sonin.mn
1971 он                                                                                             2015 он
 
“Залуу нас, гоо үзэсгэлэн мөнх биш ч сэтгэл зүрх, хайр энэрэл үүрд оршин тогтноно” гэсэн дугаарын зочныхоо хэлсэн үгээр нийтлэлээ эхлүүлэхийг хүслээ. Учир нь энэ хэдхэн үг бүхий л амьдралаа циркийн урлагт зориулсан, одоо ч зориулсаар яваа уран бүтээлч эмэгтэйн дотоод сэтгэлийг илтгэхэд хангалттай учраас тэр.
 
Түүний зүрх сэтгэл одоо ч урлагтаа үнэнч. Тайзнаа уран нугаралтын гайхамшгийг мэдрүүлж, эх орныхоо нэрийг дуурсгах шавь нараа хараад өнгөрүүлсэн амьдралаараа бахархан суугаа Ардын жүжигчин, Төрийн шагналт, “Зууны манлай” уран нугараач Бэгзсүрэнгийн Норовсамбуу манай нийтлэлийн гол баатар. Түүнд ч залуу насаараа гоёж, Монгол гэсэн нэрээрээ омогшиж явсан үе бий.
 
Дэлхийн том театруудад шилдэг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн тоглож, нижигнэсэн алга ташилт, урмын үгэнд бялуурч, балчирхан насандаа ахдам хүнд ачаа, нэр нүүрийг үүрч явжээ. Тиймээс төр түүнд хайр энэрлээ үзүүлэн 18-хан насанд нь “Гавьяат жүжигчин” хэмээх эрхэм цолоор шагнасан  биз ээ.
 
 
ЕСӨН НАСТАЙ УРАН НУГАРААЧ
 
Б.Норовсамбуу нугараач Завхан аймгийн уугуул. Аав нь амьдралаа дээшлүүлнэ хэмээн хот руу явснаар ээжтэйгээ үлдэж, Сонгино суманд 10 жилийн сургуульд оржээ. Багаасаа их уян хатан байсныг нь анх биеийн тамирын багш нь анзаарч, заавар зөвлөгөө өгдөг байж. Хоёрдугаар ангид байхдаа Д.Мажигсүрэн гуайн тухай баримтат киног үзээд энэ эгч шиг нугараач болохсон гэх мөрөөдөл тээв.
 
Энэ хүсэлдээ хөтлөгдөн, ногоон дээлээ дэвсээд хөлийнхөө өлмийг толгойдоо хүргэх сургуулилт хийж эхлэв. Тэр жил суманд нь урлагийн мастеруудын тоглолт болоход Д.Мажигсүрэн гуай иржээ. Биеийн тамирын багш нь бяцхан шавиа түүн дээр дагуулан очиж шалгуулснаар урлагийн алтан тайзнаа гялалзах замнал нь эхэлсэн түүхтэй. Үүний дараахан аймаг руу нь Соёлын яамнаас бичиг ирүүлсэн нь боломжтой бол хүүхдээ хотод авчирч, циркэд шалгуул гэсэн байж. Ийнхүү ээж, охин хоёр төрөлх нутгаа орхин шуудангийн унаанд сууж их хотын зүг хүлгийн жолоо залжээ.
 
Хотод ирээд гурван айлаар дамжин амьдарч, тавдугаар сургуулийн сурагч болов. Ээжийнх нь өвөөгийн талын хамаатан зохиолч Л.Ванган байжээ. Нэг хэсэг Л.Ванган гуайнд хүртэл амьдарч. Нугараач охин Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт тоглохоор анхны аяллаа эхлүүлэв. 1959 оны гуравдугаар сард циркийн дагалдан жүжигчин болж, 200 төгрөгийн цалинтай ажилтан болсон түүхтэй. Бяцхан Б.Норовсамбуу цалингаа ээждээ бүгдийг нь өгдөг байв.
 
 
Гадаадын орноор аялан тоглохдоо Мажигаа эгчийнхээ халамжинд явна. Эгчтэйгээ хамт дэлгүүрээр орж, гоёмсог бэлэг дурсгалын зүйл, шаазан аяга авдаг байсан нь одоо ч түүнд бий. Гадагшаа явах бүртээ багшаасаа даалгавар авч явна. Чөлөөт цагаараа хичээлээ хийсээр 10 жилээ алтан медальтай төгсчээ. Оюутан болох үедээ МУИС-ийн гадаад хэлний  хуваариа утга зохиолын ангиар солих гэсэн ч Л.Ванган гуай түүнд “Хэрэггүй, түүний оронд гадаад хэлээ сайн сурсан нь чамд хэрэгтэй. Ах нь зохиолоо бичээд л, миний дүү орчуулаад л, хоёулаа их мөнгөтэй болно шүү дээ” гэж хошигнон хэлж байсан гэдэг.  
 
 
 
“ЦЭЦГЭН ДЭЭРХ ЭРВЭЭХЭЙ” ҮЗҮҮЛБЭРЭЭРЭЭ 18 НАСТАЙДАА ГАВЬЯАТ БОЛОВ
 
Б.Норовсамбуу гуай Монголын хамгийн залуу гавьяат гэж дээр тодотгосон. Тэрээр “Цэцгэн дээрх эрвээхэй” үзүүлбэрээрээ 1966 онд буюу дөнгөж 18 насандаа энэ эрхэм цолоор энгэрээ мялаасан юм. Энэ нь цэцгийн мандал дээр хонхон цэцэг дэлбээлж, түүн дээр эрвээхэй ирж сууж буй өгүүлэмжтэй. Энэ номерыг өмнөх үеийн уран бүтээлчид ч хийж байсан түүхтэй. Харин 1961 онд түүний багш Ардын жүжигчин Т.Цэнд-Аюушт төрийн удирдлагууд Б.Норовсамбууг нугаралтын цоо шинэ төрөлтэй болго гэж үүрэг өгсөн учир багш нь тэнцвэртэй нугаралтын үзүүлбэрийг шавьдаа дэглэж өгчээ. Харин 1971 онд циркийн гурван үеийн төлөөлөл болсон Т.Цэнд-Аюуш, Д.Мажигсүрэн, Б.Норовсамбуу нарын нугараачийг төрийн шагналаар шагнажээ.
 
 
Урлагийнхан төрийн шагнал хүртсэний дараа. 1971 он
 
 
Т.Цэнд-Аюуш багш, Алиа Данзангийн хамт.
 
АФРИКИЙН ОРОНД ТОГЛОСОН АНХНЫ НУГАРААЧ
 
1980 онд социалист орнуудын залуу уран бүтээлчид Африкийн орноор аялан тоглох болжээ. Монголоос эстрадын дуучин Б.Нандинцэцэг, уран нугараач Б.Норовсамбуу гэсэн хоёр уран бүтээлч явах эрхтэй болов. Гэвч тухайн үед жүжигчнээ явуулж буй улс байр, хоол, унааныхаа зардлыг өөрсдөө даах хэрэгтэй болж. Тиймээс төрийн удирдлагууд ярилцаад Б.Норовсамбууг ганцааранг нь явуулахаар болжээ. Учир нь түүний номер ямар ч тоглолтод оролцох боломжтойгоос гадна Ардын жүжигчин маань МУИС-ийн Англи хэлний ангийг төгссөн учир хэлний бэрхшээлгүй байв. Гэтэл тэрээр ганцаараа явахгүй гээд уйлжээ.
 
Ээж нь ч охиноо ганцааранг нь явуулахгүй гэсэн боловч дээд удирдлагууд энэ бол төрийн өмнөөс явж байгаа нэр хүндийн хэрэг. Хэрэв явахгүй бол Монгол Улсын нэр гарна гэсэн учир яалт ч үгүй ганцаараа явах болсон байна. Тухайн үед улс орнуудын хооронд банкны харилцаа байхгүй байсан учир зардлаа цүнхлээд явахаас өөр аргагүй. Тэр үеийн Монголбанкны теллер н.Булган хэмээх эмэгтэй түүнд үнэтэй зөвлөгөө өгчээ.
 
Их хэмжээний мөнгө авч явж байгаа учир хилээр яаж нэвтрэх, гаалийн байцаагчид хэрхэн шалгуулах тухай зааварчилсан байна. Ийнхүү ганцаараа Москвад буусан ч такси барихаас айж. Тиймээс метронд суугаад Монголын Элчин сайдын яамны үүдэнд шөнө иржээ. Маргааш нь Берлин нисч, цаашлаад Африкийн орнуудаар тоглох аялалдаа гарчээ.
 
Б.Норовсамбууд Монголоос буудлын мөнгийг өдрийн 50 ам.доллараар тооцож өгч. Гэвч очсон газрын буудал 150 ам.долларын үнэтэй байв. Харин аз болоход тухайн хүлээж авсан улс таалагдсан номерынхоо эзний хоол, унааны мөнгийг даадаг байжээ.
 
Монгол нугараачийн үзүүлбэр африкуудад таалагдсан учир жүжигчин маань байр, хоолоо тухайн орноор даалгаж чаджээ. Ийнхүү тэрээр харь хол африкийн оронд анхлан хөл тавьсан монгол жүжигчин болжээ. Зүс үзээгүй өнгөт арьстай нөхдүүд “Энэ амьд хүн мөн үү” гээд биеэс нь барьж үзэхийг хүсдэг байсан зэрэг хөгжилтэй дурсамж  түүнд олон бий. Энэ аяллаас ирснийх нь дараа Б.Норовсамбууд Ардын жүжигчин цол өгсөн байна.
 
ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ОРЧУУЛАГЧ, ЭЛЧИН САЙД
 
 
Намын XVII Их хурлын төлөөлөгч, Хөдөлмөрийн баатруудтай ярилцаж байгаа нь.
 
Гадаадын орноор явж байхад уран бүтээлчид хоорондоо их өрсөлддөг байжээ. Монгол нугараач ч эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн тулд өөрөө өөртөө ачаа зөөгч, гоо сайханч, орчуулагч, хааяа бүр Элчин сайд хүртэл болдог байж. Учир нь аялан тоглолтын үеэр том хүлээн авалт их болно. Үүнд орон орноос ирсэн төлөөлөгчид оролцдог байж. Энэ үеэр хэвлэл мэдээллийнхэн цугларч, ярилцлага авдаг учир хэлэх үгээ хүртэл бэлдэнэ. Энэ үед л түүний МУИС-д таван жил сурсан хэлний мэдлэг нь хэрэг болдог байсан гэнэ. Нугараач маань Орос, Германы элчингүүдийн яриаг сонсч байгаад, Монголынхоо тухай элбэгхэн ярьчихна.
 
Эх орныхоо нэрийг унагахгүйн тулд авьяас чадвар, гоо үзэсгэлэн, мэдлэгээ өндөр төвшинд байлгах эрхэм үүрэг түүнд ногддог байв. Тэрээр энэ бүх үүргийг нэр төртэйгөөр биелүүлж, Монгол гэсэн нэр, монгол бүсгүйн авьяас чадвар, гоо үзэсгэлэн, цэцэн цэлмэг ухааныг дэлхийн олон оронд амжилттай сурталчилсан гавьяатай. Үүнээс гадна нугараач маань шавь нараа дагуулж гадаадын олон орноор аялан тоглосон байна. 2004-2009 он хүртэл Канадын Нарны цирктэй гэрээ байгуулж ажиллажээ. Энэ хугацаанд Африк, Латин Америкийн орнуудаар тоглосон юм.
 
ХУВИЙН АМЬДРАЛАА ХОЙШЛУУЛСАН ЗАЛУУ НАС
 
 
1973 он. Ээжийн хамт.
 
Ардын жүжигчин Б.Норовсамбуу алтан тайзнаа 30 нас хүртлээ нугарсан юм. Энэ хугацаанд түшиг тулгуур болж, охиныхоо урлагийн замналыг дардан байлгахын төлөө хамгийн их зүйл хийсэн хүн бол түүний ээж Бэгзсүрэн гуай. Хэдийгээр ээжийг нь охиноо хадамд гаргадаггүй хахир, хатуу хүн мэтээр зарим нь төсөөлдөг ч үрийнхээ төлөө бүхнийг хийж чадах сэтгэлийн тэнхээтэй, уян зөөлөн сэтгэлтэй ижий байжээ. Тэрээр энэ тухай нандин дурсамжийг ярихдаа нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан юм. Энэ нь одоо ч ээж нь түүнтэй хамт байж, тэнгэрээс үргэлж харж, ивээдэг гэдэгт итгэсэн чин сэтгэлийнх нь илрэл байв.
 
Б.Норовсамбуу төрийн хүлээн авалтад нугарч, алдах эрхгүйгээ ухамсарлан тайзнаа инээмсэглэн гарах бүртээ олны дундаас харцаараа ээжийгээ хайдаг байлаа. Ижий нь байвал сэтгэл нь уужирч, ээждээ зориулж нугарч байгаа шүү хэмээн өөрийгөө зоригжуулдаг байж. Түүний ээж охиноо хэзээ ч хүнтэй битгий суу гэж сургаж байсангүй. Харин ч сайхан амьдарч, өнөр өтгөн айл болохыг ерөөдөг байж. Гэвч урлаг дэндүү хатуу. Түүнийг 30 нас хүртэл нугаруулах төрийн бодлогоос нугараач бүсгүй “мултарч” чадаагүй юм. Тиймээс үерхэл шохоорхол, хайр гэдгийг залуу насандаа төдийлөн мэдэрсэнгүй. 30 нас нэлээд гарсан хойно гараасаа хөтлөх үртэй болжээ. Гэвч өнгөрүүлсэн амьдралдаа тэрээр хэзээ ч харамсаж байсангүй. Харин аавынхаа сүүлчийн хүслийг биелүүлж, гараасаа хөтлөх үртэй болсон болохоор өөрийнхөө амьдралаар омог бардам амьдарч  явна.     
 
 
 
20 ГАРУЙ ХҮҮХДЭД БАГШИЛЖ БАЙНА
 
 
Биднийг балчир байхын үргэлж зурагтаар гарч, уран гоолиг биеэрээ үегүй мэт нугарах эмэгтэйг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг байж билээ. Уран нугараач хүн мянгад ганц төрдөг гэлцдэг. Тэр ховорхон заяаг тээж төрсөн шижир авьяастны нэг байна гэдэг бахархам. Гэвч хийсэн зүйл, алдар нэрээ дөвийлгөхийг хүсдэггүй эгэл даруу занг урлаг Б.Норовсамбуу гуайд сургажээ. Энэ нь хэлэх үг, үйлдэл бүрээс нь ажиглагдана.
 
Бид “АСА” циркэд байрлах бэлтгэлийн өрөөнд нь очсон юм. Хэдийгээр гадаа хүйтэн ч циркийн хаалгаар ороход бяцхан хүүхдүүдийн цангинасан инээдтэй халуун, дотно уур амьсгалтай. Б.Норовсамбуу багшийн өрөө ч жижигхэн хэрнээ тохилог, бэлтгэлийн байр ажээ.
 
Ханандаа өндөр толь суурилуулж, хажуугаар нь хүүхдүүдийн бэлтгэлийн хэрэгслийг тавьжээ. Өглөө ээлжийн хүүхдүүд бэлтгэл тараад, хичээлдээ явсан учир жаахан амсхийх цаг гарлаа гэсээр дугаарын зочин маань инээмсэглэн угтав. Амралтынхаа цагаар ном уншсан бололтой. Хажууханд нь уран зохиолын ном дэлгээтэй харагдана.
 
Б.Норовсамбуу гуай тайзнаас буусан ч урлагаас холдож чадалгүй, түмний олон хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр багшилж эхэлжээ. Өглөө 10 цагаас долоон хүүхэдтэй хичээллэж, өдөр мөн л 10 гаруй хүүхэдтэй ажилладаг юм байна. Ихэвчлэн 7-16 насны, дээд тал нь 21 настай ч бий.   Тэд бэлтгэлийнхээ үеэр шинэ зохиомж гаргаж, тусгайлсан хөтөлбөрийн дагуу хичээллэдэг.
 
Одоогоор 5-7 настнуудаас элсэлт авч байгаа. Багш бүрийн сурагчаа сонгох арга барил өөр. Ардын жүжигчин маань хамгийн эхэнд уян хатан байдал, биеийн галбир, тэсвэр хатуужлыг нь харж, сонгодог юм байна. Уран нугараач болохын тулд хүүхдүүд доод тал нь таван жил тасралтгүй бэлтгэл хийх ёстой. Үүний дараагаас бие нь задарч, мэргэжлийн жүжигчин болж, бэлтгэгддэг аж.
 
Түүний шавь нар багштайгаа олон жил сургуулилт хийж, ээнэгшин дассан учир ээж, эгчээс өөрцгүй боддог болжээ. Б.Норовсамбуу гуай ч хүүхдүүдээ өөрийн төрсөн үр шиг хайрлаж, зөвхөн уран нугаралт төдийгүй амьдралын нарийн ширийн, сайн сайхан, хүн байх утга учрын тухай зааж зөвлөдөг аж. Түүний шавь нар энэ жил Улаанбаатарт зохиосон залуу циркчдийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль авч, багшийнхаа ачийг хариулжээ.
 
Тэрээр “Хүүхдүүдтэй ажиллах хэцүү. Зарим нь хэдийгээр мэрийдэг ч авьяасгүй байхад нөгөө хэсэг нь бурхнаас заяасан өгөгдөлтэй хэрнээ залхуу байх жишээтэй. Тэр бүхний тунг багш л тааруулна шүү дээ” гэв. Бидний яриа цааш өнөөгийн циркийн урлагийн бодит байдал, хөгжлийн тухай ийн өрнөсөн юм.
 
ЦИРКИЙН ЖҮЖИГЧДЭД МОНГОЛД ТОГЛОХ ГАЗАР АЛГА  
 
Циркийн урлаг олон  жилийн хөдөлмөрөөс гадна тэсвэр, хатуужил шаарддаг. Энэ урлагаар хичээллэх хүсэлтэй, авьяастай хүүхэд олон ч манай улс ганцхан цирктэй нь харамсалтай. Энэ тухай ч Б.Норовсамбуу гуай сэтгэл дундуур явдгаа бидэнтэй хуваалцлаа. Манай цирк сард 2-3 тоглолт зохион байгуулахаас хэтэрдэггүй.
 
Тиймээс циркчдэд тоглох зах зээл хомс байдаг тухай тэрээр ярьсан. Харин гадаадын оронд өөр. Монголын циркчид  олноор гадагшаа гардаг нь үүнтэй холбоотой юм.
Гадаадад чөлөөтэй уран бүтээл хийгээд, сэтгэл хангалуун амьдрах боломж бий. Харин Монголдоо тоглож буй хүүхдүүд гэрээний дагуу гадагшаа явах боломж байдаг. Хэр сэтгэл амар, хангалуун аялан тоглохыг гэрээ байгуулсан компани хариуцдаг юм байна.
 
Гадаадын компаниуд ихэвчлэн нэг жилийн гэрээ хийдэг гэнэ. Хүүхдүүдийн ур чадвар, үзэгчдийн сэтгэл ханамжаас шалтгаалж гэрээгээ сунгах эсэхээ шийддэг юм байна. Б.Норовсамбуу гуайн шавь нараас гадаадад ажиллаж, амьдардаг хүүхэд олон бий. Тэд үргэлж багштайгаа холбоотой байж, талархсан сэтгэлээ илэрхийлдэг гэсэн. Хэрэв цирк хувьчлагдаагүй бол нугараачид цалингаа аваад, эх орондоо сэтгэл амар ажлаа хийж, Монголын циркийн урлаг илүү хөгжих байсан гэж буурал нугараач халаглаж сууна лээ.
 
Б.Норовсамбуу гуайг нугарч байх үед бүх зүйл өөр байж. Зөвхөн уран бүтээлдээ чин сэтгэлээ зориулж, шинэ, содон бүтээл гаргах боломж дүүрэн байж. Төрийн зүгээс ч циркийн урлагийг дэмжиж, төрийн бодлогоор хөгжүүлдэг байв. Тиймээс энэ урлагаа сэтгэл зүрхнээсээ хайрлах ухаан Б.Норовсамбуу нугараачийн үеийнхний цусанд нь бий.
 
ЦИРКИЙГ ТӨРИЙН БОДЛОГООР ХӨГЖҮҮЛЬЕ
 
Зарим хүн Монголын цирк хөгжихгүй, унтаа байдалд байна гэж ярьдаг.  Энэ тухай Ардын жүжигчнээс сэтгэгдлийг нь сонсоход “Монголын циркийн жүжигчид тав хуваагдчихсан. Д.Зоригт ахлагчтай Шинэ цирк төв, Ч.Хатанбаатар ахлагчтай Монгол цирк төв, Үндэсний цирк дээр хэдэн жүжигчин, Хаан банкин дээр “Анжелис” төв байрладаг. Морин цирк буюу амьтны циркийнхэн Өлзийт хороонд тусдаа байгаа.
 
Энэ мэт талаар нэг тарчихаар урын сангийн бодлого үгүй болчихож. Үүнээс болж номерууд жигд хөгжихгүй байна” гэв.  Үүнийг жигдэлж, төрийн зүгээс бодлогоор хөгжүүлдэг болбол дэлхийд гайхагдсан монгол циркийг байгуулах ойрхон байна гэж тэрээр сэтгэгдлээ хуваалцсан юм. Цирк хувьчлагдсанаас хойш жүжигчид цалингүй болжээ.
 
Тиймээс өөрсдөө тоглолт зохион байгуулах, амьдралаа залгуулахын тулд мөнгөний төлөө уран бүтээл хийхэд хүрч байна. Харин Ардын жүжигчний үед уран бүтээлчид нарийн төлөвлөгөөтэй ажилладаг байж. Жилд хоёр шинэ программ буюу 24 шинэ номер хийх үүрэгтэй байв.
 
Үүний бүх шатны зардлыг төр даадаг байжээ. Б.Норовсамбуу багш хүүхдүүдээсээ сард 50 мянган төгрөгийн төлбөр авдаг. Гэвч энэ нь зөвхөн хүүхдүүдийн тоглолтын хувцас, бэлтгэлийн багаж, техник авахад арай ядан хүрдэг аж. Хэдийгээр эцэг эхчүүд их мөнгө өгье, манай хүүхдийг шавиараа аваач гэдэг ч Ардын жүжигчин маань мөнгө биш зөвхөн авьяасыг нь харж хүүхдүүдээ сонгодог гэсэн.
 
Бидний яриа цааш түүний гэрт өрнөсөн юм. Эднийх нэгдүгээр 40 мянгат буюу Улсын их дэлгүүрийн баруун талд байрлах дөрвөн давхар шар байшингийн хоёр давхарт, хоёр өрөөнд амьдардаг ажээ. Б.Норовсамбуу гуайн унтдаг өрөөнд хуучны хувцасны шүүгээ, ханаар нь түүний залуугийн нугарч байгаа болон ач хүүгийнх нь зураг өлгөөтэй байв.
 
Нөгөө өрөөнд нь бурхан тахил, одон медалиа жаазлаад өлгөхөөс гадна Х.Баянмөнх аварга болон спортын алдартнуудтай авахуулсан зургууд байлаа. Тэрээр манай байшин соц нийгмийн үед анхны комиссын дэлгүүртэй байр. Үүдэнд нь автобус зогсдог байсан. Одоо ч гэсэн гоо сайхан, цахилгаан барааны дэлгүүр ажиллаж байна. Хүү, бэр, ачтайгаа нэг дороо байя гэхээр энэ байр маань багадаад байх юм гэв. 
 
НУГАРААЧ ЭЭЖИЙН БИЗНЕСМЭН ХҮҮ
 
Ардын жүжигчин Б.Норовсамбуу гуай ганц хүүтэй. Одоо хүү Н.Санжаа, бэр, ачтайгаа хөрш амьдардаг. Н.Санжаа “Улаанбаатар” их сургуулийг менежментийн чиглэлээр төгссөн. Хувиараа нөөцийн махны бизнес эрхэлдэг аж. Бизнес гэдэг санхүүгийн хямралтай энэ үед хамгийн эрсдэлтэй. Гэсэн ч айл гэрийн эзэн болсон учир амьдралаа төвхнүүлж, ээжийгээ асарч байгаа сайн хүү. Удахгүй уран нугараач маань хоёр дахь ачаа өлгийдөж авна. Ачтайгаа цагийг өнгөрөөх нь амьдралынх нь аз жаргалтай мөчийн нэг гэлээ. 
 
Сургалтынхаа зав чөлөөгөөр хоёрдугаар ангийн ачаа дугуйланд нь хүргэж өгөх, авах үүргийг эмээ нь хүлээдэг.  Б.Норовсамбуу гуай цааш нь “Бизнес гэдэг их эрсдэлтэй юм билээ. Ажиглаад байхад бүгд л банкнаас зээл авч эхлүүлдэг. Өнөөгийн энэ нийгэмд буцаагаад төлөх хэцүү. Харин урлагийн бизнес өөр шүү. Номероо сайн хийчихвэл шаталтад орно гэж байхгүй.
 
Гэхдээ амьдралын боломж тааруу, төлбөрөө хийж чадахгүй ч авьяастай хүүхэд байвал би аль болох уян хатан хандахыг хүсдэг юм. Энэ нь мэргэжлийн, чадвартай жүжигчин бэлтгэх чин хүсэлтэй минь холбоотой. Манайхаас төгссөн хүүхдүүд уран нугаралтын олон төрлөөр жигд бэлтгэгддэг” гэсэн юм. Б.Норовсамбуу гуай залуудаа дэлхийн олон орноор тоглож, Монголынхоо нэрийг гаргасан гавьяатай уран бүтээлч.
 
Залуухан байхдаа гавьяат авснаасаа хойш хоёрдугаар эмнэлгээр үйлчлүүлдэг нь одоо ч хэвээрээ. Гэвч үйлчилгээ нь эрс муудсан тухай ярьсан. Сард 500 мянган төгрөгийн тэтгэвэр дээрээ цолны мөнгө гэж 200 мянган төгрөг авдаг гэнэ. Энэ нь ганцхан нугараачийн амьдралд хангалттай ч зөвхөн өөртөө зориулдаггүй сургалтын төв, хүүхдүүдийнхээ бэлтгэлд нэмэрлэхийг хүсдэг ажээ.  
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин