sonin.mn

  Хэдхэн хоногийн дараа дэнж хотойтол наадамлахаар зэхэж буй монголчууд баярынхаа гангарааг аль эртнээс бэлтгээд эхэлчихэж. Монголчууд үндэсний их баяр наадмаар үндэсний дээл хувцасаараа гоёх дуртай болсон. Тиймээс ч хувцас захиалгын салонууд захиалгад дарагдаад завгүй байна.


Хувцас захиалгын салонуудад өгсөн захиалгаас харвал энгийн дан тэрлэг, ууж, хантаазны захиалга зонхилж байгаа нь ажиглагдсан. Энэ жилийн хувьд үндэсний дээлийг европ загвараар эвдэн орчин үеийн хэлбэр хийц рүү оруулахаас эрс татгалзсан загварууд захиалга ихтэй байгаа хэмээн уран гартай үйлчин бүсгүйчүүд хэлж байв. Ууж, хантаазыг дангаар нь буюу банзал, өмдтэй хослуулан захиалах болжээ.  Мөн энэ жилийн баяр наадмын өмнө дөрвөн жилд нэг тохиодог УИХ-ын сонгууль давхцсан учраас нэр дэвшигчид УИХ-ынхан уламжлалт хэв маягийг хадгалсан энгийн монгол дээлийг өргөнөөр захиалж байгаа гэнэ. Дээлний загвар энгийн болсон учраас загварын товчоод эмжээрт нь нэлээд өөрчлөлт оруулжээ.  Дундаа өргөн, хоёр захаараа нарийн хавчуургатай эмжээр энэ зуны дээлний нэг шийдэл болсон байна.  Зун цаг өөрөө өнгөлөг гэгээлэг болохоор ч тэрүү наадмын гоёлын дээлний өнгөний хувьд тод, гэгээлэг өнгийг захиалагчид чухалчилсан байна. Наадмаар европын энэ зуны дэлхийн хувцас загварт ноёрхоод байгаа тод улбар шар болон гэгээлэг шаргал, ногоон өнгө зонхилох аж.


    Хувцас загварын салонууд силк, торго санал болгож байна. Веьтнам, Энэтхэг, Япон, Хятад, Солонгосын торго, силк, даавууг өргөнөөр оруулж иржээ. Веьтнам торго силк талдаа хөнгөн намирсан яг л зуны халуунд хөлөргөхгүй, халууцуулахгүй, өнгөний хувьд өргөн сонголттой байгаа бол Энэтхэгийн сарины материалаар дээл урлах болсон нь охид, бүсгүйчүүдэд маш их таалагддаг болжээ. Эрчүүд Энэтхэг торгыг илүүтэй сонгодог гэнэ. Учир нь энэ торго цулгүй хээгүй материалтай бөгөөд өнгөний хувьд өргөн сонголттой солонгорсон өнгөтэй ч байдаг аж. Нэг дээлний үнэ ханш 150-600 мянган төгрөг байна.


     “Монгол костюмс”, “Шилмэл загвар”, “Торго” салон энэ жилийн наадмын захиалгаа өнгөрсөн долоо хоногт буюу хоёр долоо хоногийн өмнөөс зогсоожээ. Томоохон салонууд энгийн загвар бүхий монгол дан дээлийг 300 мянган төгрөөс дээш үнээр хийж үйлчилж байна. Харин зарим нэг онцгой давхар хантааз, чимэглэл бүхий дээлүүдээ 600 мянган төгрөгөөр урлаж байгаа юм. Тэгвэл жижиг хувцас захиалгын газрууд болон хувиараа дээл урладаг оёдолчид дан дээлийг 150-200 мянган төгрөгөөр хийж байна.  “Нарантуул”, “Хархорин” захууд дээр хувь хүмүүсийн урласан дээл хувцас үнийн хувьд 150 мянган төгрөөс дээш үнэтэйгээр зарагдаж байсан бол хүүхдийн дээлийг загвар хийцээс нь хамааран 70 мянга орчим төгрөгөөр худалдаалж байна шүү.


Д.Догсмаа


Эх сурвалж: "Монцамэ"