sonin.mn
Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс өнөөдөр энэ бямба, ням гарагт Хүй долоон худагт болох  Хүрээ цам-Даншиг наадмын үеэр зохион байгуулах бурхан шашны зан үйлийн талаар мэдээллээ.
 
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн  Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран тэмдэглэн өнгөрүүлнэ. Иймээс наадмын эхний өдөр 06 цагт Чингисийн талбайд 500 лам сүсэгтэн олонд зориулан бурхны ном хурна.
 
Мөн Монголын таван хутагтаас гадна Буриад, Тува, Халимагаас хамба лам нар ирж ном хурж, ерөөл айлдана хэмээн Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд мэдээллээ.
 
Энэ үеэр лам нар Монгол түмэн, дэлхий ертөнц амар амгалан байх хийгээд бодсон санасан бүхэн  сэтгэгчлэн бүтэх, эрүүл саруул, урт наслах тухайтад зориулан ном айлдах юм.
 
Хүй долоон худагт болох Очирваань бурхны тахилгад 1000 орчим лам оролцоно. Наадмын үеэр лам нар ном хаялцан мэтгэлцэх, уншлагын уралдаан болон тосон балин урлах зэрэг тэмцээн болно.
 
Даншиг наадмаар дамжуулан үндэсний соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ  гэж зохион  байгуулагчид үзэж байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг