sonin.mn
ЗОХИОГЧИЙН ЭРГЭЦҮҮЛЭЛ
 
Хүмүүс эх дэлхий, од гараг, далай тэнгис, ер нь олон юмны учрыг ухаж, шинжилж судалж байгаа хэрнээ бие биеэ, өөрийгөө төдий л сайн мэдэхгүй хэвээрээ. Бие биеэ танин мэдэж дуусаагүй, дуусах ч үгүй болохоор хэн нэгнийхээ хийсэн бүтээснийг нь анхаарахгүй өнгөрөх үе олон.Шинжлэх ухааны шинэ нээлт хийсэн Ж.Шагжийн тухай эргэж санахдаа ийнхүү бодож билээ.
 
-Ж.Шагж гэж хэн бэ?
 
-АУДэС-ийн эрүүл ахуйн тэнхимийн багш, эмч
 
-Ямар нээлт хийсэн хүн бэ?
 
-Шинжлэх ухааны шинэ үзэгдэл нээсэн, гурван онол дэвшүүлсэн, гурван дүрэм боловсруулсан, гурван шинэ бүтээл гаргасан.
 
-Чухам ямар нээлт юм бэ?
 
-Хүн, амьтны өтгөн хатахын учир, нийт биеийн болон аль нэг хэсгийнх нь өндөр халуун халдварт өвчнөөс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг, амьд бие мах- бодын дулаан зохицуулах гурав дахь шинэ онолыг дэвшүүлсэн. Үүнийг БНМАУ-ын Шинжлэх ухаан, техник, дээд боловсролын улсын хорооноос 1988 оны аравдугаар сарын 1-ний өдөр олгосон “Хүн ба амьтдын дулааны энерги үүсэх үзэгдэл” нэртэй нээлтийн диплом батална.
 
БАРИМТ ЦУГЛУУЛСАН ҮЕ
 
1959 онд Ленинградын анагаах ухааны дээд сургуулийг эмч, эрүүл ахуйч мэргэжлээр төгсөж ирээд Улаанбаатар хотын хүнсний эрүүл ахуйчаар ажиллаж байхдаа тэр үед хаа сайгүй байсан хятад гуанзныхан, махны мухлагийнхан зуны аагим халуунд хөргүүргүй хэрнээ махаа муутгадаггүй аргыг ихэд сонирхдог байжээ. Амьтдын биологийн талаарх олон янзын ном хэвлэл уншсаар байтал амьтдын хээлийн хугацаа, наслалт хоёр уялдаатай юм биш үү гэсэн санаа анх төрсөн гэдэг. 
 
Амьтдын хээлээ тээх хугацаа харилцан адилгүй. Жишээ нь, хулганых 14 хоног байхад, зааных 660 хоног. Хөхтөн амьтдын хээлийн хугацааг тэр бүр сонирхож наслалтгай нь холбож судлаагүй байж. Тэгвэл Ж.Шагж хөхтөн амьтдын хээлийн хугацааг эр, эм бэлгийн эс нийлсэн үеэс төрөх хүртэлхийг нийт, дээрх эсүүд нийлж умайн хананд бэхлэгдэх хугацааг нууц хугацаа гэж ялган, хоорондынх нь хамаарлыг ажиглаж үзвэл хүн хүүхдээ 10 сар тээдгийн 5-7 хоног нь нууц, сарьсан багваахайн хээлийн нийт хугацаа нь нэг сар, бор гөрөөс хээлээ есөн сар орчим, тээлтийн нууц үе нь 4-5 сар байх жишээтэй.
 
Тэрбээр 1960-аад оны дунд үеэр амьтдын наслах хэмжээ, хээлийн хугацаа тархины харьцангуй хэмжээтэй шууд, гэдэсний нийт урттай урвуу хамааралтай байж болох зүй тогтлыг ажиглажээ. Өмнөх үеийнхэн маань наслалтыг хээлийн хугацаа, гэдэсний урттай холбон үзэж байсангүй. Судлаач маань уураг тархи томтой нь хээлээ удаан тээдэг, гэдэс багатай нь урт насалдаг болохыг ажиглажээ. Ж.Шагж ийнхүү наслах дээд боломжийг судалж, томъёололд оруулж, тодорхойлох тэгшитгэл бий болгосон байна. Ажиглаад байхад адуу, үхэр, хонь зэрэг өвсөн тэжээлтэн харилцан адилгүй насалж байлаа. Ж.Шагж үүнийг гэдэсний урт, маш хүчирхэг хөгжилтэй байдгаар батлав.
 
Үүнээс бүдүүн гэдэс дулаан ялгаруулдаг юм биш биз гэсэн анхны таамаг төржээ. Тэгээд ном хэвлэл уншиж судлаад таван цул эрхтэн 0.5-1 хэмээр илүү температуртай байдгийг олон судлагч тэмдэглэсэн байдгийг мэджээ. 
 
Хүний бүдүүн гэдэс, нарийн гэдсийг хүрээлэн байрлах бөгөөд хэвлийн хөндийн бүх эрхтэнд хүрэлцэж, түүний арьсан дээрх хамгийн их температур хүйснээс 2.5 см дээш орших цэгт байдгийг олж илрүүлсэн атлаа мөн ямар ч тайлбар өгөөгүй байв.
 
Ж.Шагж судалгааныхаа ажлыг амьтдын бүдүүн гэдэс, шулуун гэдэсний халууныг хэмжихээс эхэлжээ. Эхлээд үхрийн бүдүүн гэдэсний халууныг хэмжихийн тулд хэмжүүрээ 10-80 см дотогш нь явуулахад 38-аас эхлээд 42 хэм хүрчээ. Тэгээд туулай, усан гахай, гэрийн бүх мал, гахай, нохойныхыг хэмжижээ. 
 
Энэ бүхнээсээ үндэслэн бүдүүн гэдсэнд дулааны энерги хэрхэн бий болдог, энэ нь практикт хэрхэн нөлөөлөх вэ? гэх зэрэг асуудал урган гарч иржээ.Хэрэв бүдүүн гэдэс дулааны солилцоонд идэвхтэй оролцдог юм бол амьтны тархалтад хэрхэн хамааралтайг судлах хэрэгтэй болж. Тэгээд Монгол орны олон зүйлийн амьтад төдийгүй 1973 онд Вьетнам явж халуун орны гэрийн болон хэд хэдэн зүйлийн амьтны бүдүүн гэдэсний халуун, уртыг хэмжих судалгаа хийхэд дулаан орны амьтны бүдүүн гэдэс харьцангүй богино байж гэнэ. Бас ижил төрөл зүйлийн амьтдаас хүйтэн, хатуу ширүүн уур амьсгалтай нутагт амьдардаг амьтад бүдүүн гэдэс урттай байдгийг ном хэвлэлээс уншиж мэджээ. Бүх буганаас цаа буга, туулайнаас чандага, бүх төрлийн мэрэгчдээс хөвхөлжий, бүдүүн гэдэс урт ажээ. Ер нь Экватороос Хойд туйл хүртэлх амьтдын бүдүүн гэдэс уртасдаг. Тэгээд бүдүүн гэдэс урттай нь хүйтнийг сайн тэсвэрлэдгийг ажиглажээ.
 
ХҮЛЭЭХИЙН зовлон
 
Ж.Шагжийн хүн, амьтдын наслах боломжийг судалж байсан 1970-аад оны эхэн үеэр БНСРУ-д өтлөлт, наслалтыг судлах ухаан эрчимтэи хөгжиж сонин таамаг гарч байв. 1968 онд судлаач маань Румыны Өтлөлтийг судлах хүрээлэнд богино хугацаатай туршлага судалж, сонирхолтой зүйл мэдэж, ном хэвлэлтэй нэлээд танилцжээ. Удалгүй “Хүн, хөхтөн амьтдын наслах бололцоот дээд хэмжээнд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” гэсэн эрдмийн зэрэг горилсон зохиол бичиж 1972 онд Москва хотод ЗХУ-ын Анагаах ухааны академийн Эрүүл, эмгэг физиологийн хүрээлэнд эрдэмтэн И.А.Аршевскийнн удирдлагад биологийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
 
Түүнээс хоёр жилийн өмнө буюу 1970 оны нэгдүгээр сарын 15-нд “Монголын анагаах ухаан” сэтгүүлд “Хөхтөн амьтны бүдүүн гэдэсний физиологийн үүргийн асуудал” гэсэн эрдэм шинжилгээний томоохон өгүүлэл нийтлүүлсэн нь түүний нээлтийн эх санаа байв. Түүнээсээ уламжлан “Хүн, амьтдын гэдэсний бүдүүн хэсэгт дулааны энерги үүсэж, бодисын солилцооны идэвхийн ерөнхий түвшин ба өөрчлөлтийн хөдлөл зүйд нөлөөлдөг үзэгдлийг тогтоожээ.
 
Энэ үзэгдэл хэвийн микрофпор, хоол тэжээлийн боловсрогдоогүй үлдэгдэл хоёрын харилцан үйлчлэлийн үр дүнд бий болж зөвхөн бие даасан микроценозын дулаан зохицуулалтад хамааралтай тоо хэмжээний хувьд гэдэсний энэ хэсгийн харьцангуй урт, агуулагдхууны температураар тодорхойлогдоно” гэсэн онц сонирхолтой дүгнэлт хийжээ.
 
Биологич Ж.Шагж судалгааныхаа явцад бүдүүн гэдэс цочрох, даралт үүсэхэд өтгөн ялгардаг гэсэн онолд өөрчлөлт оруулж голлох үүргийг бүдүүн гэдсэнд үүсдэг дулаан гүйцэтгэдэг болохыг нотолжээ. Энэ бол түүний нээсэн шинэ онол билээ. Хоёр дахь онол нь хүн, амьтдын биеийн нийт болон хэсэг орчны дулаан нь халдвараас хамгаалах тухай асуудал юм. Их халуун нь халдвараас сэргийлнэ.
 
Энэхүү хоёр онолдоо тулгуурлан хүн, амьтдын дулаан зохицуулалтын өөр нэг шинэ онолыг дэвшүүлэв. Дулаан зохицуулалтын физик, химийн арга байдгийг нийтээр нэгэнт зөвшөөрсөн зүйл.Гэтэл Ж.Шагж дулаан зохицуулалтын шинэ арга байдийг олж илрүүлэн бичил биологийн ду лаан зохицуулалт гэж нэрлэжээ.
 
ТӨГСГӨЛГҮЙ ЭРЛИЙН ҮРГЭЛЖЛЭЛ
 
Ж.Шагж ард түмэндээ тустай л бол юухныг ч санаачилж, амьдралд нэвтрүүлэх гэж насаараа мэрийж явсан хүн. Бүр оюутан байх үедээ зуун буудалт даамны сурах бичиг орчуулж  хэвлүүлснээрээ Монгол Улсад эл спорт хөгжих үүдийг нээжээ. Бас эх орондоо бэлэг дурсгалын үг сийлэн бичих багажийг анх авчирч, энэ аргыг дэлгэрүүлсэн, орос хэл сурах хурдавчилсан аргыг боловсруулан олон залууг ийм аргаараа сургасан, усан аялалыг анх санаачилж хөгжүүлжээ.
 
Жинхэнэ эрдэмтэн хүн энгийн, жирийн юмнаас аугаа их том санааг олдог, түүнээ баталдаг аж. Тийм хүний нэг бол яах аргагүй Ж.Шагж агсан билээ. Эглээс эгэл, эрхмээс эрхэм энэ хүн Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан олон шавь нараа шинжлэх ухааны хүнд ажил хийлгэж, бодох, нээж олох арга зүйд сургаж хүмүүжүүлсний нэг нь шинэ үзэл онол, шинэ дэг сургууль, шинэ эм нээсэн Төрийн шагналт, доктор М.Амбага, өвөрмөц сэтгэлгээ бүхий доктор профессор Б.Давгацэрэн нар юм. Тэр ч учраас аугаа их эрдэмтэн, эрэхийн зовлон, жаргал, нээж олсны жаргал, зовлонг нэгэнтээ эдэлж өнгөрөөсөн түүний үйл хэрэг, бүтээл туурвил үргэлжилсээр байна....
 
Сэтгүүлч Ч.Энхдалай