sonin.mn

 

Сүүлийн үед монгол хүний уужуу, энэрэнгүй, хүнлэг сэтгэл өөрчлөгдөн хүйтэн төмөр мэт хайрах болов. Ийм орчинд амьдарч буй хэн бүхэн зөрж өнгөрөх нэгнээсээ цэрвэж, айж, агшсаар өөрийгөө болон өрөөлийг гэмт хэргийн золиос болгосоор байгаа билээ.
 
Энэ байдал газар авсаар сүүлдээ төрсөн аав, ээж, ах, дүүс хоорондоо муудалцан хөндийрч, тэр бүү хэл амь насанд нь хүрэх гэмт хэргийн тоо олширсоор байгаа. Нэгэн жишээ дурдахад нэг эхээс төрсөн атал нялх хүүхэдтэй охин дүүгээ эмнэлэгт хэвтэж байх хооронд гэрийг нь ачаалаад явсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн VIII хорооны 50-ийн 309.6-д оршин суудаг У-гийн гэрийг том ах Ж, дүү У нар нь буулгаж аваад явсан байна. Учир байдлыг лавлахаар хохирогч У-тай холбогдтол “Та Шар хадны Эрдэнэтолгой гэдэг буудал дээр буугаад ир, тосоод авъя” гэв.
 
Түүний зааснаар очтол 25 орчим насны болов уу гэмээр бүсгүй “Би өчигдөр эмнэлгээс гарсан. Тэгээд урд шөнө ойролцоох таньдаг айлд хүүхдүүдтэйгээ хоносон” гэсээр хашаандаа дагуулан очлоо. Нэг тал нь бараг онгорхой хашаанд дөрвөн ханатай гэрийн хуучин шалтай буйр харлан харагдах аж. Мөн хоёр хэсэг газар хар гялгар цаасаар бүтээсэн эд хогшил байгаа нь гэрийн тавилга, хагас бүрээс нь үлдсэн байв. Учир нь Ж-гийн авч ирсэн машинд багтаагүй болохоор эргэж авахаар үлдээсэн нь энэ аж.
 
Ингээд У-гаас дараахь асуултад хариулт авлаа.
 
-Ямар учраас төрсөн ах чинь танай гэрийг буулгаад авчихсан юм бэ?
 
-Би зургаан сартай охинтой. Охин маань өвдөөд бид хоёр дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгсэн чинь өчигдөр /уржигдар/ таньдаг хүн маань “Гэрийг чинь буулгаад ачиж байна” гэж ярихаар нь хугацаа болоогүй байсан ч эмнэлгээс гарахаас өөр аргагүй болсон. Гэтэл Ах утсаар “Бүх юмаа авлаа” гэхээр нь уур хүрээд “Тэг бүгдийг нь ав” гэж хэлсэн. Бага дүүд чинь энэ гэрийг өгнө. Чи аргаа бод гээд үргэлж утсаар ярьж загнадаг байсан.
 
-Тэгээд өөрийг чинь хаана, яаж амьдар гэж байна?
 
-Чи өөрийгөө аргалаад амьдарч чадна биз дээ гэж байна билээ. Охины маань бие тааруу байгаа болохоор ах, дүү нартайгаа маргалдсангүй. Тэд угаасаа л муу зантай хүмүүс байдаг. Манай ээж өнгөрөгч арваннэгэн сард бурхан болсон юм. Түүнээс хойш “Чи наад гэртээ байх эрхгүй шүү. Буулгаж авна” гээд үргэлж л дарамталсаар байгаад буулгаж аваад явлаа.
 
-Төрсөн ах дүүс биш юм уу?
 
-Бид эхээс долуулаа. Бага дүү бид хоёр нэг эцэгтэй. Бусад нь өөр хүний хүүхэд гэсэн. Олонхи нь тусдаа гарсан. Нэг эгч маань таван жилийн өмнө нас барахад өнчирч үлдсэн долоон настай охин нь надтай амьдардаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй нэг эгч 18 настай хүүтэйгээ хамт байсан юм. Гэтэл тэр эгчийг маань ээж өөд болоод 21 хоног нь дуусаа ч үгүй байхад ах гэр рүүгээ бүх бичиг баримттай нь аваад явсан. Одоо би өөрийн зургаан сартай охин, долоон настай өнчин охин, 18-тай хүү гээд гурван хүүхэдтэй орох оронгүй үлдлээ.
 
-Бага охин дүү чинь хаана амьдардаг вэ?
 
-Хоёр жилийн өмнө хүнтэй суусан ч хөлсний байраар амьдардаг байсан юм. Тэндээсээ гарчихаад энэ гэрийг авч байгаа юм байх.
 
-Дүү чинь ажил хийдэггүй юм уу?
 
-Дүүгийн нуруу гэмтэлтэй болохоор гэртээ байдаг. Харин нөхөр нь машин засварын газар ажилладаг гэсэн. Ер нь бид тэр болгон ойр байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Том ах Ж Баянхошууны Жанцангийн буудлын ойролцоо хувийн дэлгүүр ажиллуулдаг гэсэн. Би очиж ч үзээгүй.
 
-Одоо хоноглож байгаа айл чинь танай хамаатан уу?
 
-Манайх энд 20 гаруй жил амьдарсан болохоор ээжтэй ойр дотно байж, орж, гардаг хүмүүс л дээ. Энэ айл ам бүл олуулаа. Таван хүүхэдтэй айлд би бас гурван хүүхэдтэйгээ орж хүндрүүлж байгаадаа санаа зовж байна. Эд бол маш сайн хүмүүс. Манай гэрийг буулгасны дараа TV8 телевизийг дуудсан байсан.
 
Тэр телевизийн сэтгүүлч “Монгол газар” гэдэг компаниас нэг гэр гаргуулж надад өгөхөөр болж холбоо тогтоосон тухай саяхан хэллээ. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр гэртэй болчихвол ах, дүүстэйгээ зууралдах хэрэггүй гэж бодож байна.
 
У-гийн амьдарч байгаа айлын эзэгтэйг Б.Долгор гэдэг аж. Тэрбээр “Манайхан 20-иод жил ойр байж төрсөн ах, дүүс шиг болсон. Талийгаачийг байхад бид аяга цай, зовлон, жаргалаа хуваалцдаг байлаа. У-гийн ээж Б.Нарангэрэл хүн чанар сайтай л хүн байсан даа. Хүүхдүүд нь орчноо дагадаг юм уу, ийм хатуу сэтгэлтэйд нь гайхаж байна. Талийгаач 28 дугаар баазад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Өвлийн хүйтнээр нялх хүүхдүүдтэй охиныг орох оронгүй болгочихож байхад бид цаашаа гэлтэй нь биш.
 
Хорооны дарга, нийгмийн ажилтан нарт энэ тухай дуулгасан хариу өгөөгүй байна” хэмээж суув. Харин тус хорооны Нийгмийн ажилтан Мөнхсайхантай холбогдтол “Би мэдээгүй. Удахгүй очиж У-тай уулзана” гэв. Хэрэв таних айл байгаагүй бол У гурван хүүхэд дагуулаад гудамжинд гарах байсан бололтой. Ийнхүү төрсөн ах нь хөсөр хаясан У-гийн зургаан сартай охин нь халууран үе үе сандаргаж байгаа тухай ч гэрийн эзэн сэтгэл зовинонгуй өгүүлж сууна.
 
М.Наранболд
 
Эх сурвалж: “Монголын үнэн”