sonin.mn
1750-аад оны үед Зүүн гар улс задарсны дараа Гулз хайнагийн сүм, Тэнгэр уул, Ил тарвагатай, Чингэл цагаан гол орчмоор нутаглаж байсан дөрвөдүүд Алтай даван бараг 2000-аад км нааш нүүдэллэж, одоогийн байгаа нутагтаа суурьшсан юм билээ. Энэ тухай нэгэн домог яриа байдаг. 
 
Нэгэн төмрийн дархан хийдэг дотор хүн галтай нүүрсээ илжгэнд ачаалан явж байгаад ачаатай илжиг нь алдагдаж, утаа татуулан гал манарган давхисныг галтай алаг даага ирж явна гэж шуугилдаад, тэр шуугиан нь галтай аюултай дайсан ирж явна гэдэг цуу дэгдээд дүрвэн нүүсэн гэдэг. Манай сум цэнгэг устай хоёр том нуур, дэлхийд сонин тогтоцтой Алаг хайрхан, уул толгод ус хөдөөтэй Агваш аралтай, хэдэн сайхан элсэн манхантай учир ирсэн очсон хүмүүс тухлан саатах ийм нутагт төрсөн бидэнд омогшил төрөх нь зүйн хэрэг ээ. 
 
Гижиг сайхан, Агвашийн баруун цахир, Цагаан үнээт, Чаргат, Уургат, Баян овоо, Баян хайрхан, Тээрмийн чулуун, Аргалант, Чихний хар, Бурхад, ёл эдгээр өндөр уулсын хооронд тал хөндий хоолойнуудад хармаг, хатуу хар, шарилж, таана, ерхөг, хулс, зэгс зэрэг ургамал цэцэг алагласан 412.0 мянган км/ кв нутагт таван хошуу мал нь тааваараа бэлчээрлэж байдаг. 
 
Зэгс шагшуурга ус уулсын нөмөр нөөлөг нь цаг агаар хүндэрсэн үед өгөөжтэй билээ. Байгалийн хүнд үед хавь ойрын сумдын малчид ирж өвөлжин баяр хөөртэй буцдаг юм. Хар нуур, Хар ус нуур, домогт Чоно харайхын гол, Завхан голын нэг хэсэг нь манай сумын нутагт байдаг ийм л уул ус тэгширсэн нутаг даа. 
 
Монголын хамгийн том Агваш аралд намар өвөл хавартаа малчид тааваараа нутагладаг. Зундаа нуурын ус ихдэж, гарам гарцгүй болно. Ялаа шумуул дэгдэж дуртай ч дургүй ч малчид нь сэрүүн уулсаа бараадан нүүдэг юм. Миний багад 1960-аад оны үед Хар ус нуурын доор нефть байгаа, Харайх гол дээр УЦС баригдана гэсэн яриа байсан. Энэ асуудал биелэлээ олохгүй болохоор мөрөөдөл мэт санагдаж байсан. 
 
2000 он гарсан хойно 40-өөд жилийн дараа УЦС баригдлаа гэхдээ байгалийн нөөц боломжийг бүрэн ашиглаагүй гэсэн. Бүх боломжийг нь ашигласан бол баруун гурван аймгийн цахилгааны хэрэгцээг ОХУ-ын хараат байдлаас гаргах байсан гэж тухайн үед ажиллаж байсан хүмүүс нь ярьдаг юм билээ. Манай сум цахилгааны гачаалгүй, ардтүмэн нь сайхан амьдарч байна.
 
Орчныхоо хэдэн сумдыг цахилгаанаар хангаж байна. Одоо л их нууруудын хотгорт нефьт байна гэсэн асуудал яригдаж байна. Манай сум байгалийн шохой, нефть, алт эрдэнэс хүнсний давс, цахилгааны эх үүсвэртэй цэнгэг устай нууруудтай болохоор загас шувуу ургамал амьтнаар дутуугүй юм. Бидний өвөг дээдэс зөвийг сонгож ихийг үлдээсэн байна.
 
1960-аад оны үед сумын төвд гүний худаг гаргаж байшинг нь барьж мотор насос тавьж бэлэн болгосон. Гэвч ус нь тостой гараад худаг хаагдсан. Бид цонхоор нь орж тоглодог байлаа. Тэгэхээр тэнд нефть байх магадлалтай гэж бодогдох юм. Одоогийн манай сумын ард түмэн болбоос Дөрвөд Далайхан аймгийн харьяалалд байсан замба, зуутраг, хондого, тайчууд, таргад, тугтан, яргай хүмүүс дээр шилжин ирж суурьшсан бусад овгийн хүмүүс амьдарч байна. 
 
Манай сумаас Улаангомын хүрээнд эрдэм чадалтай лам нар олон байжээ, тэднээс ихэнх нь хэлмэгдэлд өртөн баригдаад эргэж ирээгүй гэдэг. Баярын Равсал УГЗ гэдэг цолыг манай сумаас анх авч байжээ. Энэ хүн 1990-ээд оны үед сумынхаа 20-иод залууд төвд үсэг зааж, цаашид эрдэм сурах замыг нээж өгчээ. Мөн тэр үед энэ хүний эхнэр УГЗ Б.Цэрмаа нь хэсэг охид, бүсгүйчүүдэд уран хатгамал хийх арга ухааныг заасан байна. 
 
Энэ хоёр хүний заасан эрдмийнх нь үр дүн одоо байгаа байх аа. Ө.Цагаанбилэг гэдэг хүн Орос улсад цэргийн сургууль төгсөж холбооны цэргийн удирдах бүрэлдэхүүнд ортлоо дэвшин бригад командлан захирагч цолтой ажиллаж байгаад хэлмэгдэлд өртөн шийтгэгдээд хожим цагаадсан байна. Улс орондоо оюуны хөрөнгө оруулалт хийж бүх хүүхдүүддээ дээд боловсрол эзэмшүүлсэн Га.Даш, Г.Бямба эгч нартаа талархаж байна. 
 
Манай сум бол харьцангуй залуу сум. Увс аймгийн Өмнөговь, Завхан сумаас салж газар нутгийн хуваариар Ховд аймагт харьяалагдсан байдаг. Бас Мянгад сумтай нийлж хэсэг хугацаанд бүдгэрч явсан үе бий. 1979 оны нэгдүгээр сар шиг санагдаж байна. Сум дахин байгуулагдаж Сандаг дарга ажлаа авч ард түмэн хурлаа хийсэн. Тэр өдөр аймгаас хоёр машин гарсан юм.
 
Аймгийн дарга Б.Насанжаргал хажуудаа хоёр хүнтэй, нөгөө машинд нь соёлын хэлтсийн дарга Цахиуртай Равсал ах Хүүхлээ ах миний бие явлаа. Би сонирхогчийн журмаар ажлаасаа чөлөө авч явсан юм. Загийн тойруу өнгөрч угталтын самбар харагдаж сэтгэл нэлээн хөдөлж байсан. Сумандаа очилгүй 10-аад жил болсон байсан. Тэгтэл машинууд замаас гарч Загийн цагаан толгой руу явцгаасан юм. 
 
Равсал ах энд манай сумын их эрдэмтэй хүнийг оршуулсан газар, би зүгээр өнгөрч болохгүй гээд сан тавьж ном тарниа уншин сүү цагаан идээ өргөсөн юм. Бид бүгдээрээ мөргөцгөөсөн юм. Энэ нь анги Содов гэдэг лам хүнийх юм гэсэн. Цагаан толгойн орой дээр шарилын хамгаалалтын үлдэгдэл бололтой моднууд байсан. Сум дахин байгуулагдсантай холбогдуулан хоёр хүний нэрийг мартаж болохгүй юм.
 
1. Аймгийн дарга Б.Насанжаргал энэ хэдэн дөрвөдүүдийг тусгай сум болгох нь миний үүрэг юм шүү гэж замдаа ярьж явсан. Тэр үед сум болоогүй бол хөгжил хэдэн жилээр хойшлох нь ойлгомжтой, бүр сум болох эсэх нь эргэлзээтэй.
 
2. Сум байгуулагдсан даруйд хүн эмнэлгийн шинэ УАЗ 469 машиныг хувиасаа авч өгч байсан малчин Г.Бямба гэдэг хүн байна. Энэ машин сумын хүн амын эрүүл мэндийн төлөө олон мянган км явсан байх.
 
1940-50-иад оны үед улсын сайн малчны зөвлөгөөнд О.Ням Х.Зэгэв нар оролцож одон тэмдгээр шагнагдаж байжээ. 1960-70-аад оны үед улсын хошой аварга тэмээчнээр Б.Юнгэрэн шагнагдаж АИХ-ын депутатаар сонгогдож байжээ. Мал хувьд шилжсэнээс хойш улсын сайн малчнаар Н.Пүрэвжав шалгарч сумынхаа нэрийг гаргаж байжээ. 
 
Манай сумынхан зах зээлийн өөрчлөлтөд харьцангуй хурдан шилжиж, ард иргэддээ үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлж байгаа сум болсон. Цаашид сумын нэр хүнд үйл ажиллагаа ямар байх нь сумын ард түмэн, хүүхэд залуучууд, төр захиргааны ажлаас шууд хамааралтай. 2016 онд сумын ой болно. Улаанбаатарт байгаа ард иргэд гавьяат багш Ц.Түвшинтөгс Р.Дүгэрсүрэн нарын зөвлөмжөөр хийх ажлаа ярьцгааж байна. 
 
Манай сумын залуучуудын үүсгэн байгуулсан “Хөгжил” трейд ХХК Ургамал, Урангоо “Гарьд зам” ХХК Н.Батбаяр “Тайгын булаг” ХХК Я.Мягмарсүрэн “Өгөөмөр ерөө” ХХК Б.Жаргалсайхан “Тунгалаг буянт зам” ХХК Д.Намжав, “Хариах” трейд ХХК Н.Насанжаргал нарын захиралтай байгууллагуудын ажил нь тогтмол сайн байна. Төрийн албанд Д.Идэрзаяа, Д.Давааням, М.Дашзэвэг, Д.Санжаа, З.Эхбаяр, Ч.Сүрэнжав, Г.Хандмаа, Д.Мөнхболор, Л.Цэдэн-Иш, Ц.Мөнхдорж, Д.Нямжав, Б.Батцоож, нарын залуучууд ажил үүргээ сайн гүйцэтгэж байна. 
 
1979 онд Сумын конторын хоёр давхар барилга баригдсан, уг байрны зураг схемийг инженер Т.Ням гаргаж техникч Т.Халтархүү удирдан бариулсан. Сум өөрийн хөрөнгөөр аж ахуйн аргаар барьсан барилга 35 жил болсон. Цаашид ч олон жилийн насжилт байгаа байх. Т.Ням энэ барилгаар сайн инженер гэдгээ харууллаа. Энэ барилгыг сумын үйлдвэр бригадын хүчээр барьж Т.Ёндонжамц, М.Даваажав Б.Нямдаваа, С.Цэнджав нар сайн оролцсон гэдэг.
 
Өмч хувьчлалын хувьд нэгдлийн даргаар ажиллаж байсан Ц.Пүрэвийн малыг малчдад гэсэн зарчмаар хурдан шуурхай ажилласны үр дүнд аливаа ажил амжилттай зөв явагдсан гэж малчид Ц.Пүрэв даргадаа ам сайтай байдаг юм билээ. Энэ ч утгаараа сум зах зээлд хурдан шилжсэн байх.
 
2012 оны олимпод эх орноо төлөөлж эмэгтэй байт харвааны төрлөөр Б.Урантунгалаг шагналт байранд орсон байна. 1960-аад оны үед Л.Бандихүү улсын начин цолтой сайн барилдаж байсан учир манай суманд бөхийн удам байгаа.
 
Нутаг орныхоо үндэс угсаа, түүх соёлын талаар ном гаргасан Ц.Цэдэн ах О.Бөхчулуун Г.Басангаа нарт номын цагаан буян ерөөл нь ирнээ. Мэдээ харж суутал ачаатай цагаан тэмээд гарч ирэв энэ юу билээ гэтэл Агни эгч маань талдаа 100 гаруй км газар судар номоо ачаалан гороо хийж явсан байна. Энэ бол түүхэн үйл явдал, ер нь Агни эгч маань нутаг орноо гэсэн сэтгэлтэй ардын зан үйлийн талаар үргэлж шинийг эрэлхийлж явдаг сүүн сэтгэлтэй эмэгтэй юм.
 
Энэ хүн сумынхаа ойг тэмдэглэх талаар дотроо нэгийг бодож л яваа. Төрийн ордны орчмоор явахаар П.Нямаа ах маань санаанд ороод байх юм. Энэ хүн ордны хамгаалалтын даргаар олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж байсан. Энэ хүний оролцоотой манай сумын залуус ордны хамгаалалтад орж ажиллаж байлаа. Энэ хүн удмын гарын дүйтэй дархан хийдэг. 
 
Нэг сонин тохиолдол байна. Улаанбаатар хотын захуудад хөөрөгний наймаа эрхэлдэг хүмүүсийн дунд Нямаа нуух, Даваа толгой гэж ярьцгаах юм. Манай сумын хоёр хүний ур ухаан шингэсэн эд юмс ийм нэршил авчээ. Л.Даваа ах гүйлгээ ухаантай, морин хуур сайхан тоглоно, ерөөлч магтаалч дөрвөд ардын уртын дуу дуулчихдаг, шатар сайн нүүнэ, ийм л авьяастай хүн дээ. 
 
1990-ээд оны үед Улаанбаатар хотын иргэд ажилдаа явах ирэх гэж унаагаар гачигддаг хүнд үе байсан. Тэр үед Х.Галмандах нь өөрийн мэргэжлээрээ хийж байсан ажилдаа тулгуурлан Монголын хувийн автобусны эздийн холбоог байгуулж тэргүүнээр нь ажилласан юм. Энэ шинэлэг санаачилгад жолооч нар нэгдэн шаардлагатай чиглэлд шугам нээн ажилласан нь хотын нийтийн тээвэрт үр дүнгээ өгсөн. 
 
Х.Галмандах одоо ч санал санаачилга гарган ажиллаж байна. Өөрийн сумандаа 16 жил удирдах ажил хийхдээ Т.Сорогжав ард иргэдийн ёс заншил, соёл уламжлал, сурч боловсрох орчинг дээшлүүлэх талаар нэлээд ажил хийснийг хэлэх хэрэгтэй. Сумандаа анх хоршоо байгуулж ард иргэдийн хүнсний болон бусад хэрэгцээг хангаж
зах зээлд шилжих эхлэлийг тавьсан Г.Ганболдын нэрийг дурьдах нь зүйтэй.
 
Сүүлийн жилүүдэд Н.Цогзолмаа, С.Өлзийсайхан нар өөр өөрсдийн мэргэжлээр докторын зэрэг хамгаалж эрдэмтдийн тоо нэмэгдэж байна. Мянган цагаан ямаат хэмээн алдаршиж байсан Бу.Пүрэв ах монгол гайхамшигт оролцож байсан. Улсын наадамд морь уралдуулна гэдэг амаргүй ажил юм билээ. Бүр цаашилвал морь айрагдуулна гэдэг нь бахархалтай үйл явдал. Уяач Н.Батбаярын хүчин чармайлтаар сумын нэр олны сонорт хүрсэн.
 
Зүүдэнд ирэх нутаг 
 
Дэлхийд соньхон уул нь үзэгдээд
Дээвэр шүргэн үүл нь нүүгээд
Дөрөө давсан зэгэс нь найгаад
Далан хөшөөтөд давалгаа цохиод
Дэрс хужиртаа тэмээнүүд цувсан
Дөрвөн зүгтээ түмнээ ивээсэн
Дөргөн нутаг монгол нутаг аа
 
Аялан явахад тухлан саатмаар
Агваш арал нь намартаа налайна
Аялгуут хууранд шувууд нь чимээлэн
Ардын биелгээнд нуур нь долгиотон
Бадам цэцэг нь бөлбөөндөө дэлбээлсэн
Дөрвөн зүгтээ түмнээ ивээсэн
Дөргөн нутаг монгол нутаг аа
 
Сүүдэр талд нь адуу багшран
Сэрүүн энгэрт нь багачууд тоглосон
Салхиар хээлсэн манхны оройд
Санчиг буурал өвгөд нь хуучлан
Саравчлан суухад санаа тэлмээр
Дөрвөн зүгтээ түмнээ ивээсэн
Дөргөн нутаг монгол нутаг аа
 
Зуны бороо шивэрч солонго татсан дариуд
Завхан голын дэнжээр зэрэглээ тогтоод байна
Таанын үнэр шингэсэн тааваараа бэлчээрлэх сүрэгтэй
Талын салхи үлээж цээж дүүрэн амьсгалуулсан
Аав ээжээс заяасан алтан нутгаа хайрлая
Дөрвөн зүгтээ түмнээ ивээсэн
Дөргөн нутаг монгол нутаг аа
 
Зуутраг овогт Ё.Цэвээнжав