"Боловсрол" гэдэг үг хэн хүний хамгийн сайн танил үг. Бас энэ үгийг манай нийгмийн харилцааны хамгийн их хэрэглээ, нөлөө бүхий үг гэхэд болно. Учир нь хун бүхэн "боловсролгүй бол амьдрахад бэрх" гэж мэддэг. Бас багш бүхэн "хүүхдэд боловсрол эзэмшүүлэхийн төлөө ажиллаж байгаа" гэж ойлгодог. Боловсролын тухай хуулинд ч "...боловсролын зорилго нь ...иргэн төлөвшүүлэхэд чиглэнэ." гэж хуульчилсан байдаг.

Сайд, дарга нар ч "төгсөгчдөд чанартай боловсрол эзэмшүүлэх, чадварлаг мэргэжилтэн бэлтгэж гаргах"-ыг чухалчлан ярьдаг. Үнэндээ социализмын үед нийгэм, улс эх орны төлөө үнэнч, шудрага, иргэн төлөвшүүлж, идэвхтэй сайн ажиллах мэргэжилтэн бэлтгэн гаргахыг шаарддаг байсан. Өнөөдөр ч энэ л байрнаасаа хандаж, сэтгэж, ойлгож, ярьцгааж байх шиг.

Гэтэл яагаад манай аль ч шатны сургууль, багш нарын маань ажлын үр өгөөж санасанд хүрэхгүй, суралцаж байгаагийнх нь ч, сургаж байгаагийнх нь ч сэтгэл ханамж төдийлөн сайнгүй байгаа юм бол? Үнэн мөнийг бодитойгоор мэдэрч, хардаг хүн бүхэнд ил байгаа бөгөөд үүнд эргэлзэх хэрэггүй юм л даа. Гагцхүү "нээрэн яагаад ийм байгаа юм бол?" гэж л эргэцүүлэх шаардлагатай байна. Үүний учир шалтгааныг олохгүйгээр "боловсрол"-ийн өөрчлөлт, шинэчлэл жинхэнэ утгаараа хийгдэнэ гэхэд хэцүү болох нь сүүлийн 20-иод жилийн байдлаас тодорхой харагдлаа.

Энэ талаар багш нартай санал солилцоход оюутан, сурагчдын    хичээл, сурлагадаа шамдахгүй байгаагийн гол шалтгааныг нийгэм, гэр бүл, эцэг эхтэй холбон үздэг нь харагдсан. Энэ ч байх л зүйл. Гэхдээ нийгэм сайхан болох, гэр бүл, эцэг эхийн амьдрал сайжирч хүүхэддээ анхаардаг болсон хойно нь сургалтаа сайжруулна гэж хүлээвэл хэдий болтол хүлээх, энэ хооронд чухам юу хийж яаж байх талаар нэг их гүнзгий бодоогүй нь илэрхий байдаг тул юуны өмнө багш нарыг энэ асуултад арай өөр талаас нь хандуулахын тулд энэ асуудлуудыг хөндөж байна.

Эхлээд "ер нь багш бидний үндсэн үүрэг юу юм бэ?" гэсэн асуултыг эргэн харцгаая. Бид шавь нараа "бүхэнд" сургах, насан туршид нь хэрэг болох зүйлсийг нь зааж өгөх, мэдлэгийг (хүчээр) эзэмшүүлэх, боловсрол олгох үүрэгтэй хүмүүс үү? "Мэдлэг", "боловсрол" гэдэг маань тэгэж хүмүүст эзэмшүүлж, олгож өгч болдог "зүйл" мөн үү!!!

Ер нь бид чинь "Мэдлэг гэж чухам юу юм бэ?", "Боловсрол гэж юу вэ?" гэсэн асуултуудад тодорхой, оновчтой хариулт өгч чадахаар өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байна уу? гэсэн энгийн юм шиг атлаа, асар их ач холбогдол бүхий асуултуудыг өөрсөддөө тавиад хариулах гээд үзцэгээе. Ийм асуултуудыг миний бие их, дээд сургуулийн багш нараас эхлээд ЕБС-ийн удирдах ажилтан, багш нар, магистрант, докторантуудад олон удаа тавьж хариулт авахыг оролдож байсан ч нилээд хувь нь хэлчих үггүй байгаа нь харагддаг.

Үүнийг би тэд энэ талаар юм мэдэхгүй байсан гэж үнэлэх зорилготой дурдсангүй. Харин бид өөрсдөөсөөө иймэрхүү асуултыг асууж, өөрийгөө сорьж байгаагүй, өөрийн гэсэн мэдлэгээ бүтээгээгүй бэлэн биш байгаагийн илрэл гэж үзэж байна. Ингэхлээр бид чинь өөрсдийгөө "би мэддэг" гэж бодчихоод "мэддэггүйгээ ч мэдэхгүй" яваа юм биш биз!!!

Сүүлийн жилүүдэд багш нар "мэдлэг бэлнээр дамжуулагддаггүй, харин бүтээгддэг" гэж яръж, хэлдэг болоод байгаа ч "энэ бол насанд хүрсэн хүмүүсийн хувьд л болж магадгүй зүйл байх" гэж үл итгэн щавь нараа "юу ч мэдэхгүй" гэж итгэсэн хэвээр "номлох" аргаараа ажиллахаас өөр арга олохгүй байгаа багш нар бүх шатны сурхуульд цөөн биш (олон ч байж магадгүй) байгаагаас аль ч шатны сургуульд сургалтын агуулга, хөтөлбөрийг (цаасан дээр) өөрчлөхөөс бус арга барилд өөрчлөлт гарахгүй байгаа билээ.

Дээд шатны сайд дарга нар нь ч "чухам юу, яаж өөрчлөгдөх ёстой"-г тодорхой сайн ухаарч мэдэхгүйгээсээ "өөрчлөгдөх шаардлагатай байна шүү" л гэж сануулах, шаардахаас хэтрэхгүй, "гадаадын төсөл, хөтөлбөрөөр л шинэчлэгдэх байх" гэж итгэн гадны голдуу хөрөнгө, санхүүгийн дэмжлэгтэй төсөл, хөтөлбөрийг тодорхой сургууль, цэцэрлэг дээр "буян үйлдэж байгаа байдлаар хуваарилан өгч "хэрэгжүүлүүлээд" тайланг нь хүлээж авснаар "ажлаа хийчихлээ" гэж ойлгоод энэ олон хөтөлбөр, төслөөс цааш ньөвлөн авч үргэлжлүүлэн амьдруулах юу байсныг огг сонирхолгүйгээр төчнөөн төсөл,    хөтөлбөрийг
"хэрэгжүүлсэн", "хэрэгжсэн" гэж дээш, доош нь тайлагнаж, мэдээлсээр чамгүй олон жилийг өнгөрөөв.

Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний тайлан (цаас)-ыг зөвхөн түүнийг хэрэгжүүлэхэд оролцсон хүмүүсийн ажлын хөлсийг олгохын "барьцаа" болгож л бичүүлж авахаас бус түүнийг уншиж судалж үр дүнг нь үнэлж, үр ашигтай санаа, арга туршлагыг нь нийтийн хүртээл болгох болон үргэлжлүүлэх шийдвэр гаргахын төлөө анхаарч ажилладаг практик одоо хэр байхгүй л байсаар байгааг цөөнгүй тооны төсөл, хөтөлбөрт оролцож багагүй зүйлийг ажиглаж, ажил хэрэг болгох санал, шүүмжээ хэлж бичиж байсны хувьд мэдэх юм.

Гэтэл өнөөдөр "боловсрол"-ын тухай ойлголт ч "боловсрохуйн зүй тогтол"-ын тухай мэдлэг ч ихээхэн өөрчлөгдсөнийг сайд, дарга нараас эхлээд боловсрол, сургуулийн удирдах ажилтан, багш нар маань хүртэл гүйцэд сайн ухаараагүйгээс ийм байдлаас гарах арга замаа олохгүй, "сайн ажиллаж байна" гэж бодоцгоон цаг хугацаа алдаж байгаагаа мэдэхгүй байгаад боловсролын хэрэгт насаараа зүтгэж бас ч сайн ажиллачих юмсан гэж чадлынхаа хэрээр мэрийж чармайж, өөрийгөө чамалж голж, уншиж судалж, эргэцүүлж бодож явсан нэгэн болохын хувьд санаа зовон ийн бичиж байгааг минь ойлгох буй за хэмээн найдна.

Ер нь хүнийг хэн нэгэн хөндлөнгийн хүн өөрийн санаснаар хүссэнээ хийлгээд байж бүр чаддаггүй биз дээ. Бүр цэцэрлэгийн насны хүүхэд ч гэсэн өөрийн хүсээгүй зүйлээ хийх дургүй байгаагаа уурлах уйлахаас эхлээд илэрхийлдэг билээ. Гэтэл томчууд бид тэднийг ойлгохгүй дураараа загнаж, тэднийхээ хүсэл зоригийг мохоосоор тэднийгээ хүчээр "хүний хий гэснийг хийсэн болж өөрийгөө ч, өрөөлийг (бусдыг) ч хуурдаг идэвхгүй гүйцэтгэгчид" болгон "хүмүүжүүлсээр" ирсэн юм биш байгаа даа.

Өнөөдөр ч зарим маань (бас нилээд маань ч байж магад) үүнийгээ хэвийн зүйл, ингэж байх ёстой юм шиг ойлгосоор, итгэсээр, ажилласаар байх шиг байна. Харин ингэснийхээ үр өгөөж, үр дүн тааруухан байгаагийн шалтгааныг өөрсдийнхөө ажлын арга барилаас хайхын оронд улс орны нийгмийн нөхцөл байдал, эдийн засгийн бэрхшээл, хүндрэлтэй холбож, засгийн газар, дарга нараас л шалтгаалаад байгаа мэтээр бодож, тайлбарласаар боловсрол, сургууль, багшийн нэр хүндээ унагасаар байгаа нь бодитой үнэн.

Угтаа бол өнөөдрийн бүх шатны сургууль, багш нар өөрсдийн ажлын онол, аргазүйн сэтгэлгээ, арга барилынхаа шинжлэх ухааны үндэслэлийг эргэн харах шаардлагатай болоод байна. Гэтэл бидний зарим маань өөрсөддөө ойлгогдохгүй байраа бүхнийг "Гадны юмыг хууллаа. Монголд таарч тохирохгүй юмыг тулгалаа "гэчихээд өөрсдийнхөө шинэ зүйлийг ухан ойлгох чадваргүй болсноо ч ойлгохгүй байгаагаа мэдрэхгүй байх шиг байна.

Тийм хүмүүс миний энэ өгүүлж байгаар уншаад хамгийн түрүүнд уурлана гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Хэрвээ таны уур хүрч байгаа бол "би тэр шинэ зүйлийг ойлгох чадваргүй болсон хүмүүсийг шиг нь болчихоод байгаа юм биш биз" гэж өөрийгөө эргэж харахад гэмгүй шүү гэж зөвлөе. Гэхдээ ухаалаг олонхи нь ахмад багш миний өөрийнхөө насан туршийн сурган хүмүүжүүлэх ажлынхаа алдаа, оноо хоёроос авсан бодитой сургамж болон орчин үеийн олон улсын боловсрол судлалын онол, аргазүйн үндэстэй өөрийнхөө өчүүхэн ухааны хэрээр танилцсан, зарим орны эрдмтэн, багш нартай хамтарч ажиллах завшаан тохиож тэднээс суралцсан зүйлдээ тулгуурлаж боловсролын салбарынхаа шинэчлэлийг түргэтгэн өсвөр хойч үеийнхнийхээ хөгжцл, төлөвшилд хохирол
учруулахгүй болох цар хугацааг ганц нэг жилээр ч болов богиносох юмсан гэж буян санаж хатуухан "уг " хэлж байгааг минь ойлгох байх гэдэгг итгэж байна.

Орчин үеийн боловсрол судлалын сэтгэл зүйн үүднээс авч үзвээс "хүн (хүүхэд ч ялгаагүй) өөрийнхөө бодит үйл хөдлөлийн алдаа, онооноосоо суралцаж өөрийн мэдлэг буюу итгэл үнэмшлээ өөрөө бүтээдэг ажээ. Энэ бол бодит байдлыг үнэн мөнөөр ойлгох чадвартай хүнд ч ойлгогдох зүйл л дээ. Гагцхүү үүнийг ойлгохыг хүсэх эсэхээс шалтгаална. Энд бас "юм мэддэггүй хүн, мэддэггүйгээ мэддэггүй" гэдгийг ч бас санах хэрэггэй болно байх. Түүнчлэн "минийх зөв, минийх болж бүтэж байна" гэж өөртөө хэт итгэсэн хүн өөрийнхөө мэдлэгийн үнэн, эсэхэд үл эргэлзэж шинэ, соргог зүйл "унших, үзэж харахыг хүсдэггүй, үзэж харсан ч ойлгох, мэдэхийг чармайдаггүй нь амьдрал дээр ихээхэн түгээмэл ажиглагддаг.

Энэ л хамгийн аюултай, засаж залахад хэцүү юм. Өнөөдрийн хувьд ийм дарга, удирдах ажилтнууд л ажилд их саад болж байх шиг надад ойлгогдож байгааг бас нуух юун. Ёстой л "гүйх нохойд гүйхгүй нохой саад" гэдэг л энэ. Өнөөдөр манай боловсролд төдийгүй нийгэм, улс төрийн бүхий л салбарт ийм удирдах ажилтнууд байсаар байгаагаас өнөөгийн шинэчлэл удааширсаар байгаа нь хэнд ч тодорхойггүй байгаа шүү дээ.

Үүнийг боловсролын салбараас л эхэлж засах ёстой. Яагаад гэвэл, энэ салбараас манай орны ирээдүйн иргэд, мэргэжилтэй боловсон хүчнүүд боловсорч гарах ёстой биз дээ!!!
 
Үзэл, хандлагаа өөрчилье

Яг үнэндээ бол "боловсрол" гэдэг маань бидний уламжлалт ойлголтын "олгодог, эзэмшүүлдэг" эд, зүйл биш юм. "Боловсрол" нь Я.Цэвэл агсны тодорхойлсноор боловсрохын нэр" буюу "боловсорсны үр дүн" юм байна. Хэн ч, бурхан ч адил хүнийг хүчээр "түүхий эд, арьс шир, цагаан идээ" шиг боловсруулчихгүй. Гагцхүү хүн өөрөө өөрийнхөө үйл хөдлөлийн алдаа, онооноос сургамж авч ухаажин хэрсүүжиж өөрөө өөрийгөө сургадаг нь гарцаагүй үнэн ажээ.

Сургуульд сууж суралцахад ч ялгаагүй багшийн заан сургаж ярьсан, өөрийн уншиж, сонссоны аль нь ч ялгаагүй хүүхдийн ой ухаанд шууд "бичигдээд"
хадгалагдчихдаггүй, харин хүүхэд тэр хүлээж авсан мэдээлэлтэйгээ ахин дахин ажиллаж, ойлгож, харьцуулж эргэцүүлэн бодож утга учрыг нь ухаарсны эцэст л өөрийнхөө төсөөлөл, ойлголтод тулгуурлан өөрийнхөө үг хэллэгээр илэрхийлэх мэдлэгээ бүтээдэг. Ийм учраас эдүгээ суралцахуйн тухай конструктив онолд "мэдлэг дамждаггүй, бүтээгддэг" гэж үздэг ажээ.

Хүний, бодит байдлыг тусган танин мэдэх үйл явц ч ийм зүй тогтлоор явдаг болохыг орчин үеийн сэтгэц зүйн ухаан нээн таньсан байх юм. Үүнийг багш бид ухан ойлгож энэ зүй тогголын дагуу шавь нарынхаа сурч танин мэдэх үйлийг хөтлөн жолоодохгүй аваас бид шавь нараа ч мэдрэхгүй, тэд маань ч биднийгээ ойлгохгүй аль аль маань мухардалд ордог нь өнөөдрийн манай сургууль, боловсролын үйл амьдралаас тодорхой харагдаж байгаа билээ.

Гагцхүү ийм байдалтай байгаагаа мэдрэхгүй, "болж, бүтэж" байгаа мэтээр ойлголцоод байгаа маань үнэндээ дээр миний дээр өгүүлсэн "шавиа мэдрэх мэдрэмж" үгүй болоод байгаагийн илрэл. Үнэндээ шавь нар маань биднийгээ ойлгохоо болиод байгаагаас л аргалж байж дүн, оноо авахаас өөр аргагүй болоод байгаа юм биш үү !!!

Ийм бодитой байдлыг олж харахгүй, ухаарч мэдрэхгүй байгаагийн цаад шалтгаан нь өнгөц харахад нийгмийн нөхцөл байдалтай холбоотой ч яг үнэндээ бидний өөриймсөг биш сэтгэл, хариуццагагүй байдал, онол аргазүйн мэдлэгийн хуучрал, сэтгэлгээний хоцрогдолтой маань холбоотойг боловсролын салбарын биднээс эхлээд төр засгийн сайд, дарга нар, улс төрийн эрхэм түшээд маань хүртэл ойлгож боловсролын талын бодол, үг хэллэг, хууль, дүрмээ эргэн харж шинэчлэхгүй бол "монголчууд буруу ярьж зөв ойлголцдог юм аа" гэсэн гаж логикоороо хол явахгүй бололтой!!!

Сургалтын арга барилаа шинэчилье

Нэгэнт хүн өөрөө өөрийнхөө үйл ажиллагаагаар өөрийгөө боловсруулж, мэдлэг, чадварыг эзэмшдэг зүй тогтолтой юм болохлоор түүнд хий хоосон номлол, үг яриа сонсгох бус харин түүнийг ажиллуулж, алдаа, онооноосоо суралцах боломж олгох нь илүү үр өгөөжтэй нь хэнд ч ойлгомжтой. Бас хүн гэдэг амьтан зүгээр л хэн нэгний хий гэснийг үг дуугүй "дуулгавартай" хийгээд байдаг "амьтан" биш гэдгийг та надаас дутахгүй мэдэж байгаа.

Тэгээд л "бид албадахаас өөр аргагүй болдог шүү дээ. Ер нь манай монголчуудад жаахан ташуур хэрэгтэй байдгийг яахав" гэж мэтгэлцэхэд та бараг бэлэн байгаа байх. Тэр ч үнэн. Тэгснээр бид юу хожив! гэсэн байдаг тухай миний бие учир мэдэх ухаантай, номтой хүмүүсээс нэг биш удаа сонсож байсан. Хамбаламтан Чойжамц гуайн радиогоор ингэж айлдаж байхыг бүр 90-ээд оны үед сонсож байж билээ. Миний адил түүнийг сонссон хүн олон байгаа нь лавтай.
Үнэхээр хүн өөрөө л өөрийнхөө хувь заяаны эзэн болохоос бус хэн хүний аливаа асуудлыг түүний өмнөөс шийдээд, сурах ёстой юмыг нь сураад өгдөг, байхгүй юмыг бий болгоод өгчихдөг тийм бурхан бүү хэл ид шидтэн байдаггүйг хүн бүхэн мэддэг учраас "тэгээд өгдөг шидтэн байдаг ч болоосой" гэж "хүсдэг" байх. Гэсэн ч тэр нь олдохгүй л байгаа биз дээ!

Үнэхээр багш бид хичнээн хичээсэн ч шавь нар маань өөрсдөө хичээхгүй бол тэд олигтой юм сурдаггүй нь ч тодорхой. Ингэхлээр бид яах болж байна? Ийм асуултыг өөртөө болон өөдөөс минь тавьдаг ухаалаг хүмүүстэй би бас олон таарч байсан. Харин хариулт дээр нь тэр бүр санаа нийлдэггүй юм. Минийхээр бол оюутан, сурагчдын ингэж хичээхгүй байгаа нь ч багш бидэнтэй бүр тодруулбал, бидний ажлын зорилго, арга барилтай шууд холбоотой юм шиг байх юм.
Тухайлбал, бид өөрсдийн үүргээ юу гэж ойлгож, яаж ажиллаж байгаагаас маань болоод байгаа юм биш биз? гэсэн санаа надад төрдөг юм. Сэтгэц зүйн ухаанд "хүн хэрэгцээгээ мэдэрсэн үедээ л    идэвхтэй үйл ажиллагаанд татагдан ордог" гэж үздэг. Ингэхлээр сурахад ч суралцагч өөрийн сурах хэрэгдээг мэдэрсэн буюу сэдэлжсэн үедээ сурахын идэвх гаргаж ажиллах нь тодорхой байна аа даа!

Тэгэхлээр бид шавь нарынхаа хэдийд сурах хэрэгцээгээ мэдэрч сэдэлжихийг нь хүлээгээд л сууж байж таарахгүй нь хэнд ч ойлгомжтой. Тэгвэл "заах л ёстой юм чинь заасанболоод л байж байя, сурвал сураг, байвал байг" гээд явах уу? Яавч тэгэж таарахгүй нь мэдээж. Гэхдээ л нэг сайн, оновчтой арга зам олж чадахгүй байгаагийнхаа учрыг олох хэрэгтэй болоод байна. Бүр тодруулбал яаж шавь нараа сэдэлжүүлж, идэвхтэй үйл ажиллагаанд оруулах вэ? гэсэн асуултад хариулт олох.

Минийхээр бол оюутан, сурагчдын ингэж хичээхгүй байгаа нь ч багш бидэнтэй бүр тодруулбал, бидний ажлын зорилго, арга барилтай шууд холбоотой юм шиг байх юм. Тухайлбал, бид өөрсдийн үүргээ юу гэж ойлгож, яаж ажиллаж байгаагаас маань болоод байгаа юм биш биз? гэсэн санаа надад төрдөг юм. Сэтгэц зүйн ухаанд "хүн хэрэгцээгээ мэдэрсэн үедээ л идэвхтэй үйл ажиллагаанд татагдан ордог" гэж үздэг.

Ингэхлээр сурахад ч суралцагч өөрийн сурах хэрэгцээг мэдэрсэн буюу сэдэлжсэн үедээ сурахын идэвх гаргаж ажиллах нь тодорхой байна аа даа! Тэгэхлээр бид шавь нарынхаа хэдийд сурах хэрэгцээгээ мэдэрч сэдэлжихийг нь хүлээгээд л сууж байж таарахгүй нь хэнд ч ойлгомжтой. Тэгвэл "заах л ёстой юм чинь заасан болоод л байж байя, сурвал сураг, байвал байг" гээд явах уу? Яавч тэгэж таарахгүй нь мэдээж. Гэхдээ л нэг сайн, оновчтой арга зам олж чадахгүй байгаагийнхаа учрыг олох хэрэгтэй болоод байна.

Бүр тодруулбал яаж шавь нараа сэдэлжүүлж, идэвхтэй үйл ажиллагаанд оруулах вэ? гэсэн асуултад хариулт олох агуулга нь энэхүү шинэ хандлага, шаардлага, хэрэгцээ, бодит зүй тогтолыг бүрэн тусгаж чадахгүй байгаагаас гадна багш нарынх нь сургалтаа зохион байгуулж байгаа арга барил нь ч оюутандаа энэхүү шинэ үүрэг, хариуцлагаа ойлгох, хэрэгжүүлэхэд хэрэг болохуйц хэмжээнд биш, нөгөө л "заах" аргыг "заадаг" шинжтэй байгаагаас "шинэ багш нар шинэ сэтгэлгээ, арга барилгүй гарч ирж байна" гэж шүүмжлэгдсээр байгаа юм биш биз?

Байдлыг ажиглахад багш бэлтгэдэг сургуулийн багш нар тэрхүү шинэ арга барилын тухай сургалтынхаа хөтөлбөрт үг үсгийн хувьд тусган лекц, семинартаа ярьж хэлдэг ч чухам хэрэгжүүлэх арга барилаа юуг үндэслэж, яаж боловсруулахын татаар ойлголт, сэтгэлгээний арга барилын ерөнхий баримжааг хангалтгүй өгч байгаагаас шинэ багш нар маань шинэ нөхцөлд оновчтой арга барилыг олж боловсруулан ажиллах суурь чадваргүй гардаг бололтой. Бас дээр нь багш бэлтгэдэг төрийн болоод хувийн өмчийн сургуулиудад ерөнхий боловсролын сургуулийн ажил амьдралтай зөвхөн оюутан байхдаа дадлага хийж, багш болсон хойноо ч оюутны дадлага удирдах төдийхнөөр танилцсан, орчин үеийн сургалтын арга барилыг хүнд заах нь бүү хэл өөрөө ч бүрэн ухаарч, хийж хэрэгжүүлж үзээгүй багш нар хий онолдож, "тэгэх, ингэх ёстой" гэж ярихаас хэтрэхгүй байгаа нь "мууд муухай, муухайд улцан нэмэр" гээч болж байгааг анхаарууштай.
Нэгэнт л чадвар эзэмшүүлэх сургалтын багш бэлтгэх гэж байгаа юм бол "сонсгож" биш "ажиллуулж" сургадаг технологиор сургалтаа явуулах нь багш болоход нь ч, багш болоод ажиллахад нь ч үр өгөөжтэй байж таарна. Иймд багш бэлтгэх сургалтын шинэчлэлийн нэг гол шалгуур нь багш-бие хүний загвар, түүнийг төлөвшүүлэх ажлын агуулга, аргазүйг шинэчлэн тодорхойлж, хэрэгжүүлж байгаа байдал байх учиртай.

Суралцагчдын хандлагыг ч өөрчлөх шаардлагатай

Боловсролын салбар нь нэгэнт үйлчилгээ үзүүлдэг салбар учраас бүх шатны сургууль нь үйлчилгээний байгууллага, багш нар нь үйлчлэгч байх бөгөөд тэд гагцхүү үйлчлүүлэгчийн хэрэгцээгээ хангахад нь л тусалж дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Аль ч шатны сургуулийн үйлчлүүлэгчид нь суралцагчид болон тэдний ар гэрийнхэн байх бөгөөд тэдний үндсэн хэрэгцээ нь сурачцагчдын сурч боловсрон хөгжиж өөрсдийгөө ажил амьдралд бэлтгэх явдал байдаг.

Иймээс сургууль, багш нар нь төрийн нэрийн өмнөөс тэдэнд үйлчилж тэдний хүссэн хэрэгцээтэй мэдлэг, чадвараа эзэмших нөхцөл боломжийг бүрдүүлж    дэмжпэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Хэний ч хэрэгцээг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй бас мэдэхийн хэрэг ч бараг байхгүй.

Ийм болохлоор суралцагч хүн өөрийнхөө юуны тулд, яах гэж суралцаж байгаагаа ухаарч түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө л хичээж ажиллахаас өөр замгүй. Гэтэл өнөөдрийн байдлыг ажиглахад юуны тулд яах гэж сурч байгаагаа сайн ухаараагүй, "сурсан болж амар хялбар аргаар өндөрхөн шиг оноо, дүн авахыг оролдцог оюутан, сурагчид цөөнгүй байгаа бөгөөд энэ байдлыг нь багш нар нь хүлээн зөвшөөрч түүнтэй нь бараг эвлэрч "энэ" нь тэдний "үндсэн хэрэгцээ" мэтээр ойлгож түүнийг нь "хзнгаж", нэг нь "Сургасан" болж, Нөгөө нь "сурсан" болж хэн хэнээ "аргалж", хуурч байгаа нь бүх шатны боловсролын, төрийн болон хувийн өмчийн сургуулиуд дээр бараг хэвийн үзэгдэл болсон байна.

"Энэ юунаас болов?" гэвэл багш, суралцагчийн хэн хэн нь (бараг цөмөөрөө) "нийгэм нь ийм болоод байна шүү дээ" гэх байх. "Сайн сурах гэж биеэ зовоогоод яах юм бэ? Ажлын байр олдох эсэх нь тодорхойгүй. Ажил нь олдлоо ч арын хаалгаар авна. Ажилд орлоо ч цалин мөнгө нь гэж хариугүй бага. Лангуун дээр суухад ямар дүнтэй сурсан нь ямар хамаатай юм бэ?" гэсэн ирээдүйдээ итгэлгүй байдал илэрхий харагддаг.

Ингэхлээр сурахын зорилго, амьдрахын утга учрыг өнөөдрийн суралцагчид ямар түвшинд юу гэж ойлгож байгаа нь тодорхой байгаа биз. Эцэг, эх, багш нар нь ч үүнд нь нөлөөлж чаддаггүй бололтой. Үнэндээ сургуульд сурахын утга учир нь сурахын зорилгыг ухаарч, амьдрахын арга ухааны суурийг олж авахад байдаг тул ерөнхий боловсролын сургуулийн сурагчаас эхлээд дээд сургуулийн оюутан хүртэл зөвхөн суралцаж сурахын тулд л сургуулъд сурч байгаа шүү дээ!
Ингэхлээр аль ч шатны сургуулийн багшийн хувьд хүлээх хамгийн чухал бөгөөд үндсэн үүрэг нь шавь нарынхаа сурахын арга ухаанд суралцахад нь туслах явдал байж таарна.

Багш нар ч бас өөрсдийгөө эргэж харууштай

Бага ангиас дээших ангийн (дээд сургуулийнх ч нэгэн адил) бараг бүх багш нар "Хүүхдүүд юм хийхгүй юм. Юу ч хэлээд нэмэр алга." гэж гомдоллох нь ердийн үзэгдэл болоод байгааг боловсролын салбарынхан мэдэж л байгаа. Харин "яагаад ийм болоод    байгаа"-г тайлбарлахдаа нөгөө л "нийгэм"-тэй холбож үздэгээс "биднээс бараг хамаарахгүй юм даа" гэсэн байдлаар хандсаар өдий хүрлээ.

Гэтэл "Нийгэм гэж юуг хэлээд байна вэ? Сургууль нийгэмд ямар үүрэгтэй институт вэ? Багш нар ямар үүрэгтэй юм бэ?" гэсэн асуултуудын жинхэнэ
 үнэн хариултуудыг эрэлхийлбэл сурагчдыг сурах хөдөлмөрийн амтад оруулж, сурах хөдөлмөрийг нь идэвхжүүлэх нь суралцагчийн өөрийнх нь биш багш нарын үүрэг байх учиртайг олж харах болно. Чухам үүний тулд л багш байж багшийнхаа ажлыг гүйцэтгэхучиртай мэт.

Харин өнөөдрийн аль ч шатны сургуулийн багш нарын нилээд нь "шавь төвтэй сургалт" гэдэг үгийг ашиглан өөрсдийгөө "даалгавар өгөөд дараа нь шалгах" үүрэгтэй мэтээр ойлгож, хичээлээ "мэдээлэл дамжуулах аргаараа заачихаад", хойноос нь бие даах ажил өгч шалгаж үнэлэх байдлаар ажилласаар байна. Ингэснээс оюутан, сурагчид нь чухам юуны учир, яаж хийхээ сайн мэдэхгүй даалгавруудаа "хийсэн"төдий болж "дүн" авах арга зам хайхаас өөр аргагүйд хүрнэ.

Ингээд л сургалт маань суралцагчийн хувьд "аргалах"-ын сургууль болон хувирч, тэд маань "багшийг биш өөрийгөө хуурах" ажилд гаршиж улмаар "хөнгөн, хялбар арга замаар ашиг олж амьдрах" боломжийг хайх хандлагатай болж төлөвшиж эхэлдэг. Иймээс ч ЕБС-ийн ахлах ангиас эхлээд дээд сургуулийн оюутнуудын "сурсан" болж сургууль дүүргэх    бодолтой суралцагсад цөөнгүй болсон нь бас хэн бүгдэд илэрхий байгаа зүйл. Хүүхэд, залуучуудын    ийм
хандлагатай болж байгаагийн гол учир шалтгаан нь багш нарын ажлын арга барилтай холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрөх багш хэр олон байгаа бол?

Чухам үнэндээ бол хүүхдүүдэд "ямар учиртай, яаж хийх" нь тодорхойгүй даалгавар өгснөөс тэд маань "залхуурах", "аргалахад суралцах"-ад хүрч байгаа юм биш үү?! Ингэхлээр суралцагчийн сурах хандлагын төлөвшил багш нарын ажлын арга барилтай шууд холбоотой болох нь. Юун түрүү тэдэндээ (шавь нартаа) "бид өөрийнхөө ирээдүйн төлөө, өөрийгөө бэлтгэж суралцаж байгаа" гэдгийг ухааруулах шаардлагатай байна!!!

Чухам ингээгүйгээс "өөрийгөө хуурч байгаагаа" ч ойлгох чадваргүй ойрын богинохон бодолтой "өөрийгөө ч үл хүндэтгэх" ёс суртахуунтай суралцагчдыг "төлөвшүүлчих"-ээд өөрсөддөө хүндрэл бэрхшээл учруулаад байгаагаа ойлгож бүх шатны сургуулийн сургалтын агуулга, аргазүйд өөрчлөлт хийхгүйгээр боловсролд бодитой шинэчлэл хийж чадахгүй бололтой!!!

Ирээдүйн сонгогчид, сонгогдогчид боловсролд л төлөвшинө

Өнөөдрийн нийгмийн амьдралын бүх өнгө, төрх нь манай сургууль, боловсролын үйл ажиллагааны эцсийн үр дүнгийн илрэлгэж үзэхэднэг их буруутахгүй болов уу. Жирийн иргэдээс эхлээд төр засгийн албан хаагчдын ажиллаж, амьдарч байгаа байдал нь тэдний боловсорсон байдлынх нь илрэл байж таарна.
Боловсролын салбарын үйлчилгээг авалгүйгээр боловсрол эзэмшсэн хүн бараг үгүй байх. Хэдийгээр төр засгийн оновчгүй бодлого, ухаалаг биш удирдлагын хар гайгаар хүмүүсийн тааруухан төлөвшилтэй байгаа нь үнэн ч энэ байдлаас бид өөрсдөө идэвхтэй, ухамсартай, ухаалаг ажиллаж байж л гарна гэдгийг ухаарах нь ерөнхий боловсролын агуулгад багтах зүйл.

"Ерөнхий боловсрол"-ыг ерөнхийдөө дараагийн дгатны сургуульд суралцахын "бэлтгэл" гэж ойлгодог явцуухан, өнгөц ойлголтоосоо салж "иргэн болж төлөвших үйл явц" гэж ойлгон, багш нар нь сургалтын зорилго, зорилтыг тодорхойлох, ээж, аав нь үр хүүхдүүддээ өөрийнхөө хэн болохын суурийг эндээс олж авдаг гэдгийг ойлгуулахаас ерөнхий боловсролын шинэчлэл эхлэх учиртай мэт. Өөрийнхөө ажил амьдралаас    эхлээд өнөөдрийн нийгмийнхээ үйл амьдралд ухаалаг хандахын суурь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх үеэс тавигдах ёстой атал цаг хугацааны үнэ цэнг үл мэдэн цалгар назгай, залхуу хойрогг "боловсорч" идэвхгүй иргэн болон төлөвшиж байгаа нь гагцхүү энэ ерөнхий боловсролын утга учир, ач холбогдлыг ойлгохгүй байгаатай шууд холбоотой.

Ухамсартай, боловсорсон иргэд л өнөөдрийнхөө нийгмийн амьдралд бодитой хандаж үүсэж байгаа бэрхшээл, зорчлийн эх үндсийг бидний сонголт, шийдвэртэй холбоотой гэдгийг ойлгож улс төрийн сонгуульд хүртэл элдэв хуурамч "амлалт"-д хуурталгүй өөрсдийнхөө ажил, амьдралын хэтийн төлвийг бодож сонголт хийж оролцож чадна. Сонгогчид маань боловсорч чадвал сонгогдогчид нь ч боловсорсон байх нь мэдээж.

Ингэхлээр ерөнхий боловсролоос хувь хүний төдийгүй улс нийгмийн амьдрал шууд шалтгаалж байгаа нь тодорхой. Гэтэл боловсролын салбарынхнаас маань эхлээд төрийн түшээд маань хүртэл ерөнхий боловсролд ерөнхийд нь хайхрамж муутай хандсанаас түүний "иргэн төлөвших үйл явц" болохыг нь үл анзаарч ерөнхийдөө л "цогц чадамж төлевшүүлэх" гэсэн зээлдмэл үгээр "тоглож", жинхэнэ орчин үеийн монгол иргэн төлөвшүүлэх ажлын агуулга, зорилтыг гаргаж чадалгүй явсаар өнөөдрийг хүрснээс сургууль, багш нарын хэлж ярьж, зааж байгаа зүйлс нь суралцагсдын хэрэгцээ, сонирхолтой нийцэх нь бүү хэл ухаан тойнд нь бууж ойлгогдохгүй "хөндий" байгаагаас нийгмийн үүрэг, зорилтоо сайн ухаараагүй багш нар маань дээрээс өгсөн "зөвлөгөө" (угтаа бол "шаардлага")-г биелүүлсэн болохын тулд л хөтөлбөр, төлөвлөгөөгөө (шалгалтад үзүүлэхийн тулд бие биенээсээ хуулж) "хийж" байгааг ерөнхий боловсролын сургуулийн ажил амьдралын гүнд орж ухаалагхан ажигласан хэн ч олж харж чадна.

Их, дээд сургуулийн амьдралаас ажиглахад ч "аргалж байж оноо, дүн авах, сурсан болж байгаад сургуулиа төгссөн болох" эрмэлзэл бүхий оюутан цөөн бишээр барахгүй бүр нилээд нь байгааг харж болно. Ингээд л "боловсрол"-оос хариуцлагагүй, идэвхгүй иргэд, мэргэжилтэн боловсорч төлөвшин гарч байгаа нь илэрхий байна.

Гэтэл яагаад энэ талаар дорвитойхон асуудал дэвшүүлж, арга хэмжээ авахгүй аар саархан бичиг баримт боловсруулж, төсөл хөтөлбөр хийсэн, хэрэгжүүлсэн төдийд сэтгэл ханаж, санаа амарч, болж, бүтэж байгаа мэтээр ойлгож хэн хэнээ хуурч өдөр хоногийг өнгөрөөсөөр байна вэ? Хэдий болтол ингэх вэ? Үүний учир шатггааныг олж ойлгон сургалтын арга барилаа өөрчлөөгүй цагт хаанахын ч ямар ч сайн, сайхан хөтөлбөрийг хуулж, дууриагаад иргэдийн маань төлөвшилд өөрчлөлт орохгүй л болов уу!!!

Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй ... гэдгээр миний энэ бичсэн зүйл маань үнэн учраас үүнийг уншсан цөөнгүй хүний, түүний дотор "боловсролынхны" дургүйг хүргэх нь гарцаагүй. Ингэж чадвал "санаа маань хүнд хүрч дээ" гэж болхи би бээр мунхаглан, хүмүүс юм бодож эхлэх байхаа гэсэн итгэл төрөх билээ.

Энэ талаар багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, төр засаг, улс төрийн албан хаагчид хэнтэй ч санал бодлоо солилцохоос эхлээд хамтран ажиллахыг хүсэж байгаагаа эцэст нь тэмдэглэн энэхүү эргэцүүллээ төгсгөе.

Боловсрол судлалын доктор, /Сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтэн/ С.Батхуяг
Эх сурвалж: "Багш" сонин