sonin.mn
Нью-Йорк хот дахь Америкийн Байгалийн түүхийн музейн судлаач, палеонтологич М.Болорцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр өрнөдөд палеонтологийн чиглэлээр мэргэшсэн Монголын анхны судлаач юм. Мөн Тарбозавор Батаар динозаврын ховор олдворыг дуудлага худалдаагаар зарагдах гэж байхад нь Монгол руу мэдэгдэж, говиос олдсоныг мэргэжлийн үндэслэлтэй баталж, үнэт олдворыг эх орондоо буцаах ажлыг зохион байгуулсан билээ. Түүнтэй Монголын палеонтологийн түүх болон музейн хөгжлийн талаар ярилцсанаа уншигчиддаа хүргэе.
 
-Шинжлэх ухааны салбаруудаас манай улсад ойр хэрнээ монголчуудын тэр бүр сайн мэддэггүй палеонтологийн мэргэжлийг сонгох болсон түүхээс тань ярилцлагаа эхлэх үү?
 
-Аравдугаар ангиа төгсөөд сонгосон мэргэжил минь геологич. Аав минь Монголын анхны мэргэжлийн палеонтологичдын нэг. Тиймээс энэ мэргэжлийн ном, сэтгүүл аавын номын тавиурт байнга байдаг, сургуульд байхдаа номуудыг нь сонирхон үзэж уншдаг байв. Хүүхэд байхдаа аавыгаа дагаж ажил дээр нь очиж, хичээлийн танхим дахь эртний амьтдын зураг, загвар болон олдворуудыг нь үзэх дуртай байсан нь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Яг энэ мэргэжлийг эзэмших хүсэл их сургуульд орсон хойно биеллээ олсон. Аав минь байнга дэмжиж, тусалдаг байсан нь мэргэжлээ эзэмшихэд их дэм болсон. Зарим хүн палеонтологи болон археологиийн шинжлэх ухааныг хооронд нь ялгадаггүй тохиодол гардаг. Палеонтологи бол байгалийн шинжлэх ухаан ба эртний амьтан, ургамал, организмыг судалдаг. Археологи нь нийгмийн шинжлэх ухаан ба хүнтэй холбоотой, хүн төрөлхтний хийж бүтээсэн эртний соёл иргэншлийг судалдаг.
 
-Аавыг тань Монгол Улсад геологи, палеонтологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн эрдэмтдийн нэг гэж сонссон. Таны сонголтод нөлөөлсөн аавынхаа талаар ярина уу?
 
-Монгол Улс анхны мэргэжлийн палеонтологчдаа ЗХУ-д 1960 оноос эхлэн бэлтгэж эхэлсэн. Тэдний нэг нь миний аав Чулууны Минжин. Геологийн шинжлэх ухаан нь Палеонтологийн шинжлэх ухааны гол суурь болдог. Тиймээс аав минь геологийн чиглэлээр мэргэшсэн сайн мэргэжилтнүүдийн нэг болж төгссөн. Москвагийн их сургуулийг 1967 онд төгсч ирээд Монгол Улсын их сургуульд палеонтологийн багшаар мэргэжлийн гараагаа эхэлж байв. Монгол-Зөвлөлтийн хамтарсан сээр нуруутны палеонтологийн экспидецт динозавр судлах сонирхолдоо хөтлөгдөн 1969 онд оролцож байсан.
 
Тэр үед олдвор агуулж буй чулуулгийг судлах нь бас сонирхолтой санагдсан гэж ярьдаг. Тэгээд Монгол Зөвлөлтийн геологийн хамтарсан экспедицт 1974 оноос оролцож, Монгол орны 400-гаад сая жилийн настай эртний шүрүүд судлаж, эрдмийн зэрэг хамгаалж байв. Ер нь палеонтологийг дотор нь судлаж байгаа амьтнаар хоёр хуваадаг. Үүнд сээр нуруугүйтэн ба сээр нуруутан.
 
Сээр нуруугүйтэн амьтдын судалгаа геологийн шинжлэх ухаанд агуулж буй чулуулгийн харьцангуй насыг тогтооход чухал үүрэгтэй. Тиймээс аав энэ чиглэлийг хөгжүүлэх үүднээс палеонтологи стратиграфийн судалгааны төвийг ШУТИС дээр байгуулан ажилласан. Мөн Монголын стратиграфийн комиссыг байгуулан удирдан ажиллаж байв. Манай аав ШУТИС-д геологи, палеонтологийн хичээл олон жил заасан. Надад бас ахад маань ч багшилж байсан. Манай ах М.Батбаяр бас аавын мэргэжлийг өвлөн авсан.
 
-Монголын палеонтологийн шинжлэх ухааны судалгааны түүх Эндрюсийн экспидецээр эхэлдэг байх аа?
 
-Төв Азийг судлах Эндрюсийн экспидец 1922, 1923 болон1925 онд ирж хээрийн судалгаа хийж байсан. Энэ экспидецийн Монголын говиос нээн цуглуулсан динозаврын олдворууд мөн динозаврын өндөгний үүр дэлхийд алдартай. Эндрюс бол мэргэжлийн зоологич/орчин үеийн амьтан судлаач/. Түүний экспидецид палеонтологич, археологич гээд шинжлэх ухааны олон салбарын төлөөлөл багтсан судалгааны том анги байсан.
 
Монголд гурван жил ажилласан судалгааны анги шүү дээ. Судалгааны багт нь монголчууд оролцож байснаас гадна хятад ажилчид бас байсан. Эдгээр хятад ажилчдаас хоёрыг нь Нью-Йоркт аваачиж палеонтологийн чиглэлээр мэргэшүүлсэн байдаг боловч монгол хүнийг мэргэшүүлээгүй. Монголд Зөвлөлтийн геологийн болон палеонтологийн бие даасан экспидец ажилласан. Тэдгээр экспидец Монголд мэргэжилтэн бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Одоогоор Монголд АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг олон улсын экспидецүүд ажиллаж байгаа.
 
-Таныг өрнөдөд мэргэшсэн монголын анхны судлаач гэж сонссон юм байна?
 
-Би тэр үед ТИС одоогийн ШУТИС-т магистерт суралцаж байхдаа хуучнаар Геологийн Төв лаборатор дахь палеонтологийн секторт эрдэм шинжилгээний ажил хийж байлаа. Аав тэр секторийг удирдан ажиллаж байсан юм. Америкийн Байгалийн түүхийн музейн экспидец1990-ээд оны эхээр Монголд буцан ирж, би судалгааны багт нь 1996 оноос орж ажилласан. Тус музейгээс надад АНУ-д суралцах санал тавьснаар Нью-Йорк хотын их сургуульд аспирантурт суралцаж, музей дээрээ судалгааны ажлаа эхэлсэн.
 
-Сургуулиа төгсөөд Нью-Йоркийн Байгалийн түүхийн музейд ажиллах болсон уу?
 
-Докторын судалгааны ажлаа энэ байгалийн түүхийн музейд хий-сэн. Дараа нь Монтана мужийн их сургуулийн харъяа байгалийн түүхийн музейд судалгааны ажлаа үр-гэл жүүлэн хийсэн. Одоо Нью-Йорк дахь музейд судалгаа хийж байна.
 
-Нүдээр үзээгүй, түүхэн судар, гэрэл зурагт үлдээгүй олон зуун сая жилийн тэртээх ертөнцийг судална гэдэг сонирхолтой. Тэр тусмаа илрүүлсэн олдворууддаа үндэслэн хүн төрөлхтнөөс өмнөх амьдралыг сэргээн босгоно гэдэг гайхалтай байдаг уу?
 
-Тэгэлгүй яахав. Палеонтологийн шинжлэх ухаан эртний амьдралыг судалдаг. Цаг хугацааны хувьд хэдэн сая жилийн өмнө аялан эртний амьдралын талаар мэдлэгтэй болох боломжийг энэ мэргэжил надад олгодог. Киногоор бол “Юрийн галавын цэцэрлэг”-т гардаг төсөөлөл бууна. Ер нь палеонтологи эрт өнгөрсөн цагийн амьдралыг судалдаг ч гэсэн одоо болж байгаа уур амьсгалын асуудалтай холбоотой судалгаанд маш чухал үүрэгтэй. Дулаарал өмнө нь геологийн цаг хугацаанд болж байсан үүнтэй холбоотойгоор амьтад, организмууд хэрхэн дасан зохицох эсвэл устаж сөнснийг бид судалсны үндсэн дээр одоо болж байгаа дулаарал бидэнд болон хүрээлэн буй амьд ертөнцөд хэрхэн нөлөөлж болох тал дээр урьдчилан таамаг гаргаж болно.
 
-Монголын нутгаас нийт хэчнээн төрлийн үлэг гүрвэлийн олдвор олдсон байдаг юм бол?
 
-Монголоос90 орчим төрлийн үлэг гүрвэлийн олдвор олдсон байдаг. Манайхаас олдсон зарим төрлийн үлэг гүрвэлийн яс Хятад, Хойд Америкаас илрэх нь бий. Түүнчлэн ганцхан Монголын нутгаас олддог төрөл зүйл ч бий.
 
-Монголын болон Хойд Америкийн нутгаас олдсон ижил төрлийн олдвороос ялгарах онцлог гэж байдаг уу?
 
-Байлгүй яах вэ. Энгийн хүний нүдээр хараад нарийн ялгааг олоход бэрх. Монголоос олдсон үлэг гүрвэлийн яс цайвар өнгөтэй байдаг бол Хойд Америкаас олдсон яс бараан өнгөтэй байх тохиолдол бий. Тухайлбал, Монголын говиос олдсон Тарбозавор Батаар Хойд Америкийн Тринозавораас толгойн ясны хэмжээ хэлбэр зэргээрээ ялгаатай.
 
-Хулгайн замаар хилийн чинадад гарч дуудлага худалдаанд орох гэж байсан Батаарыг та анхлан мэдэж, дуудлага худалдааг зогсоосон байх аа?
 
-Батаар бол хулгайн замаар хилийн чинадад гарсан олдворуудын нэгэн жишээ. Үлэг гүрвэлийн олдворуудыг1990-ээд оноос хойш хулгайгаар хил гаргах болсон. Хүмүүс Батаарын асуудал ганцхан хоногийн дотор өрнөсөн мэт ойлгодог. Үнэндээ энэ бол удаан үргэлжилсэн асуудал. Би Батаараас ч өмнө хулгайн олдворын талаар эрх бүхий хүмүүст танилцуулж байсан.
 
Харьяа яам, эрх мэдэл бүхий хүмүүс нь шинжлэх ухаан болон үлэг гүрвэлийн талаар мэдээлэл, мэдлэг дутуу учраас энэ асуудлыг ойлгож анхаарал хандуулдаггүй. Асуудлыг ойлгуулахын тулд янз бүрээр үзсэн. Ц.Оюунгэрэл гишүүнд хандаж асуудлуудыг танилцуулж хэдэн жил тууштай мэдлэг мэдээллээр хангасны үр дүнд Батаар тэргүүтэй олдворуудыг эх орон руугаа буцаасан. Манай улс палеонтологийн олдворууддаа үнэхээр“гамгүй” хандаж байгаад мэргэжлийн хүний хувьд сэтгэл өвдөх юм.
 
-Палеонтологийн судалгаагаар өнөөдөр ямар улс дэлхийд тэргүүлж байна вэ?
 
-Манай салбарт Хятад улс сүүлийн жилүүдэд тэргүүлэх болсон. Хятадын палеонтологийн нөхцөл байдал20 жилийн өмнө манайхтай төстэй байв. Улсаас нь салбарыг нь дэмждэггүй, ач холбогдлыг нь тэр бүр ойлгодоггүй байсан гэсэн үг. Тэгтэл БНХАУ өнөөдөр энэ салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх болсон нь үндэсний палеонтологичдоо дэмжиж, бэлтгэсний ач гавьяа. Хятадын төрөөс бодлогоор барууны орнуудад палеонтологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, дадлагажуулсан. Мөн гадаадад ажиллаж амьдардаг мэргэжилтнүүдээ эргүүлэн татаж байна.
 
Миний мэдэх хоёр, гурван хятад эрдэмтэн эх орондоо ажиллах болсон. Замын-Үүдийн цаана байх Эрээн хотод үлэг гүрвэлийн музей байна гээд бодохоор Хятад улс палеонтологийн шинжлэх ухаанд ямар их анхаарал хандуулсныг мэдэж болно. Палеонтологийн судалгааны хэд хэдэн төвийг байгуулсан. Түүнчлэн олон улсын палеонтологийн сэтгүүлд хятадын эрдэмтэд багаараа ажиллаж байна. Өмнө нь Хятадын олдвор дээр голдуу барууныхан ажилладаг байсан бол одоо хятадууд бие даан бүтээлүүдээ хэвлүүлдэг болсон.
 
Хятадын Засгийн газар ийнхүү боловсон хүчнээ бэлтгэх, судлагааны төв, хүрээлэн байгуулах, олдворуудаа хадгалах музей нээхээс гадна Үндэсний экспидецийг санхүүжүүлж байна. Сүүлийн жилүүдэд Хятадаас дэлхийд шагшигдах олдворууд олдож байна. Тухайлбал, өдтэй динозаврууд байна. Хятадын төр ганцхан палеонтологи гэлтгүй бусад шинжлэх ухааны салбаруудаа дэлхийн хэмжээнд хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа.
 
-Үлэг гүрвэлийн эх орон атлаа олон нийтэд нээлттэй дагнасан музейгүй байна гэсэн шүүмжлэл монголчуудын дунд тархсан. Та энэ асуудалд хэрхэн ханддаг вэ?
 
-Батаартай холбоотойгоор динозаврын музей байгуулсан ч харамсалтай нь энэ музейн нөхцөл байдал тун хүнд байгаа. Байрных нь асуудлаас авахуулаад боловсон хүчний асуудал байна. Музейг байгуулахад тодорхой төлөвлөгөө, төсөвтэйгээр байгуулах ёстой. Түүнээс гадна тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлсэн байх хэрэгтэй. Харамсалтай нь энэ музейг байгуулсан нь маш өнгөц, хариуцлагагүй ажил болсон.
 
-Манай улсын музейн салбар үнэхээр хүндхэн байдалд байна. Энэ хүндрэлээс гарах ямар арга зам байна вэ?
 
-Музейнуудэд дутагдаж байгаа зүйл бол олон нийт рүүгээ хандсан үйл ажиллагаанууд. Олон нийт, үзэгчдийнхээ судалгааг хийх нь тун чухал. Олон нийтээ сайн судалж байж“яагаад үзэгчид ирж үзэхгүй байна” гэсэн шалтгаануудаа тодорхойлж байж тодорхой нас, бүлгийн хүмүүсийг хамарсан олон нийтийн байнгын хөтөлбөртэй болох нь чухал. Нэгэнт үзмэрээ байнга өөрчлөх санхүүгийн боломж дутуу бол олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаар тэднийг музей рүүгээ татах боломж бий. Түүнээс гадна сан хөмрөгтөө байгаа эд өлгийн зүйлүүдээ интернетэд нээлттэй мэдээлэлтэй тавих хэрэгтэй.
 
Олон нийтийн мэдлэг музейн сан хөмрөгт цоожтой байна. Үүнийг нээлттэй болговол ядаж соёлын өвийн талаарх мэдлэг дээшлэхээс гадна сан хөмрөгт байгаа зүйлээ олон нийтийн мэдлэгт хадгалж хамгаалах боломж бүрдэнэ. Олон нийт музейн сан хөмрөгт юу байгааг мэдэх нь ямарваа нэг зүйл алдагдаж худалдагдах гэж байхад өөрийн өв соёлоо хаана ч явсан таньж мэдэж, хууль бус үйл ажиллагааг мэдээлэх боломж бий болно.
 
-Нью-Йоркийн Байгалийн түүхийн музейн тасалбарын үнэ хэд вэ?
 
-22-30 ам.доллар гээд харилцан адилгүй үнэтэй тасалбар худалдаалдаг. Том хүн байнгын үзмэр үзэхэд 22 ам.доллар. Тусгай үзэсгэлэн үзэхэд 30 орчим ам.доллар болно. Энэ музейг жилд таван сая хүн үздэг. Тасалбараар гол орлого нь орж ирдэг. Харин Монголын музейнүүд улсын мэдэлд байдаг учраас тасалбараар орсон орлогоо төсөвт тушаадаг.
 
Төсвөөс музейд хуваарилсан цөөн хэдэн төгрөгөө урсгал зардалдаа зарцуулаад, боловсрол, сурталчилгааны ажил зохион байгуулж хүрэлцдэггүй. Тиймээс Монголын төрөөс музейн боловсрол олон нийтийн үйл ажиллагаанд нь зориулж төсөв гаргах хэрэгтэй. Ядаж л тасалбараараа орсон орлогоо буцааж боловсролын үйл ажиллагаанд зориулах тэр боломжийг өгөх нь чухал. Мөн нийслэлийн төсвөөс оюутан залуус, сурагчийн боловсролд зориулж төсөвлөх хөрөнгө музейд хуваарилах хэрэгтэй. Музей бол боловсрол танин мэдэхүйн маш том институт.
 
-АНУ-д улсын харьяаны музей байдаг уу?
 
-Байдаг. Смитсоны институтийн 19 музей улсын музей бөгөөд бүгд үнэ төлбөргүй үйлчилдэг. Эдгээр музей д улсаас тодорхой хэмжээний төсөв хуваарилдаг.
 
-“Музейн шөнө” зэрэг сонирхолтой эвент манайд зохион байгуулдаггүй. Танай музей олон нийтийг ялангуяа залуусыг татах сонирхолтой ямар эвент зохион байгуулдаг вэ?
 
-Энэ музей нас насны ангилалд тохирсон танин мэдэхүйн сургалт, үйл ажиллагаа байнга зохион байгуулдаг. Сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрийг нас насаар ангилан явуулдаг. Нэгдсэн зохион байгуулалттайгаар хичээлдээ үзсэн сэдвийн дагуу сургалтуудад хамрагдах боломжтой. Залуучуудад чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрөөх зорилгоор баасан гаригийн орой амьд хөгжмийн тоглолт зохион байгуулах, мөн шинжлэх ухааны чиглэлээр чөлөөт ярилцлагыг эрдэмтэдтэй хийнэ. дээр нь шар айраг, коктеил уунгаа цагийг өнгөрөөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Музейд хонодог хөтөлбөр хүмүүсийн сонирхол их татаж, олноор оролцдог. Энэ хөтөлбөрт оройн зууш идэнгээ амьд хөгжим сонсох, эрдэмтдийн ярианд оролцох, музейг чөлөөтэй үзэх гээд цогц хөтөлбөрөөр сургуулийн насны хүүхдүүдээс гадна насанд хүрсэн хүмүүст зориулсан болдог.
 
-Ярилцлагаа дуусгахаас өмнө нэг асуултыг сонирхон асууя “Тийм төрлийн үлэг гүрвэлийн өндөг” гээд музейн танилцуулга дээр байдаг. Чухам ямар үндэслэлээр чулуужсан өндөгнүүдийн төрлийг тодорхойлдог юм бэ?
 
-Динозаврын өндөг өөрийн гэсэн ангилалтай. Динозавр нь өндгөө дарсан байдалтай олдсон эсвэл өндөгний үр хөврөлтэйгээ олдсон тохиолдолд ямар төрлийн динозаврынх вэ гэдгийг баттай хэлж болно. Тэгэхээр ийм олдворууд ховор л доо. Тиймээс ихэнх өндгүүд өөрийн ангиллын нэртэй байдаг. Ингэж ангилахад ѳндѳгний хэмжээ, хэлбэр түүнээс гадна хальсных нь хөндлөн зүсэлтийн бүтцийг электрон микроскопоор судалж тогтоосон судалгаа шаардлагатай.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин