sonin.mn
 Нийслэлийн хэмжээнд 2015 оны II ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага энэ сарын 16-18-нд болно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Цэрэг татлагын товчоо өчигдөр хуралдлаа.
 
Хуралдаанд дүүргүүдийн цэрэг татлагын товчоодын ажиллах хуваарь, бэлтгэл ажил, цэргийн насны залуусын эрүүл мэндийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг энэ сарын 13-ны байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараасан байна.
 
Мөн цэрэг татлагатай холбоотой 169 иргэний өргөдөлийг хүлээн авч шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна. II ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажлыг 100 хувь хангасан гэдгийг нийслэлийн Цэрэг татлагын товчооноос томилогдсон ажлын хэсэг илтгэлээ. Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газраас залуусын эрүүл мэндийн байдлын талаар танилцуулсан юм.
 
Энэ оны I хагаст эрүүл мэндийн үзлэгт 9029 залуу орсноос 5200 буюу 58.6 хувь нь эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөлөгдсөн байна. Үүний 85.1 хувийг хяналтад авч эрүүлжүүлэхээр ажиллаж байгаа ч эрүүл мэндийн санхүүжилтийг 50 хувийг танаснаас эрүүлжүүлэх үйл ажиллагаанд хүндрэл учирч байгааг дуулгалаа. Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун “Жил бүр энэ талаар ярьдаг. Гэтэл энэ жил ч нөхцөл байдал хэвээрээ байна.
 
Харин ч муудах шинжтэй. Нийт эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан залуучуудын 58.6 хувь цэргийн албанд тэнцэхгүй байна гэдэг маш муу дүн. Тиймээс энэ асуудалд анхаарах шаардлагатай байна” хэмээн ажлын хэсэгт анхаарууллаа. Харин цэргийн жинхэнэ албанд тэнцэгсдийн рентген зургийг дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэл болон Зэвсэгт хүчний дамжингуудад зохион байгуулах ажээ. Хурлын төгсгөлд нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун хамгийн түрүүнд цэрэг татлагыг өмнөх жилүүдийн адилаар залуучуудад урам өгөх, баяр ёслолын байдалтай, аюул осолгүй зохион байгуулж, Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Хууль зүйн дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан иргэний цэргийн жинхэнэ албанд элсэх иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах шаарлагатай.
 
Мөн энэ онд техникийн үзлэгт орж, дүүргийн цагдаагийн хэсгээс зөвшөөрөл авсан автомашинаар цэргүүдийг тээвэрлэх, нийслэлийн Замын Цагдаагийн газартай хамтран нэгдүгээр эгнээгээр зорчуулах талаар цэрэг татлагын ажлыг зохион байгуулах комиссын гишүүдэд үүрэг өглөө. Мөн ирэх оны УИХ-ын сонгуультай холбогдуулан цэргийн албанд татагдаж байгаа иргэдийг цахим үнэмлэхтэй явуулахыг санууллаа.
 
М.Энх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин