sonin.mn
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, фашизмын эсрэг дэлхийн хоёрдугаар дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний чухал бүрэлдэхүүн хэсэг-9-р сарын 3-нд Бээжин хотын Тянь Ань Мэний талбайд болох цэргийн парад дэлхий дахин, хүн төрөлхтний анхаарлын төвд байна.
 
Өдгөө, гадаадын 17 орны жагсаалын хайрцаг, төлөөлөгчдийн баг Бээжин хотын нэгэн дүүрэгт байрлах бэлтгэлийн баазад очиж, бэлтгэл дасгалаа шаргуу хийж байна. Саяхан манай сурвалжлагч бэлтгэлийн баазад очиж, Монгол улсын жагсаалын командлагч, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнийг сурвалжилсан юм. Тэрээр, Монгол улсын цэрэг дайчид парадад алхахад бэлэн байна гэв.
 
                                                      Монгол цэргийн удирдлагууд 
 
Дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ жагсаалын бүрэлдэхүүний талаар танилцуулж хэлэхдээ, "Нэг фронт 7 эгнээтэй, 10:7 харьцаатай 70 хүн. Хайрцгийн өмнө Монгол улсын төрийн далбаа, хоёр хамгаалагчтай, урд талд нь миний бие, нийт 74 хүн алхахаар бэлдэж байна.
 
Мөн 2 хүний нөөц бий. ОХУ-ын Улаан талбайд болсон парадад алхсан бие бүрэлдэхүүнээс 20 гаруй залуус оролцож байна. Залуус юм үзэг, цэргийн хүмүүс, цэргийн жагсаал ямар төвшинд байна, цэргийн дүрэмт хувцас, алхаа гишгээ, жагсаал аль төвшинд явна гэдгийг хараг гэдэг үүднээс голлон залуусыг оролцуулж байна" гэв.
 
Хятад Монгол хоёр тал эхний ээлжийн төлөвлөлтийн хурлыг бүрэн амжилттай хийсний дүнд, Монголын жагсаалын төлөөлөгчид 8-р сарын 15-нд Бээжинд ирж, бэлтгэлийн баазад нэгдсэн сургуулиа амжилттай хийж байна.
 
                             Монголын цэрэг дайчид нэгдсэн бэлтгэл хийж байна
 
 
Бэлтгэлийн талаар Б.Хаш-Эрдэнэ хэлэхдээ, "Монгол улсад бид 7 дугаар сарын 6-наас зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар томилогдсон комисс бие бүрэлдэхүүнээ сонгон шалгаруулж бэлтгэл хийж эхэлсэн. Хүн нэг бүр, эгнээ, салаа тасгийн жигдрэлт, салбарын жигдрэлт гэсэн үе шаттайгаар бэлтгэл хийсэн.
 
8-р сарын 15-наас БНХАУ-д ирж өдөрт 8-10 цагийн бэлтгэл хийж байна. Хамтарсан бэлтгэлийг хоёр удаа Хятадын талтай хамтарч хийлээ. Бүх орнууд яг л парадад яаж явах, яг тэр үеийнх шиг жагсаж хоёр удаа хамтарсан бэлтгэл хийлээ. Монгол цэргүүдийн тухай тэд нэр заасан дутагдал алга, хэмжээ алдсан зүйл үгүй" гэв.
 
Улс орнуудын парадын хөгжим, жагсаалын хэлбэр маяг өөр өөрийн онцлогтой. Энэ нь жагсаалын шинэ сорилт болж байна.
 
Энэ талаар Б.Хаш-Эрдэнэ хэлэхдээ, "Манай орны хувьд минутад 120 хүртэл хурдан алхаатай. Хоёр хөлийн хооронд 70 см-ын зайтай. Оросын цэргүүд гэхэд минутад 124 хүртэл алхаж байлаа. Хятад цэргүүд минутад 112 алхдаг. Бид энэ улсын дэг жаяг, маршийн аялгуунд тохируулж алхана.
 
Хөл хоорондын зай, өргөх нь их нарийн зохион байгуулалттай. Бид тэр ёсоор нь бэлдсэн. Маршийн аялгуунд хурдыг тохируулж, хурднаас гадна хоёр хөлийн хоорондын зайг тохируулна гэдэг бол амаргүй асуудал шүү дээ. Нэг бол урагшлаад нэг бол хойшлоод, нэг бол татаад нэг бол яваад байх юм бол жагсаалын утга алдагдана."
 
                                                     Эгнээний бэлтгэл хийж байна
 
9-р сарын 3-нд болох цэргийн парадад давуу талаа харуулахын тулд улс орнуудын цэрэг дайчид хүчээ сорьж бэлтгэл хийж байна. Зохион байгуулах талын бүрэн үйлчилгээ нь тэдний бэлтгэлд хүчтэй дэмжлэг болж байна.
 
Дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ, "Цэргийн хотхоны үйлчилгээний нөхцөл маш сайн байна. Өндөр зохион байгуулалттай, гадаад дотоод руу ярих утас, интернет, кабелын телевиз бэлэн юм. Улс орон болгон тус тусдаа нэг орцоор дөрвөн давхар байшинд хуваагдан байрлаж байна.
 
Цэргүүд дандаа дөрөв дөрвөөрөө сууна. Удирдлагын хувьд ганцаараа. Хоол ундны хувьд сонголт ихтэй. Чийглэг халуун болохоор цэргүүд их хөлөрч байна. Бэлтгэлд орж ирээд бүгд ус цасанд орж, чөлөөт цагаараа теннис, усан бассейн, бильярд, сагс волейбол зэрэг дуртай спортоороо хичээллэж болно"
 
                                               Эх орондоо нэгдсэн бэлтгэл хийж байна
 
Монгол улсын жагсаалын командлагч, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ хүндэт харуулын албанд 6 жил алба хаасан юм. Энэ оны 5-р сард ОХУ-ын Москвагийн Улаан талбайд болсон агуу их эх орны дайны ялалтын парад, 7-р сард Монгол улсын төрийн далбааны баяраар болсон зэвсэгт хүчний жанжин штабын жагсаал, мөн 9-р сар Бээжин хотын Тянь Ань Мэний талбайд болох дэлхийн фашизмын эсрэг дайны түүхт 70 жилийн ойн парадад оролцох гэж байна.
 
                                                    Монголын жагсаалын хамт олон
 
Тэрээр, "Би чинь цэргийн хүн шүү дээ. Цэргийн хүн янз янзын мөрөөдөлтэй байдаг байх. Энэ жил 3 том парадад оролцлоо, маш их баяртай байна. Энэ бол цэргийн хүнд нэг их олдоод байх хувь заяа биш шүү дээ. ОХУ-ын агуу их эх орны дайны ялалтын дайны 70 жилийн ойн парад, БНХАУ-ын Бээжин хотын Тянь Ань Мэний талбай болж буй ялалтын түүхт 70 жилийн ойн парадад оролцож байгаадаа маш их баяртай байна.
 
Хоёр орны удирдлага цаашдын үйл ажиллагаа, зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа улам батжиж, энэ жагсаалаар хоёр орны найрсаг харилцаа улам бэхжиж байна гэж ойлгож байна." гэв.
 
Сурвалжилга өндөрлөх үеэр офицер дайчид жагсаалын дуугаа хангинуулж байлаа. Тэдэнд амжилт хүсье.
 
Эх сурвалж: mongol.cri.cn