sonin.mn
Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Д.Нацагдоржийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Жамъянг Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан ном гаргаж байгааг дуулаад зорин очиж уулзлаа. Тэрбээр Монголын утга зохиолын салбарт “Зөн билгийн арга” хэмээх шинэхэн урсгалаар бүтээлээ туурвиж, нэлээд хэдэн романыг уншигчдад хүргээд байгаа билээ.
 
Таныг Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулаад ном гаргаж байгаа гэсэн. Номныхоо талаар сонирхуулаач?
 
-Би бол Монголын түүхэнд тодрон гарсан хаадын тухай Чингис хааны мэнгэ, Өгөөдэй хааны хатан, Хубилай сэцэн хаан, Амбагай хаан, Галдан бошигт хаан гэсэн таван роман бичсэн. Тэгээд энэ таван романыг багцлаад ижил хавтастай болгон хэвлэж байгаа юм. Энэ нь Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд барьж буй миний бэлэг.Тэрнээс биш хаадын талаар бичсэн 5 роман маань урьд нь хэвлэгдээд, хүмүүс уншаад. олонд хүрчихсэн номнууд. Хубилай хааныг мэндэлсний 800 жилийн ой 2015 оныг дуустал явагдана. 
 
Монголд болон дэлхийн олон оронд манай хаадын талаар ном гарсан байдаг. Таных бусдаас юугаараа онцлог бол?
 
-Энд бас учир байна. Дэлхий дээр монголын хаадын талаар бичсэн Владимар Ян, Жон Мэн гэх мэт олон зохиолчдын бичсэн номыг уншиж байсан. Гэхдээ эдгээр зохиолчид дээд зах нь хоёр роман бичиж. Би бол монголын 5 хааны тухай тус тусад нь 5 роман бичсэн. Тухайлбал, Амбагай хаан Хамаг Монголын хаан, Галдан бошигт Ойрдын хаан, Чингис, Өгөөдэй, Хубилай нар Монгол төрийн өмнө хөшөө болчихсон хаад. Нэгийг нь бичээд нөгөө хоёрыг нь орхичихож болохгүй хаадууд байхгүй юу. Тэгээд ч би арай өөр талаас нь гаргаж бичсэн л дээ.
 
Та аль талаас нь бичсэнээ тодруулаач?
 
-Би энд цэвэр хувь хүний талаас нь гаргаж өгөхийг оролдсон. Тухайн хүн чинь дэлхийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн суут жанжин, монголын суут эзэн хаан ч гэсэн хүн шиг баярлаж, гомдох, хайрлаж дурлах, эх нутгаа сангалзах, хүнд л байдаг бүх мэдрэмж, амьдралын ээдрээтэй олон асуудлуудад хандаж байгаа хандлагыг нь өөрийнхөөрөө гаргаж өгсөн.
 
 
-Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан, Өгөөдэй хаан өртөөг бий болгосон гэдэгтэй адилхан Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн ямар том нөлөө байна ?
 
 
-Чингис хааны отгон хүү Тулуйн хоёрдугаар хүү бол Хубилай. Чингисийн удамд Тулуйн дөрвөн хүү шиг дөрвүүлээ хаан суусан тохиолдол байхгүй. Тэр дотроосоо Хубилай дэлхийн хэмжээний хаан гэж хүлээн зөвшөөрөгддөг. Тухайн үедээ долоон сая ам метр газар нутгийг захирч, Ази тивийг тэр чигт нь хаанчилж байсан.
Хубилай хааны түүхэнд үзүүлсэн гавьяа гэвэл нэгдүгээрт нийгмийн бүх салбарт шинэчлэл хийсэн, зөвхөн цэргийн зохион байгуулалт гэлтгүй. Тухайлбал, татварын тогтолцоог өөрчилсөн, цаасан мөнгийг анх удаа худалдаанд оруулсан, нүүдэлчин соёлтой хүмүүсийг суурин соёл иргэншилтэй холбосон, нийгмийн анги, давхаргыг бий болгож монгол хүн бусад үндэстэнг доош эрэмблэх зэргээр олон шинэчлэлийг хийсэн. Хоёрдугаарт Хубилай хаан асар том соён гэгээрүүлэгч байсан. Тэрээр Шинжлэх ухааны академийг байгуулан тэндээ бичгийн мэргэдийг урьж хүмүүс сургаж, ном зохиол гаргасан. Персээс эрдэмтэд авчраад одон орон судлах төв байгуулсан. Хубилай хааны үед бээжинд 500 жүжиг тоглогдсон байдаг юм шүү дээ. Тэр нь одоогийн Бээжин дуурийн үндэс гэж үздэг. Мөн Чингис, Өгөөдэй зэрэг хаадуудын зургийг зуруулсан. Хятад, Тайванаар дамжаад одоогийн бидний үзээд байгаа зураг бол Хубилай хааны өвийн нэгээхэн хэсэг юм. 
 
Мэдээж түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүний талаар бичих болохоор судалгааг их хийсэн байх. Дагнаж судалгаа хийсэн хүмүүстэй уулзсан уу?
 
-Хубилай хааны талаар дагнаж судалгаа явуулдаг АНУ, Хятад, Япон, Израилийн гэх мэтчилэн 40 гаруй эрдэмтэн байна. Тэд 2013 онд Хөх хотод Хубилай хааны мэндэлсний
800 жилийн ойг тохиолдуулаад эрдэм шинжилгээний том симпозиум зохиогдсон. Би тэр симпозиумд оролцож, гурван удаа үг хэлсэн.
 
Та тэр хурал дээр ямар үг хэлэв?
-“Хубилай бол Монголын эзэнт гүрний хаан, Монгол хүн” гэж нэлээд тод хэлсэн.
 
Хубилай хааныг хятадууд өөрсдийнхөө хаан гэж өргөмжлөх хандлага ажиглагддаг. Тийм бодол санаа цухалзах юм уу?
 
-Хятадын эрдэмтэд “нэгдүгээрт, энэ хүн Монгол Хүн, хоёрдугаарт энэ хүн Монголын эзэнт гүрний хаан, гуравдугаарт, Их Юань гүрний хаан” гэж дэс дарааллаар хэлсэн. Гэхдээ л цаанаа нэг юм хэлээд байгаа юм. Тэгээд тэр хятадын эрдэмтэд чинь бүр нарийн судалдаг юм байна.
 
Учир нь Хубилай хаан хятадын олон салбарт шинэчлэл, эргэлтийг авчирсан болохоор.
 
Та дээр хэлсэн. Бусад зохиолчдоос ялгаатай, өөрийнхөөрөө гаргаж өгсөн гэхээр түүхийн талаасаа хэр бодитой хандсан гэсэн үг вэ?
 
-Нэг зүйлийг хэлэхэд би түүх бичээгүй. Миний бичсэн романууд бол цэвэр
уран зохиол. Тэнд түүхэн баримт,түүхэн фон, түүхэн үзэл санаанууд байгаа. Учир нь түүхийн эх сурвалжуудыг уншаад, дараа нь өөрийн толгойд бодож боловсруулаад, амттай болгоод, хүн уншихаар зохиогоод, уран зохиол гэдэг зүйлийг чинь хэрвээ зөн билгийн аргаар бичихээр бол ингэж бичих юм байна шүү гээд гаргаж байгаа юм.
 
Нээрээ таныг монголын уран зохиолд зөн билгийн арга гэдэг нэг урсгалыг гаргаж ирсэн гэх юм билээ...?
 
-Энэ таван романыг яаж бичсэн бэ гэвэл би нэг арга олж авсан. Зөн билгийн гэж. Ухаандаа зөн билгийн урсгал гээд монголын уран зохиолд одоо л нэвтэрч байгаа арга. Монголд одоо л нэвтэрч байгаа болохоос дэлхийд аль эрт бий болчихсон арга байгаа юм. Би дэлхийн шашны түүх уншсан. Шашны түүхийн бүтээлүүд
болох “Ариун Библи”, “Алтан Корон, ”Судар”, “Буддын гүн ухааны сургааль” зэрэг бүтээлүүдийн 50 гаруй хувь нь домог сэтгэлгээний зүйл байгааг анзаарсан. Тэгээд хүний оюун санаа, итгэл үнэмшлийг бий болгож, олон мянган жил итгэж дагахад хүргэсэн судруудыг ямар аргаар бичсэнийг судлаад байсан чинь зөн билгийн гэдэг аргаар бичсэн байна. Үүнээс үндэслээд зөн билгийн аргаар таван хааны тухай таван роман бичсэн дээ. Мөн “Хулан хатан" романаач гэсэн уг аргаар бичсэн.
 
Хэзээнээс зөн билгийн аргаар бичиж эхлэв?
 
-Миний бичсэн таван хааны таван роман маань цаг хугацааны хувьд ардчилалын 25 жилд хамаарна. Монголд ардчилал бий болоод оюун санааны хувьд эрх чөлөөтэй болоод ирэхээр хүн ямар ч шашин шүтэж болно, ямар ч судар уншиж болно, ямар ч юмыг бичиж болно. Тэр үүднээсээ урьд цагт боломжгүй байсан зүйлүүдийн талаар ярьж, бичиж эхэлсэн.
 
Танаас өөр зөн билгийн аргаар бичдэг хүн монголд байгаа юу?
 
-СГЗ, орчуулагч, зохиолч Ж.Нэргүй минии "Чингис хааны мэнгэ” романд шүүмж бичсэн. Түүнийхээ төгсгөлд “Монголд зөн билгийн аргыг танаас өмнө Гүржавын Нямдорж гэдэг хүн бичиж эхэлсэн шүү" гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр нэн шинэ цагийн монголын уран зохиолд Г.Нямдорж бид хоёр л энэ зөн билгийн арга гэдэг урсгалаар бичсэн байна. Гэхдээ манайд л ингэж орж ирсэн болохоос дээр хэлсэн дээ, аль хэдэн мянган жилийн өмнө олон хүмүүс зохиол бүтээлээ зөн билгийн аргаар бичсэн.
 
Одоо ямар бүтээл дээр “сууж” байна?
 
-Одоо би нэн шинэ цагийн орчин үеийн сэдэвтэй роман бичиж байна. Бидний амьдарч байгаа энэ цаг үеийг сайн мэддэг учраас тэр. Сайн мэддэг зүйлийнхээ талаар одоо бичихгүй бол түүх сөхөөд дахиад нэг хааны талаар бичие гэхээр надад цаг байна уу. Тийм болохоор ямартай ч энэ цаг үеэсээ хэлтлээд хүнд хүргэе гэж бодоод бичиж байна. Энийг бас зохиолчийн эрх ч юм уу, зохиолчийн үүрэг байх гэж бодож байна.
 
 
Та зохиолчийн үүргээ хэр гүйцэтгэдэг зохиолч вэ?
 
-Аливаа зохиолч өөрийнхөө амьдарч байгаа үеийнхээ талаар заавал бичих ёстой байдаг л даа. Тухайлбал, 1978 онд танай сонинд ажиллаж байхдаа дөрвөн дэвтэр “Шинельтэй хүмүүс” нэртэй цэргийн хэлмэгдлийн тухай роман бичсэн одоо болтол хэвлэгдээгүй байна.
 
Хэвлүүлээгүй шалтгаан нь ардчилал гарсан үеэс цэргийн хэлмэгдлийн мэдээлэл чинь ил болоод баримт асар их баяжаад. Тэгэхээр тэрийг жаахан өөрчилж засахгүй бол болохгүй болоод ирэхээр надад цаг бага байдаг. Дээрээс нь өөр бүтээлүүд дээр суугаад байгаа болохоор нэгийг нь дуусгаагүй байж нөгөө рүү нь орж болдоггүйтэй холбоотой.
 
Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
 
 
Дэслэгч Э.Очхүү
 
Эх сурвалж :"Соёмбо" сонин