sonin.mn

 


Сүүлийн үед манай дарга нар газар, лусын эзэд, араб үлгэрийн бирд ч атаархам өгөөмөр, хоншим бодисадвагаас ч илүү нийгүүлсэнгүй дүртэй болжээ. Энэ юуны шинж вэ? Энэ сонгууль дөхсөний шинжээ гэж.

Төсвийн хөрөнгийг ч ёстой баруун, солгойгүй цацаж байна даа. Төсвийн хөрөнгө гэж дундаршгүй сав бололтой юм даг шүү.

Төсвийн хөрөнгө гэдэг бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгч гэхээр таны санаанд юун түрүүнд бизнесмэн, үйлдвэрийн эзэн, худалдаа, наймаа эрхлэгчид гэж бууж байж болох юм. Гэвч энэ бол тийм биш ээ. Аливаа хүн насан туршдаа, тэр бүү хэл үхэх, төрөхдөө ч татвар төлсөөр байдаг. Энэ хорвоод таныг угтан тосох өлгий, үдэж мордуулах авсанд хүртэл татвар шингээстэй. Иймд Архангай аймгийн 91,2 мянган иргэн бүр "Би татвар төлөгч" гэж омог бардам хэлэх, бас шаардах эрхтэй.

Татвар төлөгчдийн мөнгийг тэдний өмнө нийтлэг байдлаар тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхэд, нийтлэг эрх ашгийг нь хангахад эсхүл тэдэнд нийтлэг үйлчилгээ үзүүлэхэд л зарцуулах учиртай. Тэгвэл юунд зарцуулахыг нь хэн?, яаж шийдэх вэ?

Улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг зохицуулсан өч төчнөөн хууль тоггоомж байгаа боловч манай монголд Дарга нар л бүхнийг шийддэг хуучин социалист нийгмийн хандлага амь бөхтэй гэгч нь оршсоор л байна.

Дарга нар манай ард түмэн хөл бөмбөг тоглож сурах хэрэгтэй, сайн сурч байгаад яваандаа дэлхийн аварга болох ч юм билүү гэж шийдсэн бол татвар төлөгчдийн мөнгөөр хөл бөмбөгийн талбай /320,0 сая төгрөг/ барих ёстой болно. Би энд хөл бөмбөгийн талбай хэрэгтэй эсэх, ер нь хөл бөмбөг хэрэгтэй эсэх, бүр цаашлаад хөдөлгөөн эрүүл мэндэд тустай эсэх талаар яриагүй байна шүү. Тэгэж хадуурав.

Асуудлын гол нь түүндээ биш харин, татвар төлөгчдийн мөнгөер санхүүжүүлж байгаа тэр төсөл, арга хэмжээ жинхнээсээ татвар төлөгчдөд нэн тулгамдаад байгаа, нийтлэг асуудлыг нь шийдвэрлэж чадаж байна уу шийдвэрээ ямар журмаар, юуг, яаж үндэслэж гаргаж байгаа юм бэ
гэдэгтээ байгаа юм.

Татвар төлөгчдийн хөрөнгийг хэн нэгэн даргын багадаа мөрөөддөг байсан зүйл, эсвэл нэг л өглөө босоход нь төрсөн "сайхан санаа”-г хэрэгжүүлэхэд зарцуулж болох уу. Сайн даргын "сайхан санаа" болгон тэр бүр сайн үр дүнд бас хүргэдэггүй. Хятадын Их удирдагч Мао Зэ Дун-ы улс орныхоо төмөрлөгийн үйлдвэрлэлийг сэргээн мандуулж "Их үсрэлт" хийх гэсэн санаа нийтийг хамарсан өлсгөлөн, гуйланчлал, 30 сая хүний амь насны үнэтэй байсан байдаг. Гэхдээ санаатайгаар, тэгээд хорлочихъё гэж бодоогүй л байлгүй дээ.

Тэгэхээр яах ёстой вэ?

Шалгарсан ганц арга бол татвар төлөгчдөөсөө асуух явдал. Хөрөнгө оруулалтын эрэлт, хэрэгцээний судалгааг татвар төлөгчдөөсөө авах ёстой. Энэ судалгаагаар тухайн орон нутагт, жишээлбэл Цэцэрлэг хотод нийтэд хамааралтай, шийдвэрлэвэл зохих ямар тулгамдсан асуудлууд байгааг тодорхойлно. Бидний санхүүгийн нөөц хягаарлагдмал тул бүх асуудлыг нэг амьсгаагаар шийдвэрлэчих боломжгүй. Иймээс ач холбогдолоор нь эрэмбэлэх ёстой болно. Үүнийг ч мөн татвар төлөгчид л шийднэ. Арга зүй, аргачлал нь ардчилсан, хөгжингүй орнуудад хэвшээд нэгэнт тогтчихсон зүйл. Тэд чухам ингэж л иргэдийнхээ оролцоог хангадаг.

Бид нэгэнт ардчилсан чөлөөт нийгмийг сонгосон юм бол наад захын энэ мэт арга механизмыг өөриймшүүлэхзайлшгүй шаардлагатай. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй" гэсэн монгол сайхан зүйр үг байдаг. Энэ үгэнд хамтаараа хэлэлцвэл зөв шийдэлд хүрдэг гэсэн нэг санаа байхаас гадна муугаар бодоход буруудвал хэн нэгэн лүүгээ зааж чичлэх эзэн байхгүй гэсэн санаа давхар байх шиг санагддаг шүү. Эрхэм шийдвэр гаргагчид бас энэ тапаас нь ч бодолцоход гэмгүй.

Миний мөнгөөр миний дургүй, өөрийнхөө дуртай хоолыг захиалчихаад ид, уу, ид, уу гэж дайлж цайлаад дараа нь миний таргалсан, цатгалдсаныг, миний өмнөөс гайхаад зарлаад явж болохгүй биз дээ энэ чинь.


Хуульч, эдийн засагч Э.Дашзэгвэ

Эх сурвалж: "Архангайн амьдрал"