sonin.mn
2015 оны 8-р сарын 29-ний өдөр Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Дамдины Жамъянгийн “Хөх Хөхөлдэйн уул” хэмээх шинэ номын хурим болов.
 
Говь-Алтай аймгийн Бугат сумын Өндөрийн булгийн харъяат Д.Жамъян “Уулын хөх манан” тогоруун цуваа мэт өгүүллэгүүд, “Туулайн бөөр жимс тэргүүт туужис”, “Шинельтэй хүмүүс”, “Өнө өдөр”, “Элч”, “Амраг чоно” 1, 2, 3, “Чингис хааны мэнгэ”, “Хубилай цэцэн хаан”, “Чорос”, (Галдан бошигт хаан) “Хулан хатан”, “Тэнгэрийн чулуу” (Амбагай хаан), “Өгөдэй хаан”, “Сарны шувуу” зэрэг түүх, гүн ухаан, сэтгэл зүйн сэдэв бүхий сэтгэлгээ, зөн билгийн роман бүтээсэн манай хүүрнэл зохиолчдын гол төлөөлөгчдийн нэг билээ.
 
Энэхүү “Хөх Хөхөлдэйн уул” ном нь 30 орчим өгүүллэг, 20 орчим эссэ болон “Туулайн бөөр жимс” тууж, “Хубилай хааны тухай “Чонын шагай” хэмээх кино зохиолоос бүтсэн, ухаандаа зохиолчийн шедевр бүтээлүүд юмсанж.
 
Түүний номын хуриманд Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Аким, Ж.Нэргүй, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн Б.Галаарид, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, зохиолч, сэтгүүлч Б.Ойдов, О.Сономпил нарын уран бүтээлчид, мөн Д.Жамъян зохиолчийн дотны нөхөд оролцов.
 
Уран бүтээлч нөхөд нь Д.Жамъянд сүүлийн үед хэвлэгдсэн номоо дурсгаж, сэтгэлийнхээ үгийг айлдацгаав. Жишээ нь нэрт гүүш Г.Аким өгүүлэхдээ “Жамъянг маань нөхөд нь Алтайн хөх чоно гэдэг. Намайг болохоор Дорнын цагаан чоно гэдэг.
 
Энэхүү цагаан, хөх хоёр чоно олон жил сайхан нөхөрлөж эрдэм номын садангууд боллоо. Бид үхэн үхтлээ бие биенээ мартахааргүйгээр холбогдсон улс” хэмээсэн бол орчуулагч Ж.Нэргүй “Би Жамъян ахын энэхүү шинэ номоос хоёр бүтээлийг зориуд онцолмоор байна. Түүний “Дашбалбар” өгүүллэг бол үнэнхүү сайн бүтээл.
 
Дашбалбар найрагчийг дотоод, гадаад хоёр талаас нь гайхалтай урласан. Мөн түүний “Хөх Хөхөлдэйн уул” хэмээх эссэ бол маш сайн бүтээл болсон. Бичлэгийн ур чадварын хувьд өгүүллэгийн мастер С.Эрдэнээ гуайн бичлэгээс давсан” гэж үнэлж байлаа. Мөн Д.Жамъян зохиолч зарим нөхөддөө талархал илэрхийлсэн юм.
 
Жишээ нь олон жилийн турш номын садан, итгэлт анд бололцож яваа Г.Аким гүүшид талархал илэрхийлэхийн сацуу саяхан Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртсэн Ж.Нэргүйд нөхдийнхөө өмнөөс баяр хүргэв. Мөн тэр өгүүлэхдээ “Бидний дундаас дэлхийн сонгодог зохиол лугаа нэгэн тууж мэндэллээ.
 
Тэр бол “Айн Жалудын цавчилдаан”. Үүнийг хэн бичсэн гээч. Нөгөө хэн ч мэдэхгүй, хэний ч танихгүй, хэний ч санаанд орохооргүй Ойдов маань ийм тууж биччихлээ шүү дээ” гэж онцолж байсан юм.
 
Б.Золбаяр