sonin.mn

Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Шивээ-Овоо” нүүрсний уурхай 1998 оноос хойш нүүрсний олборлолт хийж эхэлсэн.  Уурхайг ашиглахад хөрсний усыг шүүрүүлэх арга замаар  ийнхүү Хаялага нуурыг бий болгожээ. Хаялага нууранд хоёр төрлийн загас үржүүлдэгээс гадна нутгийн иргэд зуны улиралд ундны усандаа хэрэглэгдэг нь ус багатай говь нутагт нэгэн том ололт болоод байна.  

Харин аймгийн удирдлагаас “Шивээ-Овоо” ХХК-иас жилд 800 сая төгрөгийн татварыг Хаялага нуурыг бий болгосных нь төлөө авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг холбогдох хүмүүс тайлбарлаж байсан юм. Уг нь урт нэртэй хууль ёсоор хүн, малын ундны хэрэгцээг хангаж байгаа бол татвараас чөлөөлөх заалт байдаг байна. Харин Говьсүмбэр аймгийн нутгийн удирдлага нь “Шивээ-Овоо” ХХК-ыг  хаялага нуураас хичнээн хүн ам, мал хэдэн литр усаар ундаалж байгааг нарийн тодорхой гаргахыг шаардсан байна. Гэвч энэ шаардлагыг биелүүлэх боломжгүй учир аргагүйн эрхэнд татвараа төлдөг тухай ярьж байсан.

Уг нь жилд төлж байгаа 800 сая төгрөгөөр нуурын эргэн тойрныг тохижуулж, загасны тоог нэмэгдүүлвэл аялал жуулчлалын нэгэн томоохон бүс нутаг болохыг “Шивээ-Овоо” компаний холбогдох албаны хүмүүс хэлж байсан юм. Говь нутагт нуурын устай байгалийн цогцолбор гэдэг нь ихэд ховорд тооцогддог учир Хаялага нуурын ойр орчимд мод, ургамал тариалж, тохижилтын ажлыг гүйцэтгэвэл зөвхөн гадаадын гэлтгүй дотоодын аялагчдын зорьж ирэх байгалийн үзэсгэлэнт газар болох боломжтой юм. Тиймээс урт нэртэй хуулинд заасны дагуу Хаялага нуурыг татвараас чөлөөлж байгалийн үзэсгэлэнт цогцолбор бий болгоход орон нутгийн удирдлагын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа аж.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин