэдэг нэгдсэн газар нутагтай, нэг хаантай их гүрний иргэд байсан түүхтэй гэж зүтгэж улсын маань газрын зургийг Дундад улсын нутагт оруулан хэвлэх нь ч бий. Уг нь Юань бол монголд эзлэгдсэн нэг муж. Батын Алтан орд шиг, Хүлэгүгийн улс шиг, Цагадайн улс шиг Юань бол Хубилайн улс, Монголын эзэнт гүрний нэг хэсэг л дээ.
 
 Гурав. “Нэрээ бузарлах”- гүй байх юмсан… 
 
Монголчууд “эх оронч үзэл” гарган “Эрлийзүүдийг устгая” гэх нь холгүй хийрхэж, үндэсний үзэл гэж “Мориндоо мордож барилгуудыг устгая” гэх нь халаг хоцрогдол ярьж байхаар юуны өмнө нэрээ хайрладаг өв соёлынхоо утга учрыг мэдэхийг хичээгүүштэй цаг тулжээ.
 
Бид монголоо бодохгүй байгаа учир товлож тогтсон бодлогогүй, монголоо мэдэхгүй байгаа учир монголынхоо талаар мэдлэггүй болж гадаад хэл нэр зэрэг чамирхал хийрхэл рүү хошуурах болжээ. Одоогийнхон англи хэл чухал гэж зүтгэж байгаа шиг, өмнөхөн нь орос хэл чухал гэж үхэлдэж байсан. Бас түүнээс өмнө түвд хэл бол тарнийн хэл авралын шид гэж сурталдаж товчоор нь түвд нэрээр дом хийж монголыг түвдчилж байсан түүх улираагүй байна. Энэ сайны зөн биш муугийн ёр цондон.
 
Эх орон цэлийгээд дүнхийж байхад бид яагаад үзэгдэхийн төдий үзлийн юм болгон эх оронч үзэлдэж, үндэс угсаа маань өнөржсөөр үржсээр атал бид яагаад нэр алдрыг нь түвдчилж оросчилж ёстой юм? Одоо англичилах солиорол хийрхэл рүү дэвхрэн орлоо. Үүнийг хөнгөмсөгөөрөө урлагийнхан манлайлж баахан англи нэртэй хамтлаг гээч юмнууд гарч эцэг эхийнхээ өгсөн алдар нэрээ зохиомол англи нэг үсэг зэргээр орлуулж орилолдох болов.
 
Энэ нь тэр урлагийн цаг зуурын хэрэгцээнээсээ илүү хөнгөн гоомой залуусыг хийрхэл чамирхалд уруу татаж монголоо эрэмдэглэж байгаагаараа уршигтай байж таарна. Яагаад цаг зуурын гэвээ гэвээс монголчууд англи нэртэй хамтлаг шиг юм байгуулаад хэзээ ч гадныханд ойшоогдохгүй харин ч шоолуулах жамтай учраас. Харин “Баян монгол”, “Соёл эрдэнэ”, “Харанга”, “Чингэс хаан”, “Алтан ураг” нь л сонирхогдоно, бас монголын урлаг соёлын түүхнээ монголоороо үлдэх нь гарцаагүй.
 
Бусад нь цаг зуурын хөнгөмсөглөл үзэгдэл болоод мартагдана. Өнөөдөр Улаанбаатар хотыг эзлэж эрээн мяраан болгосон англи хэл бичгийн чамирхал ч ялгаагүй. Сая манайд ирээд буцсан алдарт морин хуурч Чи. Булаг гуай “Та нар арай дэндсэн байна. Монгол нэр монгол бичиг хоёроо голоод би, чи хэн болох юм бэ? Яаж байгаа юм бэ? Яагаад ингэж англи улс шиг болж байгаа юм бэ?” гэж гашуудаж байхав дээ.
 
Өвөрмонголын нэрт гүн ухаанч эртний монгол ухаан судлаач ТҮ. Өлзий “Улаанбаатар хот ирэх болгонд монгол биш болсоор байна гэж би биш энд ирсэн бүх өвөрмонголчууд хэлдэг болов. Ганц дэлгүүрт орох гээд хаягийг нь мэдэхгүй шагайж хараад, ороод буцаж гараад л гүйцгээж байна. 1990 оныхоосоо дор боллоо.” гэж байхав.
 
Тэд их гүрэн дотор монголоо авч үлдэх гэж махаа идэж маяагаа мөлжиж байхад, бид энд ингэж сул хаясан сур дэмий гээсэн дээс шиг байж боломгүй. Үнэндээ монголыг хятадын эрлийзүүд биш харин эрлийз үзэлтэй монголчууд өөрсдөө өрсөлдөн мөхөөх гээд үр хүүхдээ хүртэл хар багаас нь харьчлаад байгаагаа хэн хүнгүй сэхээрмээр цаг иржээ.
 
Эх оронч эрдэм, үндэсний ухааны гол мөн чанар нь нэр алдар мөн шүү. Түүнийг ухаарсан нангиадын сэтгэгч Күнз нүүдэлчдийг эзлэх ухааныг “Төрийг нь мөхөөе гэвэл нэрийг нь мөхөө.. улсыг нь бөхөөе гэвэл нэрийг нь бөхөө..” гэх утгатай сургаалаа айлдасныг одоо ч урд ихэс сайдууд нь эрхэмлэдэг юм гэнэ лээ. Бид нэрээ бузарлаж түүнээсээ болоод түүх маань бузарлагдаад байна. Монголчууд нэрээ түвдчлэж, оросчлож эхлэснээсээ эхлээд “толгой”-гоо гээж эхэлсэн үнэн шүү.
 
 Түүхч, зохиолч Бэсүдэй Н.Нагаанбуу