sonin.mn
Монголын түүх судлалд жинтэй хувь нэмэр оруулсан мэргэд бий. Тэдний дотроос А.Амар, Н.Магсаржав, Лхамсүрэнгийн буюу луга Дэндэв, Бүрд овогт Б.Буянчуулган, Б.Ширэндэв, Ш.Нацагдорж, Хөдөөгийн буюу Дамдины Пэрлээ, Д.Гонгор, Ч.Далай, Ш.Бира зэрэг олон олон түүхчдийг нэрлэж болно. 
 
Тэрчлэн Монголын нэн эртнээс эдүгээх хүртэлх түүхийг улируулан судалцгаасан нэгэн үеийнхнээс буюу БНХАУ-д түүхийн мэргэжлээр суралцсан, эрдмийн зэрэг хамгаалсан долоон хүн хийсэн бүтээснээрээ товойн цолгорч түүх судлалын шинэ шинэ чиглэлийг бий болгоход жинтэй хувь нэмэр оруулцгаасан билээ. 
 
Тэдгээр долоон хүн нэгэнтээ мөнхийн орноо ажирсан ч туурвил бүтээл нь гэрэлт хөшөө болон сүндэрлэж байна. ЗХУ гэдэг ганцхан цонхтой, тэр орны дагуул байсан түүхэн цаг үед өмнөд хөрштэйгөө найрамдах эх суурийг тавьсан Х.Чойбалсангийн түүхэн гавьяа их билээ. Монголын түүхийн нэн эртнээс янагших арвин баримт материалыг хадгалж үлдсэн хятад эх сурвалжийг судлах нь асар их ач холбогдолтойг ухаарч мэргэжилтнээ сургахад онцгой анхаарч байсны үр дүнд Монголын түүхийг шинээр үзэх үүдийг нээж өгсөн гэдэгт эргэлзэх зүйлгүй билээ. 
 
Лхамсүрэнгийн Жамсран (1929-2008) Түүхийн шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэрээд овогт, Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат. МУИС-ийн түүхийн ангийг 1953 онд дүүргэж УБДС, МУИС, НДС-д багш, тэнхмийн эрхлэгч, ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, тэргүүлэх ажилтан, профессороор ажиллаж байв. 
 
1957-1962 онд Бээжингийн их сургуулийн хэлний бэлтгэл, аспирантурт сурч дүүргэсэн. БНМАУ-ын түүхийн дээж бичиг (1968) дунд сургуулийн түүхийн сурах бичиг, “Соёл эрдэнэ” (1970), “Монголын сэргэн мандлын эхэн” (1993), “Монголын цагаагчин жилийн хувьсгал" (1991), “Дарьгангын сүрэг хошуу” (1994), “Дарьганга” (1999), “Монголын төрийн тусгаар тогтнолын сэргэлт” (1997), “Эсэн тайш хаан” (2000), “Монголын түүх судлалын өгүүллүүд-I" (2000),II (2008), “Орос дахь монгол угсааны улсууд” (1995), “Хятад дахь монголчууд” (1996) зэрэг олон сонгодог бүтээл туурвин үлдээжээ. 
 
Түүний санаачилгаар 1999-2006 онуудад хэвлүүлсэн “Монголын түүхийн бага нэвтэрхий толь” онцгой байр эзэлнэ. Атаач, хорон санаатны гүтгэлгээр ид туурвиж бүтээх хэдэн жилээ хэлмэгдлийн хар салхинд өнгөрөөж хохирсон хүн билээ. Тэрбээр XIX-XX зууны Монголын түүх судлалын томоохон төлөөлөгч мөн. Түүний ах Л.Ням-Осор гэдэг сайн түүхч, багш байснаас гадна хүү Ж.Баясах, Ж.Урангуа нь манай шинэ үеийн авьяаслаг түүхчид билээ. 
 
Тэд эдүгээ МУИС-д багшилцгааж, эрдэм судлалаа амжилттай үргэлжлүүлж байна. Түүний авааль хань Дэнсмаэ багш минь намайг долдугаар анги төгсгөсөн хайртай багш билээ. Жамсран багшийн охин Ж.Урангуа (1960 он) “XX зууны эхэн үеийн Ар Монгол дахь шинэтгэл” (1997), “Хэргэм зэрэг, цол өргөмжлөхүй” (2000), “Монгол хатад” (2000), “Монгол түүхийн хураангуй хэрэглэгдэхүүн” (хамтын бүтээл) тэргүүтнийг туурвижээ. Доктор, профессор хүү Ж.Баясах (1956) “Өмнөт Сүн улсын элч нарын тэмдэглэл XIII зууны Монголын түүх угсаатны зүйн сурвалж болох нь” (оросоор 1997 он), “Хятадын товч түүх” (2002) зэрэг бүтээл нийтлүүлжээ. Орос, хятад, англи хэлтэй.
 
Чимэдийн Жүгдэр (1927-1987) Монголын нэрт философич, түүхч, шинжлэх ухааны сурвалжлагч гишүүн тэрбээр хуучнаар Засагт хан аймгийн Ханхөхий уулын хошуу, эдүгээгийн Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, Элжигэн овогт, халх. Бага сургууль, Д.Сүхбаатарын нэрэмжит Цэргийн ерөнхий сургууль, Намын дээд сургууль дүүргэсэн. Бээжин, Москвагийн их сургуульд аспирантурт суралцаж эрдмийн зэрэг хамгаалжээ. 
 
Аймгийн намын хороонд бичээч, МХЗЭ-ийн Төв хороонд лектор, хэлтсийн эрхлэгч, Шинжлэх ухааны Академийн түүхийн хүрээлэнд ажилтан, тасгийн эрхлэгч, философи социологийн хүрээлэнгийн захирал, НДС, УБДС-д багш, тэнхмийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Орос, англи, хятад, түвд хэлтэй нэрт эрдэмтэн байлаа. 
 
Монголын философи сэтгэлгээний түүхийг нэн эртнээс эдүгээ хүртэлх үеийг хамарсан монголчуудын гүн ухаан, философи сэтгэлгээний түүхийг нарийвчлан үечлэн судалж судалгааны шинэ чиглэл, дэгийг бий болгосон гавьяатай хүн. Тэрбээр залуу үеийнхний эх оронч үзэл, ёс суртахууны чиглэлээр хэд хэдэн нийтлэг товхимол хэвлүүлсэн байна. 
 
Түүний олон жилийн турш дагнан судалж туурвисан "ХIХ-ХХ зууны зааг дахь Монголын нийгэм, улс төр, философи сэтгэлгээний хөгжил” (1972), “Агваанбалдангийн гүн ухааны үзэл” (1978), “ХV-ХХIII зууны Монголын нийгэм, улс төр, философи сэтгэлгээний хөгжил” (1989), “Чингисийн үеийн улстөрийн үзэл, цэргийн урлаг (1990) зэрэг мөнхийн бүтээлүүд бидэнд төдийгүй хойч үеийнхэнд сурах бичиг, гарын авлага болно. Түүний төрсөн нутаг Увсын Зүүнхангай сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгожээ. Түүх, философийн олон зуу, мянган шавь нар төрүүлсэн хүн билээ.
 
Нямбуугийн Ишжамц (1928-2000) Академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, 1956-1960 онд Бээжингийн их сургуулийн аспирантурыг, 1953 онд Москвагийн их сургуулийн түүхийн анги дүүргэсэн. Тэрбээр ХIII-ХVII зууны монголын түүхийг голлон судалж, “Манжийн дарлалыг эсэргүүцсэн Монголын ард түмний тэмцэл” (1755-1758 он), “Монголын нэгдсэн төр байгуулагдаж, феодализм бүрэлдэн тогтсон нь" (1982 он), “Монголын эзэнт гүрний гадаад харилцаа”, “АНУ-аас Монголын хувьд явуулсан бодлого, Монгол-Америкийн харилцаа 1900-1987” (1999 он) зэрэг сонгодог бүтээлүүд туурвижээ. 
 
Түүний нэг гавьяа бол Гурваннуурт босгосон Чингисийн хөшөөг нураах гэсэн хэнээтнүүдийн хуй салхинаас хамгаалж үлдээсэн явдал мөн. Түүний хүү доктор И.Саруул аавынхаа судалгааг үргэлжлүүлж эдүгээ Улсын Архивын газрын даргаар үр бүтээлтэй ажиллаж байна.
 
Цэвээний Санжаасүрэн (1930-1981) Эртний дэлхий дахины түүхээр мэргэшсэн, 1959-1962 онд Бээжингийн их сургуульд суралцсан, түүхийн ухааны эрдэмтэн, олон жил МУИС-д багшилсан, Улсын дээд, дунд хорооны хэлтсийн дарга, Ардын боловсролын яаманд орлогч сайд, нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж асан нэрт түүхч, сурган хүмүүжүүлэгч тэрбээр 1930 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төржээ. 
 
1938-1949 онд бага дунд сургууль, 1949-1953 онд МУИС-ийн түүхийн ангийг дүүргэжээ. Дээд, дунд боловсролын хорооны хэлтсийн дарга, их сургуулийн багш, декан зэрэг ажил алба хашиж байжээ. 1969 онд ЗХУ-д дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Тэрбээр Монголын боловсролыг боловсронгуй болгох, сургалтын чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх зэрэг олон талт ажлуудыг нэр төртэй гүйцэтгэж асан манай тэргүүний сэхээтний нэг мөн. 
 
Хорон муу санаатан, атаа жөтөөчдийн хар хор түүнийг тойроогүй юм. Социализмын эсрэг, намын эсрэг этгээд, үндэстний үзэлтэн гэж албан тушаалаас нь халж, хохироож байсан билээ. Гэвч дунд сургуулийн “Эртний дэлхий дахины түүхийн сурах бичиг”, “Эртний дэлхий дахины түүхийн дээж бичиг” хэмээх өрнө, дорны түүхийн арвин баялаг материалд тулгуурлан шилдэг номыг туурвиж 1982 онд 45000 хувь хэвлүүлжээ. 
 
Их зүйл бүтээх ид насандаа хорвоог орхисон нь юутай их гарз билээ. Түүний авааль хань Гимлайн Доржпалам “Сэрэлт” киноны орос эмчийн дүрээр мөнхөрснөөс гадна эмнэлгийн олон мянган дунд мэргэжилтнийг сурган хүмүүжүүлсэн эмч, багш байв. Санжаасүрэнгийн хүү С.Зориг, С.Оюун, С.Баяр нарыг Монголын ард түмэн төдийгүй дэлхий дахинаа мэдэх билээ.
 
Гүнжийн Сүхбаатар (1928-1995) Монголын эртний түүхээр дагнан судалсан гарамгай эрдэмтний нэг. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат. 1980-1988 онд атгаг хорон санаатны гүтгэлгээр хохирсон хүний нэг. 1952 онд МУИС-ийн түүхийн ангийг, 1959-1962 онд Бээжингийн их сургуулийн аспирантурыг дүүргэсэн. МУИС, холбооны сургалтын төвд багш, ШУА-ийн түүхийн хүрээлэн, Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан.
 
Хятад, орос, англи хэлийг төгс эзэмшсэн. “Монголчуудын эртний өвөг Хүннү”, “Монгол Нирун улс” зэрэг шинэлэг, дорвилоц олон бүтээл туурвисан. Бүтээлийнх нь таван боть хэвлэгдсэн. Тэрбээр сайн түүхч төдийгүй сайн орчуулагчдын нэг байв.
 
Элчинбуугийн Чимэдцэрэн (1924-1997) Түүхч, багш, эрдэмтэн тэрбээр Дорнод аймгийн Дашбалбар суманд төржээ. 1949-1953 онд МУИС-ийн түүхийн анги, 1957-1962 онд Бээжингийн их сургуулийн аспирантурыг дүүргэжээ. Дөч гаруй жил МУИС-ийн Монголын түүхийн багшаар ажиллаж олон мянган түүхчид, түүхийн багш нарыг сурган хүмүүжүүлжээ. 
 
Тэрбээр монголын эмэгтэйчүүдийн түүхийг тусгайлан судалсан эрдэмтний нэг юм.Түүний орчуулж оршил, тайлбар хийсэн “Харь орныг сурвалжилсан тэмдэглэл” хэмээх Монголын түүхийн сурвалж бичиг, “БНМАУ-д эмэгтэйчүүдийг нийгмийн дарлалаас чөлөөлсөн түүхэн туршлага”/1973 он/, “Монголын эмэгтэйчүүдийн мэдлэгийн уламжлал, шинэтгэлийн товч найруулал” /1978 он/ болон эрдэм шинжилгээний олон өгүүлэл сэлт нь монголын түүх судлалд хүндтэй байр эзэлсээр байна. 
 
Түүний хүү Жүгдэрийн Бор мэргэжлийн дипломатч бөгөөд Монголын гадаад бодлогыг дипломатын түүхийг дагнан судалж, “Монголын улс төрийн гадаад бодлого, дипломатын уламжлалын зарим асуудал” (1988 он), “Хиагтын гурван улсын гэрээ” зэрэг ганц сэдэвт бүтээлүүд бичиж хэвлүүлжээ.
 
Пэрэнлэйн Ядамсүрэн (1926-1971) Авьяаслаг түүхч, эрдэмтэн хүн байв. Тэрбээр Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат. 1949-1953 онд МУИС-ийн түүхийн анги, 1958-1963 онд Бээжингийн их сургуулийн аслирантур дүүргэжээ. 1953-1955 онд Улаанбаатар хотын болон Сүхбаатар, Чойбалсангийн музейн тайлбарлагч, 1956-1958 онд Улсын төв музейн захирал, 1963-1969 онд Улсын Төв музейн удирдах газрын даргаар тус тус ажиллаж байжээ. 
 
“Юань улсын мөхсөн шалтгаан” хэмээх бүтээлээрээ эрдмийн зэрэг хамгаалснаас гадна Мин улсын "Цао Му Цзы” гэдэг түүхэн зохиолыг монгол хэл рүү орчуулснаас гадна “Дарьгангын хуримлах зан үйл” хэмээх судалгааны томоохон өгүүлэл туурвиж, англи хэлнээс Майн Ридийн “Анчин багачууд” номыг орчуулжээ. Тэрбээр ид туурвих насандаа бусдын аз жаргалыг булаагч өөдгүй нөхрийн гайгаар хохирч сэтгэлээр гутарч ТМС-ийн багш хүртэл хийж яваад цэл залуугаараа хорвоог орхисон билээ. 
 
Тэрбээр тус улсын музейг жинхэнэ ёсоор хөгжүүлэх үйлсэд томоохон гавьяа байгуулсан хүний нэг билээ. Түүний охин Я.Оюунчимэг нэртэй зураач болж урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан билээ. Ийнхүү монголын түүхчдийн намтар зузаарч, туурвил бүтээл нь арвижсаар байна. Тэдний дотор дээрх долоон түүхч эрдэмтэн онцгой байр эзэлнэ. Оюун санааны хаалттай, хараат нийгэмд монголынхоо арвин түүхийн араг ясыг босголцсон дээрх долоон түүхч Монголын түүхэнд мөнхөд гялалзсаар байх болно.
 
Чүлтэмийн Энхдалай