sonin.mn
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай бус байгаа энэ үед “Хүүхдийн тэнгэр“сангийн санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Цэгцүүхэй” цэцэрлэг байгуулах төсөлд олон нийтийг хандивын аянд нэгдэхийг уриаллаа.
 
“Тус цэцэрлэг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Гацуурт тосгонд  180 хүүхдийн багтаамжтай, өвлийн нэг, зуны 18 байр, дэргэдээ газар тариалан, мал аж ахуй эрхлэх тусгай талбай, ногоон байгууламжтай иж бүрэн цогцолбор байхаар төлөвлөжээ.
 
Цэцэрлэгийн барилгыг 2016 оны 6 дугаар сард  ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Төсөлд одоогийн байдлаар Үндэсний бие тамирын дээд сургууль, зарим хувь хүмүүс хандив өгсөн ” хэмээн "Хүүхдийн Тэнгэр сан"-гийн гүйцэтгэх захирал М. Төртогтох мэдээллээ.
 
Уг цэцэрлэг харааны, сонсголын, хэл ярианы, эд эрхтэний, оюун ухааны, хавсарсан хэлбэрийн нийт 3 бүлгийн 18 ангид тус бүр 10 хүүхэд буюу 180 хүүхдийг  24 цагаар хүлээн авах аж.
 
“Цэгцүүхэй” цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй  “2-5”насны хүүхдүүд хамрах боломжтойгоос гадна 60 гаруй хүнийг ажлын байраар хангах юм. Мөн  цэцэрлэгийн зүгээс ямар нэгэн төлбөр хураамж авахгүй, тухайн сангийн орлогоор санхүүжинэ гэлээ. Энэ оны статистик судалгаагаар улсын хэмжээнд 30 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэд байна гэсэн мэдээ бий.
 
"Хүүхдийн тэнгэр сан" нь 2014 оны 12 сарын 5-нд  байгуулагдаж, хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр хангах , тэдний боловсролыг дэмжих зорилготой хүмүүнлэгийн байгууллага юм. Сангийн элчээр 2013 оны Монголын мисс, “Miss World Mongolia 2015” үндэсний ялагч Н.Ану ажилладаг.
 
Э.Энхсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг