sonin.mn
Их жанжин Д.Сүхбаатарын гуч охин Д.Сүхжаргалмаа болон түүний ураг төрлийнхөн “Сүхбаатарын талбай”-н нэрийг өөрчилснийг эсэргүүцэж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байна.
 
1946 онд Сайд нарын зөвлөлийн тушаалаар Нийслэлийн төв талбайг Сүхбаатарын талбай хэмээн нэрийдсэн. 2015 оны долдугаар сарын 16 НИТХ-ын хуралдаанаар төв талбайн нэрийг өөрчилж Чингисийн талбай болгох шийдвэр гарсан. Энэ шийдвэр хууль зөрчсөн хэмээн Их жанжны гуч охин Д.Сүхжаргалмаа ярив.
 
Тэрбээр, Сайд нарын зөвлөл гэдэг бол одоогоор Засгийн газар гэсэн үг. Тиймээс Засгийн газрын шийдвэрийг орон нутгийн удирдлага өөрчлөх нь буруу. Үнэхээр өөрчлөх хүсэлтэй байгаа бол Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцэж шийдвэрлэх ёстой.
 
Тиймээс энэхүү хууль бус шийдвэрийг гаргасан нийслэлийн удирдлагуудыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна. Өнөөдрийн цуглуулсан гарын үсгийг шүүх хуралдааны үед ашиглах болно. Цаашдаа төв талбайн нэрийг эгүүлэн Д.Сүхбаатарын талбай гэж өөрчлөхийн төлөө тэмцэнэ” гэв.
 
Энэ үеэр иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
 
Сонгинохайрхан дүүргийн 1 хорооны иргэн Б.Бат-Очир, Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилснийг анхаасаа эсэргүүцэж байсан. Энэхүү талбайг Д.Сүхбаатарын нэрээр хүн бүхэн мэднэ. Энэ талбайг Чингис хааных гэж нэрлэхгүй байлаа гээд Их хааныгаа үгүйсгэж байгаа биш. Харин нэгийнх нь нэрийг өргөх гэж нөгөөгийн гавъяаг бүдгэрүүлж болохгүй.
 
Сүхбаатар дүүргийн 7 хорооны иргэн Г.Учрал, Чингис хааны нэрэмжит талбайг хаана ч байгуулж болно. Монголчууд хэт туйлширч байна. Чингис архи, пивоноос эхлээд Чингис хот гэж хүртэл байна. Энэ бүхэн чинь эргээд Их эзэн Чингис хааны нэрийг байдаг л нэг  шошго шиг үнэгүйдүүлж буйн хэрэг. Харин бид энэ хүний нэр хүнд, алдар гавъяаг эрхэмлэх хэрэгтэй.
 
Тиймээс Чингис хааны нэрэмжит талбай байгуулмаар байгаа бол төрсөн нутаг гэх Хэнтий аймагт нь байгуулах хэрэгтэй. Тэнд Чингис хот гэж байна. Тиймээс Чингис хотод нь нэрэмжит талбайг нь байгуулах хэрэгтэй. Олон үеийн турш нэрлэж ирсэн Сүхбаатарын талбайг заавал өөрчлөх гээд байх шаардлагагүй.
 
Баянзүрх дүүргийн иргэн Э.Гантулга, Саяхан цахим ертөнцөөр нэг зураг нэлээд их тархсан. Тэр зураг дээр нэг гадаад жуулчин Д.Сүхбаатарын хөшөөний өмнө зургаа татуулчихаад  “Чингис хаантай хамт” гэсэн тайлбар бичсэн байсан. Мэдээж хэрэг ш дээ, гадныхан бол тэгж л ойлгоно. Төв талбайн нэрийг өөрчилснөөр гарч буй сөрөг үр дүнгийн нэгээхэн илрэл бол энэ жишээ. Тиймээс Чингис болон Сүхбаатарын талбайг салгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Чингисийн талбайг өөр газар байгуулах нь зөв шийдэл юм.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг