sonin.mn
Хүү зургаан настай байв. Эцэг үрэвтэл шиг ширүүн гараар түнжгэр толгойг нь илж “Эхдээ үнээ сайн ивэлгэж өгөөд байвал чамайг энэ жил наадамд авч явна. Хонгор морио унаад, сумын наадам гэж ямар сайхан юм байдгийг миний хүү үзнэ дээ” гэв.
 
Хүү чадлаараа мэрийж, хар үүрээр босон эхийгээ хормойдож, бүдэчсээр үнээ ивэлгэж зуныг барав. Эцэг нь гэрийн бараа харахгүй. Хусуур сойз бүсэлсэн хүн тийм ч сунгаа, ийм ч уралдаан гэсээр наадам хаяанд ирэв. Хүү зунжингаа “Ээж. Надад савхин гутал авч өгөөрэй. Бас шинэ дээл” гэж эхийгээ зунжин шалгаажээ. Эх нь гунигтай хар нүдээр инээмсэглэн, хүүгийн өмнө гэм хийсэн шиг нэг л хачин.
 
Наадмын өглөө боллоо. Дэнж хотлоороо хөдөлцгөөв. Торго дурдангийн өнгө хуарлуулж, дэлийг нь сумлаж зассан морьдын зүс ижилсүүлж гангарав. Хүүгийн хөл газар хүрэхгүй хөөрч, энд ч дэгдэж, тэнд ч үсчин голын жараахай шиг байв аа, хөөрхий. Хүмүүс явцгаалаа, эцэг байдаггүй ээ. Эх нь гаравч оровч урд хөтлийн улаан замыг нүдээрээ нэгжин харуулдана. Хүүгийн тэсвэр барагдан, бяцхан цээжиндээ хэр таарсан уур омог нь огшиж байлаа. Үд боллоо. Эцэг нь ирсэнгүй. Эгнэж буусан ижил олон цагаан гэрийн дунд эх хүү хоёр их л уйтгартай өдрийг барав.
 
Оройхон нар жаргахын алдад агсамхан морьдтой, улаа бутарч хөөрч дэрвэсэн наадамчид ирлээ. Эцэг нь тэдний дунд арзайтал инээчихсэн, өврөө хүлхийтэл юм чихсэн маадгар амьтан, юу ч болоогүй аятай ирэв. Хүүгийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс ивэлж, мэлтрэн гарч ирсэн нулимсан дунд эцгийн төрх үйж эвдрээд, хүн гэх дүрсгүй, яг л чөтгөр шиг юм харагдав.
 
Эцэг нь адууны хөлс, жолоо цулбуурын сурны үнэр нэвчсэн паривгар гараар хүүгийн толгойг эв хавгүйхэн илж, жигтэйхэн их хайр гэрэлтсэн нүдээр энхрийлэн харж “Миний хүү том болоод наадам үзнэ дээ. Хууртагдаж байж амьдралыг танина шүү. Хожмоо чамд хэрэг болно. Хүнд маллуулж байдгаа барах вий гэсэндээ л энэ...” гэж өгүүлбэртэй бодлогын хариу гаргаж байгаа шиг хэлжээ. Тэр цагаас хойш олон жил улирав. Эцэг нь хүүгээ хэчнээн ч хуурав даа. “Сахал Дэмбэрэлийн шар охиныг хүүдээ авч өгнө” гэж нэг хэсэг манаргав. Хайр гэдэг эмзэг халуун юм хойно доо. Цэрмаа гэх тэр шар охиныг хар нялхаас нь хайрлаж, тэрний төлөө амьдарч явсан шиг хүүд санагдана.
 
Энэ бол эцгийн нь хамгийн сүүлийн “бэлэг” байж, хүү хамраараа газар хатгатал хууртжээ. Сайхан Цэрмээ, шар Цэрмаа нэг л өглөө хүний хүн болоод хадамд гарав. Эцэг нь найр наадмын хойморт сайхан улаан зээрд хүн. Худлаа ярьдаг хүнд бөөн баяр баясгалан. Өөрийн охиноо мордуулж байгаа юм шиг сахал Дэмбэрэлийн охиныг үдэж өгөв. Арван долоохон настай хүү энэ мөчөөс тэс өмнөө хүн болов. Эцгийн хэлсэн болгоныг адарч, хийсэн болгоныг нь сөрж, мугуйд зөрүү, мунхаг харанхуй хүн болов. Тэр тоолон эцэг нь баясаж “Одоо ч аав нь санаа зовохгүй үхэж болох нь. Миний хүү хаа ч газардахгүй. Хүнд дөрлүүлж, хүний хоол болохгүй хатуу чанга эр хүн болов” гэж тайвширсан юм. Тэгэвч эцэг , хүү хоёр насан турш шатар наадсан бөгөөд эхний үед хүү маданд унахгүйг хичээн ямагт хамгаалсаар иржээ.
 
Эцгийн тамир барагдаж, нөлөө сулраад ирмэгц зогсолтгүй давшиж, эцгээ мадлах гэж улайрах болов. Энэ үйл лайг бурханд сүжигтэй, зовлон нажидыг даахаараа нэг болсон хөөрхий эх нимгэлж, эмээлийн урд хойд бүүрэг шиг эцэг, хүү хоёрын дунд элэгдсээр байв. Ухаантай тэр эх байгаагүй бол хорвоо яаж төгсөх байсныг хэн ч таашгүй билээ. Хорвоогийн жам, байгалийн хуулиар эцэг нь доройтож хэвтэрт оров. Ийм ч юм сайн гэнэ, тийм ч юм сайн гэнэ. Тэрнийг л олж идвэл, үүнийг л олж уувал өвчин хууч нь ор мөргүй эдгэж, эрүүл саруул болох тухай амтай болгон нэг юм ярина. Үхэхийг тийм ч их яараагүй эцэг нь хүүгээ тэр болгонд зарах авч голын бул хар чулуу шиг хүү нь хөдөлнөө гэж гонжийнжоо. Хөдөлдөг юм гэхэд дандаа буруу юм олж ирнэ. Чандаганы баас шатааж үнэрлэвэл сайн гэхээр хүү гарч яваад “Утаа гарч байвал чандаганых байна уу ямааных байна уу ямар хамаа байна” гээд хотныхоо захаас хоргол аваад ирсэн ч удаа бий. Тэгсээр эцгийн буцах аяны хөсөг хуучин модон орны толгойн тушаа ирж зогсоод хэд хонов.
 
Эцэг салж сарнисан оюун ухаанаа хүчлэн цуглуулж хүүгээ дуудан дэргэдээ суулгаад, загийн мөчир шиг хатингар гараар толгойг нь илэв. Нэгэн цагт энэ гар хар ажилд нухлуулж эвэршиж хатсан, паривгар том, газар шорооны хүрз шиг байж билээ.
 
-Миний хүү. Надад чамаас өөр эрдэнэ үгүй. Хорвоо гэдэг чинь адармаатай. Хүний муу нь сайнаасаа олон. Сайн хүн гэдэг цөөн. Даанч нэг ховорхон шүү. Муу хүний хоол болгохгүй гэхдээ л чамайг хуурч мэхэлж өдий хүрэв. Одоо насны тоо гүйцэж байх шиг гэснээ чимээ алдарч нүдээ хагас анин бодлогоширов. Эцгийн дотор “үнэнийг хэлэх үү, энэ чигээрээ дуусах уу” гэдэг ац бодол байв. Үнэнийг хэлнэ гэвэл ердөө л ийм юм. Монгол хүн бурхан болоочдоо ил нутаглуулдаг нь учиртай. Хойд насандаа дараагийн төрлөө олоход энэ их учир жан ц антай гэж боддог байв. Өөрийн эцэг, өвөг эцгийнхээ адил ил тавиулах юмсан, зовж зүдрэхгүй дараагийн сайн төрөл олох юмсан.
 
Эцэг нь чухам энийг л хүсэж байв. Энэ мангарт үнэнээ хэлбэл үнэмших үү? Худлаа хэлбэл үнэмших үү? гэдэг нь хойд насандаа тамд унах уу, диваажинд төрөх үү? гэдэг шиг бүрхэг юм байлаа. Эцэг бодож цэгнээд “Дандаа миний эсрэг хийх юм хойно доо. Худлаа хэлье. Газар лавхан булаарай гэвэл ил тавьчихаж магадгүй” гэж горьджээ.
 
-Миний хүү аавыгаа газрын их гүнд нутаглуул гэв. Жишимгүй, шижээргүй царайлсан хүүгээ хараад “булахгүй юм байна” гэж тайвширчээ. Эцэг нь тэр оройдоо бие барав. Хүү эцгийн хэлснийг бодож бас л ац бодолд автан яахаа мэдэхгүй хэсэг зовоод “Хөөрхий дөө, эцэг минь газарт лавхан булаарай гэсэн юмсан. Насаараа үгнээс нь зөрлөө. Газар гэвэл тэнгэр гэсээр өдий хүрэв. Хүний үр байна даа. Сүүлийн ганц гуйлтыг нь ёсоор хийе дээ” гэж бат шийдэв. Өглөөд хамгийн түрүүнд нар тусах нарлаг сайхан энгэрт хүү нь их гүн нүх ухаж эцгээ ёс төртэй нутаглуулжээ.
 
МЗЭ-ийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан