sonin.mn
"Охь дарсаар тайлагдашгүй 
Оросын гуниг их ч 
Үхсэнээ мартах сэтгэлгүйдээ
Үнэхээр бид хүчтэй"
 
Оросын их яруу найрагч Е.Евтушенко нэгэнтээ чингэж хэлсэн байдаг. 
 
Мөнхүү манай нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж багш,
 
"Амьд хүнд хайр хэрэгтэй 
Үхсэн хүнд алдар" 
 
хэрэгтэй хэмээн шүлэглэсэн нь нэгэн талаар дээрх шүлэгтэй утга учиг уялдаатай мэт. Гэтэл манайхны хэлдэг нэгэн дэл сул гэмээр үгэнд, 
 
"Үхсэний хохь
Амьдын зол"     гэсэн байх аж. Энэ яриа нэг л таатай бус санагдана. За энэ ч яахав. Харин эх орныхоо төлөө дайн тулаанд явж эрэлхэг гавьяа байгуулсан хүмүүсээ л хэзээ ч мартмааргүй, гавьяа зүтгэлийг нь бүдгэрүүлэн умартмааргүй, ул суурьтай судалж сурвалжлан улам улмаа алдаршуулан мөнхжүүлж баймаар. 
 
Тиймээс бивээр, ирэх онд тэмдэглэх 1939 оны халх голын дайны их, ялалтын ой, өдгөө тэмдэглэн буй 1945 оны чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойн босгоноо нэгэн эрэлхэг дайчны тухай дуулж сонсож, уншиж мэдсэнээсээ цухас боловч та олондоо толилуулсу. 
 
Залуу идэр насандаа эх орноо хамгаалах энгүй их хэрэгт гарамгай гавьяа байгуулж, мөр зэрэгцэн тулалдаж асан дайчин нөхдөөсөө Эх оронч хэмээх эрхэм алдрыг хүртсэн боловч чухам яагаад юунаасаа ч юм тухайн үеийн нам засаг нь хүртээх ёстой цол шагналаа төдийлөн өгөлгүй гээж хоцроосон энэ нэгэн хүмүүн бол хуучнаар Засагт хан аймгийн Тарган баатар вангийн хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Буянхишигийн Чойжилжав агсан юм.
 
Түүний намтрыг товч сөхвөл, 1914 онд төрсөн. Хорин нэгэн насандаа Ардын цэрэгт мордсон. Чингээд 1935-1951 он хүртэл цэргийн алба хааж, жирийн байлдагчаас бага дарга, заставын дарга, сумангийн даргаар дэвшин гялалзтал ажиллаж яваад, тавиад оны эхээр алдарт Байтаг богдын застав татан буугдахад арга буюу халагдаж, энгийн ардын амьдралд шилжин Налайх дахь хорих ангид уурхайн эрхлэгч, НАХЯ-нд сурган хүмүүжүүлэгч салаан дарга, ЭХЯ-нд бактер шинжилгээний лабораторийн мөнгөний нярав, Говь-Алтай аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуйд жолооч зэрэг ажил төрлийг чин шударгуу хичээл зүтгэлтэйгээр хийж явсаар насан элжээ. 
 
Тэрбээр халх голын болон чөлөөлөх дайн хийгээд тавиад оны баруун хилийн амь дүйсэн хүнд бэрх тулалдаанд застав, сумангаа удирдан оролцож эр зориг, авхаалж самбаа, зохион байгуулах авьяас чадвараараа шалгаран Эх оронч хэмээн алдаршжээ. 
 
Энэхүү нэр цуу нь өдгөө ч олноо мартагдсангүй нь чухам нэгийг хэлж хоёрыг үгүүлсээр байна. Б. Чойжилжав агсан хориод жил эх орон, дархан хил хязгаараа батлан хамгаалах эрхэм үүргийг гүйцэтгэж явахдаа удаа дараа дайсны нутгийн гүнд орж тусгай үүрэг гүйцэтгэж, авсан даалгавраа цог золбоотой биелүүлж явжээ. 
 
Тухайлбал, 1937 онд Хятадын Шинжаан мужийн хил залгаа нутаг Эзэнгол, Алшаа, Цахар болон Хятадын мужуудтай хил нийлэн орших нутгаар онцгой даалгавар гүйцэтгэж, хязгаарын цэргийн хүчийг гол чиглэлд төвлөрүүлэхэд гарамгай үүрэг биелүүлжээ. Үүгээр ч зогсохгүй 1940 онд Монгол ардын цэргийн X дивизийн 23 дугаар отрядад мөн л тусгай үүрэг гүйцэтгэх тушаалтайгаар зүүн хязгаарт ирж олон удаа нууц тагнуул туршуулд явж даалгасан чанд хатуу бүхнийг шантралгүй бүрэн дүүрэн гүйцэтгэж байжээ. 
 
Ийнхүү нэгэн удаа тусгай үүрэг хүлээн удаан хугацаагаар яваад ирэхэд нь эхнэр Цагаан нас барчихсан. Өнчин хоцорсон хүүхэд нь тус отрядад цуг алба хааж байсан Оригийн эхнэр Буриадын асран хамгаалалд байсан гэдэг. Хүүхэд нь ч тэр айлд бүр дасчихсан байж. 
 
Чингэтэл түүнийг хүүхдээ сайн санаат хүмүүст үрчлүүлээд Улаанбаатар хотод тусгай албанд мэргэжих нэгэн улирлын түр сургуульд суухыг үүрэг болгожээ. Тэр ёсоор суралцаж төгсүүт нь түүний шөнө дүлээр түргэн авахуулж, анхлан очиж асан Ховдын хязгаарт нь дахин алба хаалгасан байна.
 
Б.Чойжилжав агсан 1945 оны чөлөөлөх дайны үед л гэхэд, сумангийнхаа бие бүрэлдэхүүний хамт Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин, Хянган аймгийн Солон, Дөрвөд хошуудын нутагт орогнож байсан дайсагнагч оргодлуудыг баривчлах, давшилтын үед тал бүр тийшээ зугтан эмх замбараагаа алдсан ард иргэдийг хэвийн аж төрөлд шилжүүлэх, өөрийн улсын нам төрийн бодлогыг ухуулан сурталчлах, айл өрхийн амьдралыг хэвийн тайван болгох үүрэг даалгавар авч хэрэгжүүлж явжээ. 
 
Үүний зэрэгцээ Ардын цэргийн 23 дугаар отрядын II сумангийн дарга Б.Чойжилжав агсан нь Отрядын дарга Баатарсүрэнгийн удирдлага дор Соёлз уулаар хил даван оргон зугтаж буй япончуудаас хятадын төмөр замын Учагоу станц, Солонбаргын төв Солон хотыг чөлөөлөх байлдааны үүргийг бүрнээ биелүүлээд, эх орондоо эргэн иржээ. 
 
Энэ хүнд бэрх үүрэг даалгаврыг наймдугаар сарын эхнээс аравдугаар сарын сүүлч хүртэлх гурван сар шахмын хугацаанд гүйцэтгэсэн байна. Тэхүйдээ энэхүү отрядын хоёр салбар японы гурван офицер, арван нэгэн бага дарга, далаад цэргийг баривчилсан байдаг. 
 
Харин 1946 оноос Оспан гоминданд урваж, тэрхүү дээрэмчид баруун хилээр дайсагнахуйд түүнийг таслан зогсоохоор хязгаарын цэргийн удирдлага шилдэг офицер, цэргүүдээ баруун хилнээ татахад Б. Чойжилжав агсан мөн л Дорнодоос Ховдын хязгаарт очиж V отрядын Байтагийн сумангийн даргаар томилогджээ. 
 
Энэ бол тус хилийн хамгийн аюул түгшүүртэй галын цэг байжухуй. Чингээд Байтагийн нурууны олон удаагийн тулгаралт тулалдаанд оролцжээ. Тухайлбал, 1947 оны хавар гоминданы хороо орчим цэрэг Байтаг богдын Хужиртын голд орж ирэн байрлаж ахуйд түүний салаа анхлан илрүүлж, удирдлагадаа илтгэсний дагуу тэднийг эх орноосоо хөөх байлдаанд салаагаа удирдан онцгой гавьяатай оролцжээ. 
 
Тодруулбал, тэрхүү гоминданы цэргийн хороонд эхлээд манайхан өөрийн нутгаас даруй гарахыг тулган шаардах бичиг өгчээ. Уг бичгийг Б.Бадам, Б.Чулуудай нарын элчээр хүргүүлсэн байна. Гэтэл гоминданыхан Бадамыг авч үлдэн тамлан хороожээ. Б.Чулуудайг буцаан явуулж, дарга нараасаа дагуулж ир хэмээн шаарджээ.
 
Ийнхүү тэдний тулган шаардалтад гоминданыхан хариу үл өгснөөр барахгүй элчийг нь тамлан хөнөөсөн тул тус хил хамгаалалтын төв удирдлага дайсныг цэрэг зэвсгийн хүчээр хөөн гаргахаар шидвэрлэжээ. 
 
Чингээд зургадугаар сарын эхний өдрөөс ДЯЯ-ны сайд асан Цэргийн яамны газрын дарга, хошууч генерал Б.Шагдаржавын удирдсан Цэргийн яамны тусгай хэсэг, Б.Чойжилжав даргатай хилийн суман, хошууч генерал М.Зайсановын нисэх эскадрилтай хүчин хавсран хил нутагт цөмрөн суурьшсан тэрхүү гоминдан, оспаны зандалчдыг эх орноосоо хөөн гаргах тулааны бэлтгэлийг хангажээ. Төд удалгүй уг байлдаан ч эхэлж.
 
Тагнуулын мэдээ болон олзлогдсон этгээдийн мэдүүлгээр гоминданыхан оспаныхантай хамтарсан цэргийн хүчээр Байтаг орчмын газар нутгийг түрэмгийлэн эзэлж, улмаар хориглон хамгаалж бэхжих зорилготой аж. Тандвал, дайсан ч тулган шаардах бичиг аваад хориглолтод шаргуу бэлтгэж буй нь мэдэгджээ. 
 
Тэдний цэргийн хүч, байлдааны зэр зэвсэг, сум хэрэгсэл, уналга, хувцас,хоол хүнсний хангалт манай хилийн дайчдынхаас илт давуу байсан байна. Гэсэн ч манай тал байлдааныг зургадугаар сарын 5-ны өглөө М.Зайсановын нисэх эскадрил дайсныг бөмбөгдөн галын бэлтгэл хийснээр эхэлж, Д.Цэрэнжавын батальон, Б.Чойжилжавын сумангийн морин болон явган цэрэг атаклан бут цохих шийдвэр гаргажээ. 
 
Гэтэл Д.Цэрэнжавын батальон шөнийн марш үйлдэхдээ төөрч Уушигаас Хужирт руу бус Нарийнхаргайт тийш явчихсан байна. Харин тогтоосон цагт М.Зайсановын эскадрил дайсны байрлалыг бөмбөгдөхөд атакын заагт зөвхөн Б.Чойжилжавын суман л байжээ. Энэ үед Д.Цэрэнжавын батальон арван км хол зайтай, Генерал Б.Шагдаржавын хээрийн командын байр хорь орчим километр алс Талынхар орчим байж. Тэгээд ч дайсан нэг хэсэг сандарч үймэлдсэнээ удалгүй сэхээрэн ашигтай байрлал эзлэн манайхныг тосон байлдсан байна. 
 
Гэтэл командлалаас нь эл байлдааны өмнө тодорхой тушаал өгөөгүй учир нэгдсэн зохион байгуулалт, харилцан хамтарсан тулаан хийгдсэнгүй. Тиймээс аль салбар нь юу хийхээ мэдэхгүй, юу хийж байгаа нь ч мэдэгдэхгүй, радио холбоо ч үгүй зөвхөн бие холбоочноор холбоо барих гэж оролдоцгоож байжээ. Энэ хүнд бэрх үед эх оронч бага тушаалын дарга цэргүүд ямар ч удирдлага, холбоогүйгээр дайсантай бүтэн арван хоёр цаг тулалдсан байна. 
 
Энэхүү эмх замбараагүй байлдааны явцад гоменданыханд оспаны цэрэг хүч нэмэгдэн ирж, фронтын нэгэн үзүүрийг ширүүн дайрахад, тэнд хориглож асан манай нэгдсэн удирдлагагүй байсан дарга, цэргүүд арга буюу хүч түрэгдэн ухарчээ. Дайсан ч манайхныг бүрэн бүслэхээр давшицгаасан байна. Энэхүү цагийн байдлын мэдээг арайхийн хүлээн авсан генерал Б.Шагдаржав гол хүчиндээ ухрах тушаал өгчээ. Гэвч эл тушаал Б. Чойжилжавын суман болон Ж. Жоналбалханы хүнд пульмётын салаанд хүрсэнгүй. 
 
Тэгээд ч тус салаа ихээхэн хохирол амсаж, салаан дарга нь болон арваад дайчид амь эрсэджээ. Харин Б.Чойжилжавын суман дайсны бүслэлтийг сэт цохиж, тэдэнд багагүй хохирол учруулаад бүрнээ гарч иржээ. Мөн хоорондоо тусгаар тулалдаж явсан түүний сумангийн туслах Ж.Нэхийт нарын тав зургаан цэрэг дарга нар дайсны бүслэлтэд хэд дахин орсон боловч бараг бүх сум хэрэгслээ дуустал тулалдсаар дайсны гүн ар тал руу цөмлөн гарч шөнөжин явсаар Нарийнхаргайтын эхээр даван нөхөдтэйгөө нийлсэн байна. 
 
Энэ үед штабын удирдлага нь Б.Чойжилжавын суман, Ж. Нэхийтийн бүлгийг устсан хэмээн үзэж, хохирлын тооцоонд оруулсан байжээ. Эдгээрт хилэгнэж бухимдсан Б.Чойжилжав штабын дарга удирдлагадаа хатуу үг хэлж, зарим нэгийг нь алгадсан байдаг. Энд нэгэн зүйлийг тодотгон дурьдахад, Б.Чойжилжав ийнхүү эх орноо амь дүйн хамгаалж явах үедээ Ховд аймгийн Булган сумын монгол бичгийн багш бүсгүй П.Пэлжээтэй танилцаж, гэр бүл болсон байдаг. 
 
Тэгэхдээ тэр хоёр Байтаг богдын тулалдааны үеэр сум, бөмбөгний шарх авсны улмаас хожмоо насан туршаа зовиурлаж явжээ. Тэгээд ч гэргий П.Пэлжээ нь ханийнхаа энэхүү эрэлхэг баатарлаг гавьяат үйлсийг мэдэхийн сайн нь мэддэг болохоор, “Энэ хүнийг хайрлах улс нь хайрлахгүй байлаа ч гэсэн би түүний ороор хайрлах ёстой юм” хэмээн ярьдаг байсан гэдэг. 
 
Энэ тухайтад ахмад дайчид болон хожмын зарим судлаач, зохиолч, сэтгүүлч нар төдийгүй үр хүүхэд нь дурсан, бичиж тэмдэглэсэн байдаг юм билээ. Ер нь Б.Чойжилжав хар багын хүрээ хийдэд шавилан сууж ахуйдаа л “Тархигүй шар” хочтой, бэрх, сэргэлэн хоёр нь дэндсэн хүүхэд байсан гэдэг. Авга ах гавж лам нь зодохлоор, Гавжийн бэрээ зөөлдөөд Гамбиртай цай нь багадаад Лайтай төрсөн намайг Ламын гэрээс явуулж хайрла гэж мөргөж байгаад нэг өдөр хоёронтоо гөвшүүлж байсан хэмээдэг. 
 
Сүүлдээ бүүр “Есөн эрүү” хэмээх хоч нэртэй болсон Чойжилжав нь их хөдөлгөөнтэй, хүнд тусч, зөв дэггүй хүүхэд байсан гэж олноор ярьцгаадаг байсан ажгуу. Мөнхүү энд нэмэн тэмдэглэхэд, тэрбээр, цэрэгт дайчлагдахаасаа аль өмнөө нутаг усандаа ёстой шагайснаа онодог, санаснаа авдаг, шаламгай гөрөөч, бууч, мөрч гэгддэг байсан ажээ.   
 
Энэ тухайтад нь нутаг нугын нь өвгөд хөгшид, үе чацуут нөхөд нь үлгэр домог мэт үгүүлцгээдэгсэн гэх ажгуу. Чухам тэрбээр ийм л цовоо цолгин, эрмэг зоригтой, шийдмэг тууштай эгэлгүй хурц овсгоо самбаатайдаа тэр хүнд бэрх дайн тулаанд баатарлан цолгорч Эх оронч хэмээх эрхэм алдрыг дайчин нөхдөөсөө авчээ. 
 
Түүний энэхүү гавьяа зүтгэлийг тухайн үеийн нам, засаг тодорхой үнэлээгүй нь доорхи шалтгаантай мэт. 
Нэгдүгээрт: Б.Чойжилжав нь Богд хаант Монгол Улсын цэргийн яамны шадар сайд, баатар жанжин, чин ван С.Базарваанийн ясан төрөл угсаа, 
Хоёрдугаарт: хилийн гадна, дайсны гүнд тусгай нууц үүрэг гүйцэтгэж явсан төдийгүй ихэвчлэн суман, салааны дарга офицер тушаалтай байсан 
Гуравдугаарт: маш шударга зоригтой, дарга удирдлагынхаа алдаа дутагдлыг шууд улаан нүүрэн дээр нь тасхийтэл хэлдэг, заримыг нь алгадчихаж хүртэл явсантай нь холбоотой болов уу.
 
Харин Ардчилсан хувьсгалын эхэн үед түүний энэхүү гавьяа зүтгэлийг нэхэн үнэлүүлэхээр Монгол Улсын баатарт тодорхойлж байсан боловч бас л үл мэдэх байдлаар өнөө хэр чимээгүй гэх ажээ.
 
Гэсэн хэдий ч Эх оронч Б.Чойжилжав агсны “Би цэргийн хүн, наадам мэдэхгүй, дайнд зориулагдсан нэг ёсны чонон сэтгэцтэй, баран зоригтой, шонхор овсгоотой, үхэхийг биш дийлэхийг сэтгэдэг. Би эх орон, нутаг ус, өвөг дээдэс, эцэг эхийнхээ өгсөн хийморь сүлдэнд залбирдаг, өөр юунд ч залбирдаггүй. 
 
Миний зүрх, элгэнд Баянхайрхан минь байнга оршидог. Уул хүний зүрхэнд багтана гэдэг гайхамшиг. Халхын голын дайны үед намайг хил хамгаалах албаны хүнд бэрхийг давж туулахад Баян, ээж хоёр минь аварсан, Чөлөөлөх дайны хилийн шугам хамгаалалтын хэцүү хатууг үүрч гарахад Баян, ээж хоёр минь л аварсан. Баруун хилийн тулалдаанд Баян, ээж хоёр минь л аварсан. Нэг ёсны дайн дажны үеийн хийморь сүлд, аз хайрласан” хэмээж асан үг нь өдгөө ч бидний хожим хойчийнхны нүднээ дурайж, чихнээ сонсогдсоор авай.
 
Яруу найрагч Л.Мягмарсүрэн