sonin.mn
Сэлэнгэ аймгийн “Амарбаясгалант” хийдэд жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Бумбаны”-ны баярын утга, хийгээд зан үйлийн талаар тус хийдийн хамба лам М.Лувсанмоломоос тодрууллаа.
 
-Энэ жилийн “Гонгорын бумба”-ны тахилга арга хэмжээ өргөн дэлгэр болж байна. Энэ тахилгыг ямар учраас хийдэг юм вэ?
 
-Гонгорын бумбыг манай Амарбаясгалант хийд 22 дахь жилдээ тахиж байна. Гонгорын бумбыг тахиж шүтсэнээр ямарваа нэг харшлах зүйл тухайн айлд байхгүй. Гонгорын бумбыг жилдээ нэг удаа заавал тахиулах шаардлагатай. Гонгорын бумбаа бүсэлхийнээс дээш, хазайлгалгүй, доош нь харуулалгүй авч явах ёстой.
 
Гонгорын бумбыг тахиж шүтсэнээр тухайн айлд заяа буян дэлгэрэх, нас нэмэх, мал арвижих, орон нутагтаа мөн ялгаагүй бороо хур дэлгэрэх, өвөлдөө зудгүй, зундаа ган гачиггүй байхын үүднээс тахиж шүтдэг. Манай хийд 1993 оноос эхэлж тахисан.
 
Тухайн үедээ 10 гаруйхан бумба бүтээж байсан байдаг. Гүрдавааренбүчи монголд ээлээ өгнө өө гэж бүтээсэн. Энэ 22 жилийн хугацаанд ямархуу хэмжээнд дэлгэрч түгж буйг түмэн маань тольдон харж байгаа байх. Одоогийн байдлаар нэг түм орчим бумба “Амарбаясгалант” хийдэд  цуглаж, тахилгаа хийдэг боллоо.
 
-Бумбаны тахилга дээр ирсэн хүмүүс бумбаа 3 жил тахиулах ёстой гэж ярьдаг. Эсвэл жил бүр тахиулаад л байх ёстой юу?
 
-1993 оноос өнөөдрийг хүртэл тахиулж байгаа хүмүүс ч бий. Андуу ташаа мэдээллээс болоод 3 жил тахиулчихаад завсарлаж байгаа хүмүүс ч байна. Уг нь жил бүр тахиулах ёстой юм. Амарбаясгалант хийдийн тахилга жилд 6-р сард, 8-р сард хоёр удаа болдог.
 
Энэ хоёр тахилга бол ялгаа байхгүй ижил. 8 дугаар сарын тахилга ингэж дэлгэр болоод байгаа нь хүмүүсийн амралттай холбоотой байх. Сүсэгтэн олондоо хандаж хэлэхэд 6-р сарынхаа тахилгад ирээд оролцвол 8-р сард хүмүүсийн хүрэлцээ багтаамж сийрэгжиж өгөх учиртай юм.
 
Гонгорын бумбыг залж авчирсан хойноо зохион байгуулж байгаа орон нутаг, цагдаа, Амарбаясгалант хийдийн захиргааны сануулгыг маш сайн дагаж мөрдөн, мэдээлэл сайтай байж, хурал номдоо оролцох юм бол тухайн сүсэгтэн олны хийсэн буян төгс болох юм шүү гэдгийг сүсэгтэн олондоо хэлмээр байна.
 
-Энэ удаагийн Гонгорын бумбаны тахилгын хуралд гадаадаас лам нар ирсэн харагдаж байна?
 
-Тиймээ. Энэтхэгээс манай хийдтэй харилцаа холбоотой байдаг лам нар ирсэн байгаа.
 
 -Ажиглаад байхад зарим хүмүүс хүнээр бумбаа дайж явуулаад байна л даа. Ингэж болох уу?
 
-Өнөө үеийн нийгэмд хүмүүс маань маш их хөдөлмөрлөж байна. Үнэхээр ажил цаг зав нь болохгүй байгаа тохиолдолд итгэлтэй сайн хамаатан садны хүмүүсээрээ дайгаад тахилгаа хийлгэчихэж байгаа тохиолдол байгаа. Ингэж болохгүй гэсэн зүйл байхгүй. Болно.
 
-Энэ жил “Амарбаясгалант” хийд дээр өөр ямар томоохон хурал номын зан үйл болох вэ?
 
6-р сар, 8-р сарын тахилга маань боллоо. Зуны сардаа манайд Майдар эргэх гэж зан үйл болдог. Манай хийд 2002 оноос өнөөдрийг хүртэл цам гарсаар ирсэн. Цам маань бурхны шашны зан үйлийг, бурхны дүрийг олон түмэн, сүсэгтнүүддээ таниулах зорилготой зан үйл байдаг. Энэ жил энэ зан үйл маань 9-р сарын 12-нд болох тул сүсэгтэн олноо “Амарбаясгалант” хийдэд морилоорой гэж урих байна.
 
-Энэ жил Сэлэнгэ нутаг маань жаахан гандуу байгаа. Гэтэл хийдийн маань орчим маш сайхан ногоон байх чинь?
 
-Хийд дээр 10 гаруй жил ирж байгаа сүсэгтэн олон маань таньж мэдэж байгаа. Бороо дандаа ордог. Сая их хэмжээний бороо орж сүсэгтэн олон маань ирэхэд жаахан хүндрэлтэй болсон хэдий ч хурлын эхний өдөр сайхан нар гарч, газар ивэрч, зам ямар ч саадгүй болсон харагдаж байна. Бороо хур ингэж тэгширдэг нь бумбатай холбоотой байх гэж бид өөрсдөө боддог. Учир нь аливаа зүйлийг арвитгах, дэлгэрүүлэхийн тухайд энэхүү бумбыг тахидаг учраас бороо хур ч ялгаагүй арвитдаг боловуу гэж бид нар боддог.
 
-Хийдийн ойр орчны уулан дээр тарниуд байна. Энэ юу гэсэн утгатай бичиг үсэг байна вэ?
 
-Энэ уулан дээр байгаа тарни бол язгуурын гурван бурхны зүрхэн тарни байгаа. Очирваань, Манзушир, Жанрайсаг гэсэн гурван бурхны зүрхэн тарни юм. Энэхүү гурван бурхан маань их нигүүлсэнгүй их нирвааныг билэгддэг. Энэ бол сүсэгтэн олон харах төдийд буян хураадаг ийм хүчтэй тарни. Иймээс уулан дээр хүний нүдэнд маш эл газар байрлуулж залсан байгаа.
 
-Сүсэгтэн олондоо хандаж ерөөлөө хайрална уу?
 
-Нийт сүсэгтэн олны маань арван цагаан буян нь арван зүгтээ дэлгэрч, үүрдийн үүрд, үеийн үед буян тань дэлгэрч байх болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг