sonin.mn
Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагч хурандаа А.Мөнхбат
 
Та ямар улиралд төрсөн бэ?
 
-Ханш нээгдэж, дэлхий дэлгэнэсэн хаврын улиралд.
 
Таны хүндэлдэг хүн...
 
-Төрүүлж өсгөн өдий зэрэгт хүргэсэн ижий, аав минь.
 
Бахархал...
 
-Зенитийн пуужингийн мэргэжлийг эзэмшүүлсэн Белорусийн Минск хотын Цэргийн дээд сургуулиараа бахархдаг. ОХУ-д цэргийн академид сурч байхдаа “Би Минскийн ВИЗРУ төгссөн” гэж бахдалтайгаар хэлдэг байлаа. Мөн хүний нутагт явахдаа “Би Монголоос ирсэн” гэх хамгийн том бахархал. 
 
Шүтлэг...
 
-Шүтлэгтэй. Гэхдээ хэт туйлширдаггүй.
 
Таны шүтдэг хүн...
 
-Хариулахад хүндрэлтэй асуулт байна. Эх орныхоо төлөө алтан амиа зориулсан өвөг дээдсээс эхлээд эх орныхоо төлөө оюун бодлоо чилээж бүтээл туурвилаа өргөсөн яруу найрагч, ая зохиогчид гээд олон хүн бий.
 
Эх орон гэж юу вэ?
 
-Харьд явахад үгүйлэгддэг тэр л мэдрэмжийн цаана орших хамгийн агуу үнэт зүйл.
 
Таныхаар хайр ямар өнгөтэй вэ?
 
-Ямар ч толбогүй тув тунгалаг.
 
Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ?
 
-Хүн бүр л бурхан, чөтгөр хоёрын шүүлтэд өртдөг. Тухайн хүний хийсэн сайн, муу үйлийн үр энэ хоёрын шүүлтээр өөрт нь мэдрэгддэг юм болов уу. Тэгэхээр аль, аль нь хурдан шуурхай, үнэн зөв шүүлттэй байгаасай.
 
Та сүнс бий гэдэгт итгэдэг үү?
 
-Итгэдэг.
 
Дуртай хоол...
 
-Цуйванд “нугасгүй”.
 
Дуртай дуу...
 
-Хуучин цагийн нийтийн дуунуудад дуртай, сүүлийн үед гарсан дуунуудын үгийг бүтэн мэддэггүйтэй холбоотой байх.
 
Дуртай спорт...
 
-Гар бөмбөгийг сайн биш ч тоглох дуртай. Бас хөл бөмбөгийн тоглолтуудыг үзэхийг хичээдэг.
 
Үзэн яддаг зүйл...
 
-Хүнд худлаа амлалт өгөх, хэлсэн амлалтандаа хүрэхгүй хүний ажлыг алдагдуулахыг үзэн ядна.
 
Хэлэх дуртай үг...
 
-Эзэн хичээвэл заяа хичээдэг юм байна лээ.
 
Таны хобби...
 
-Гэр ахуйн эвдэрсэн зүйлсээ засаж янзлах, сайн мужаан биш ч элдэв багаж цуглуулах хоббитой.
 
Мөрөөдөл...
 
-Ойн цоорхойд өөрийнхөө хүч хөдөлмөрөөр байшин бариад тэндээ жимс ногоо тариалсан шиг ээ байгальтайгаа ойр амьдрах нь миний мөрөөдөл.
 
Та хэр өр нимгэн хүн бэ?
 
-Ер нь л өрөвч талдаа. Сүүлийн үед бүр ч өр нимгэн болоод байгаа нь мэдрэгддэг болсон.
 
Баярлалаа гэдэг үгийг. Та хамгийн сүүлд хэзээ хэлсэн бэ?
 
-Өдөр бүр хэлдэг. Тэгэхээр өнөөдөр гэсэн
 
Бухимдсан үедээ...
 
-Таатай биш үг хэлж мэднэ. Гэхдээ энэ ямар надтай урьдын өс хонзонтой биш дээ гэж бодоод тайвширдаг.
 
Амьдралд хар, цагаан өнгө хэрхэн хосолдог вэ?
 
-Нэг нь нөгөөгөө далдалж оршдог. Тэгэхээр муу муухай зүйл холуур байгаасай гэж залбирдаг.
 
Сүүлийн асуултыг Таны мэдэлд үлдээе...
 
-Залууст тэр тусмаа Зэвсэгт хүчинд алба хааж байгаа залуусдаа ахмад үеэсээ суралцахаас гадна шинэ зүйл сэдэж, чин сэтгэлээсээ санаачлага гаргаж ажиллаарай гэж хэлье. Хүнд чин сэтгэл байхад бүх зүйл санаж сэдсэнээр бүтдэг юм шүү дээ.
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!
 
Ахлах дэслэгч Д.Мэндбаяр
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин