sonin.mn
“Би хэзээ ч олохгүй учраас эрэлхийллээ зогсоохгүй” хэмээн алдарт зураач Пабло Пикассо нэгэнтээ хэлсэн байдаг. XX зууны Испанийн суут зураач Пабло Пикассо /1881-1973 / олон зуун зургаа мөнхлөн үлдээсэн шигээ өөрөө 91 насыг зооглож чадсан буянтан билээ.

Хоёр жилийн өмнө болсон Нью-Йоркийн урлагийн арилжааны “Sotheby's” биржийн ээлжит дуудлага худалдаагаар түүний 1932 онд зурсан “Алтан зул цэцэгтэй натюрморт” зураг нь 41.5 сая доллараар зарагдсан тухай “Agence France-Presse” мэдээлсэн. Энэхүү зурагтаа Пикассо амьдралынхаа бүтэн 50 жилийн турш ил, далд хайр сэтгэлийн холбоотой байсан Мари-Тереза Вальтерийг дүрслэн үзүүлсэн байжээ.

Урлаг судлалын томоохон төлөөлөгчид түүний  Жорж Брак, Хуан Грейс нарын  хамт үндэслэн байгуулсан кубист аргаараа 26 насандаа 1907 онд бүтээсэн “Авиньоны  хүүхнүүд” зургийг  нь ихэд ойшоож, магтахдаа “Пабло Пикассо хэрвээ 1907 онд таалал төгссөн байлаа ч дэлхийн уран зургийн түүхэнд үлдэж чадах байсан юм” гэсэн байна. Энэ нь түүний  дараагийн  суут бүтээлүүдийг булшлах гэсэн биш, харин ч урлагт тавьсан анхны алхмаасаа эхлэн сонгодог бүтээлч байсныг гэрчилж байгаа юм.
 
 
Дэлхийн хамгийн үнэтэй зургийг Пикассо зурсан учраас түүний зураг хамгийн олон удаа хулгайд алдагджээ
 
Пикассо амьдалынхаа туршид 20 000  зураг зурж амжсан бөгөөд түүний албан ёсоор зарагдсан зургууд нь 262 сая долларын үнэд хүрсэн баримт байна.
2010 оны тавдугаар сарын 4-ний өдрийн “Кристис” урлагийн биржийн ээлжит арилжаагаар Пабло Пикассогийн зурсан “Нүцгэн бүсгүй, ногоон навчис, цээж хөрөг” зураг 106 482 000 долларын үнэ хүрсэн нь өнөөдөр манай дэлхийн хамгийн өндөр үнэтэй зураг юм.

Дэлхий дээр хамгийн өндөр үнэтэй зургийг Пикассо зурсан учраас түүний бүтээл хамгийн олон удаа хулгай, дээрэмд өртсөн байдаг юм.Пабло Пикассо 2009 онд “The Times” сонины санал асуулгаар 1.4 сая уншигчийн саналаар “Зууны шилдэг зураач”-аар шалгарч байсан. Амьдралын жинхэнэ утга учир, сайн сайхан, элбэг дэлбэг орчин, алдар нэр, хайр сэтгэлийн амтыг ханатал эдэлсэн тэрээр 91 насандаа таалал төгсөхдөө “Хорвоо дэлхийд надад дутуу дулимаг юм огтхон ч алга аа. Харин хэзээ ч бийрээ дахин гартаа барихгүй. Ялдам сайхан бүсгүйг дахин тэврэхгүй гэдэг л харамсалтай байна” гээд амьсгаа хураасан гэдэг.  
 

 
Тэрээр амьддаа алдар гавьяаныхаа титмийг атгаж чадсан цөөхөн зураачийн нэг боловч урлагаас хувийнхаа амьдралаа огтхон ч салгаагүй нэгэн билээ. Пабло Пикассо урлан бүтээх арга хэлбэрээ өөрчлөн солих бүрт түүний эхнэр юм уу, нууц амрагууд, найз нөхөд, гэр орон, тэр битгий хэл, тэжээмэл нохойгоо ч солих нь энүүхэнд. Мэдээж түүний сэтгэл зүрхийг эзэмдэн онгодыг хөглөж байсан үзэсгэлэнт бүсгүйчүүд бүгд түүнтэй ойр дотно холбоотой байсан төдийгүй хожмын өдөр юугаар ч үнэлж барамгүй дурлалын баталгаа, намтрын хэлхээс нь болон үлдэх хувьтай байжээ.
 
 
 Пабло Пикассо болон Фернанда Оливье Монмартрт нохдын хамт /1904 он/
Пабло 1904 онд Монмартад ирснээр түүний анхны хайрын түүх эхэлжээ. Уран бүтээлийн “Цэнхэр” үеийнхээ эхэнд тэрээр эцэгтэйгээ холбоогоо таслан Пикассо гэх эхийнхээ овгоор бүтээлээ туурвих болжээ. Хожим түүнээс нэгэн сурвалжлагч эцгийнхээ овгийг аваагүйн учрыг лавлахад тэрээр “Пикассо гэхэд нь Рюзи \эцгийн овог\ гэснээс хавьгүй сонсголонтой байгаа биз дээ.Тэгээд ч давхар “Сс” үсэг Матисс, Пуссен, Руссо нарын нэрэнд орсон юм” гэж бахархан хариулсан гэдэг.
 

 
Ширүүн бороо өнгөрөөхөөр үзэсгэлэнт Фернанда Оливье нэг удаа залуу зураачийн урланд санамсаргүй саатсан байна. Бороо намдсаны дараа нэг гартаа муур барьсан Пабло залуу бүсгүйг элдэвлэн хоргоож яахаас ч буцахгүй харцаар нэвт цоргижээ. Фернанда Оливье бага зэрэг эсэргүүцсэн боловч...

Нэг мэдэхэд есөн жил Пикассотой ханилжээ. Ядуу боловч жаргалтай байсан энэ үедээ Фернандад дурласан сэтгэлээ “Ягаан” үеэрээ илэрхийлж байв. Тэр хоёр өдөр болгон зураач, найрагчидтай уулзан ярилцаж Пикассо шөнөдөө зургаа зурдаг байв. Азаар хожим алдартай цуглуулагчид болсон Гертруда Стайн ахынхаа хамт хүрэлцэн ирж түүний бүтээлүүдийг худалдан авдаг болжээ.
 
Гертруда хөргөө захиалан зуруулж байхдаа түүний урлангаар тогтмол орж ирдэг боловч Пикассо бодит байдлаас нэг ч таталбар хийлгүй будгаа оролдсоор дараа нь өөрийн сэтгэмжээр гүйцээн зурдаг байжээ. Багтай адилхан болсон эдгээр хөрөг Гертруда Стайнд байтугай өөр хэнд ч таалагдсангүй. Харин Пабло өөрөө “Бүгд л энэ зураг эзэнтэйгээ адилгүй гэх юм. Хэзээ нэгэн цагт Гертруда өөрөө энэ зургуудтайгаа адилхан болох юм шүү дээ” гэжээ.
Хожим Гертруда Стайн үнэхээр өөрөө хөрөг зурагтайгаа адилхан болсон гэдэг.
 

 
Гертруда Стайн
Есөн жилийн турш “Маск” хэлбэрээр оролдсоны эцэст зураач Жорж Брактай санаа нэгдэн алдарт “кубизм”-ийн урсгалаа үндэслэхийн зэрэгцээ хэдийгээр шинэ байранд амьдрах болсон ч Фернанда Оливьег хайрлах дурлалын гал нь аажим бөхөж эхэлсэн байна.
 

     
 Фернанда Оливийн хөргүүд /1905, 1906, 1909/ 

 
Марсель Гумберт /Ева/
Пикассогийн зурагт 1912 оноос үзэгдэх болсон Ева нь Марсель Гумберт гэж эмэгтэй байсан юм. Пикассо түүнийг ихэд энхрийлэн хайрлаж цэвэр ариухан ертөнцийн анхны эмэгтэй Евагаар төсөөлөн хөгжмийн аялгуу мэт яруу тунгалагаар хөглөгдөж байжээ. Харамсалтай нь түүний ариун гэгээн Ева нь цэл залуугаараа хорвоог орхин одсон юм.
 

 
Евад би хайртай-гитар
 

 
Евад би хайртай-хийл
Хэзээ ч гал халуун Орос хүүхнүүдтэй дурлалаар наадаж болохгүй
 
 
 Пикассо анхны албан ёсны эхнэр  Ольга Хохловагийн  хамт /1917/  
 
Пабло Пикассо 1917 онд Ромд танилцсан Оросын генералын охин бүжигчин Ольга Хохловатай жилийн дараа албан ёсоор гэрлэжээ. Парисын өртөг ихтэй байранд суурьшсан Пикассогийн хөрөг зургийн арга дахин өөрчлөгдөхөд энэ удаа сонгодог үзэмжтэй болсон байлаа. 1921 онд хүү Паоло мэндэлснээр түүний бүтээлд “Эх үрийн” сэдэв зонхилж эхэлсэн байна.
 
Тэрээр хүүгээ хайрлан өхөөрдөж Арлекиногийн хувцастайгаар зурсаар байв. Хожим Паоло мансууруулах бодис хэрэглэн эрдэнэсийн дэлгүүр ухсан хэргээр алдарт эцгийнхээ чихийг багагүй халууцуулсан байдаг.

Пабло Пикассог анх Ольгатай дэр нэгтгэж байхад нэгэн дотно нөхөр нь “Хэзээ ч гал халуун Орос хүүхнүүдтэй дурлалаар наадаж болохгүй” гэж хэлжээ. Тэр үг үнэн болохыг хожим ухаарсан зураач ихэд халагласан гэдэг.
 
 
 Ольга Хохловагийн хөргүүд /1917, 1920, 1923, 1935/
"Би Пикассо байна. Хоёулаа жинхэнэ гайхамшгийг хамтдаа бүтээе"
 
 Мари-Тереза Вальтер
 
1927 онд Пикассо нэг метроноос гарч яваад шаргал үстэй 17 настай охины гоо үзэсгэлэнг харуут биширчээ. Тэгээд түүнд хандан “Би Пикассо байна. Хоёулаа жинхэнэ гайхамшгийг хамтдаа бүтээе” гэж эрс шийдэмгий хэлжээ. Мари-Тереза Вальтер тэр үед урлаг, уран зураг огт сонирхдоггүй. Пикассо гэж хүний тухай сонсоогүй байсан ч зураачийн өөртөө төгс итгэлтэй чанарт нь аргагүй татагдсан байна. Чухам энэ үеэс Ольга Хохлова, Мари-Тереза Вальтер нарын мөнхийн зөрчил эхэлсэн юм. Пикассо амралтын өдрүүдээ эхнэр, хүүхдүүдтэйгээ өнгөрөөх боловч цаг ямагт Мари-Тереза Вальтертай болздог байжээ.

Эрхэм зураач Маритай байхдаа жинхэнэ цэнгэлийг эдэлдэг байв. 1974 онд нэгэн сурвалжлагч Мари-Тереза Вальтераас Пикассо хэрхэн ажилладаг байсан талаар асуухад “Тэр эхлээд эмэгтэй хүнийг хэн байхаас нь үл шалтгаалан “хүчинддэг”.  Харин дараа нь зургаа зурдаг” гэж хариулсан байдаг.
 

 
1935 он хүртэл Пикассо, Ольга Хохловатай амьдарч байхад ч Мари-Тереза Вальтер ямагт хамт байж уран бүтээлд нь дүрслэгдсээр байсан төдийгүй зураачийн охин Майяг төрүүлж өгчээ.
 

   
Мари-Терезагийн хөргүүд /1927, 1932, 1937, 1939/ 
 
Дора Маар, Пикассогийн зураг урлан бүтээж буй агшин бүрийг гэрэл зургийн хальсанд буулгаж чадсан юм.

 
Мари, Пабло нар байнга уулзалдаж хайрын захиа бичилцсээр байсан боловч Пикассогийн анхаарлыг сюрреалистуудын шүтээн болсон зурагчин Дора Маарын хар үс, ялдам уруул, ихэмсэг эрэмгий төрх татах болжээ. Ийнхүү түүний зургуудад дахин шинэ давалгаа, эрс өөр өнгө аяс, хахир хөндий дуу мэт цуурай түрэн орж ирлээ.
Улс төрд шамдан идэвхийлэгч тэрээр Пикассог коммунист болгохыг чармайн дайны эсрэг алдарт “Герника” бүтээлээ туурвихад хүргэв. /1944 онд коммунист намд элсчээ/
 
 
“Герника”
Дора Маар, Пикассогийн зураг урлан бүтээж буй агшин бүрийг гэрэл зургийн хальсанд буулгаж чадсан юм. Тэрээр алдарт “Герника”-даа жинхэнэ дүрийг бүтээхийн тулд эмэгтэй хүнийг бас жинхэнээсээ “зовоож” байлаа. Нэгэнтээ түүний урланд Мари-Тереза, Дора нар тааралдан хэрүүл шуугиан дэгдээн хавь ойрынхныг сандаргажээ. Цугласан хүмүүс Пикассод хандан маргааныг зогсоохыг шаардахад тэрээр ихэд тайвнаар “Өөрсдөө учраа олог” гээд инээд алдаж байсан гэдэг.
 
 
Дора Маарын хөргүүд /1937, 1938, 1939, 1941/
Хоёрхон хоногт хоорондоо тэс ондоо 11 хөргийг зөвхөн түүнд зориулан зурж байлаа
 

 
Франсуаза Жило
 
1943 онд Пикассо, Дорагийн хамт зоогийн газарт тухлан суухдаа нэгэн сайхан бүсгүй орж ирэхийг анзаарчээ. Түүнээс хойш хагас жилийн дараа Франсуаза Жило алдарт зураачийн бүтээлд байраа эзлэх болсон юм. Тэр үед Пикассо 62-той, Франсуазе 22-той байжээ. Тэрээр Мари-Тереза, Дора нартай уулзаж учирдаг, Поль-Эльюарын эхнэр Нюшатай холбоотой байсан хэдий ч 1946 онд бүгдийг нь Франсуаза Жилогоор зориглон сольж чадсан юм. Хоёрхон хоногт хоорондоо тэс ондоо 11 хөргийг зөвхөн түүнд зориулан зурж байлаа.
 
 
 Франсуаза Жило дурлалын шүхрээ Пикассогоор бариулан алхаж явна. 1941 он
Дараагийн зурагт Пикассо Клод, Паломо хүү, охинтойгоо /1951 он/
 
Жилийн дараа тэдний анхны хүү Клод,1949 онд охин Палома нар нь мэндэлжээ.
Пикассогийн  охин Тагтаа нэртэй
 
 
Тагтааг энх тайвны бэлгэдэл болгох шийдвэр 1949 оны дөрөвдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд Парис болон Прага хотноо хуралдсан Дэлхийн энх тайвны анхдугаар конгрессоос гарчээ.
 
Чидун жимсний үр зуусан энхийн цагаан тагтааг Испанийн  алдарт зураач Пабло Пикассо зурсан юм. Дэлхий дахины энх тайван, эв нэгдлийн төлөө түүний байгуулсан гавьяаг үнэлэн 1950 онд Бүх дэлхийн энх тайвны зөвлөлийн тэргүүлэгчээр сонгожээ. Мөн хуучин ЗХУ түүнд  Лениний шагналаа хоёр  удаа хүртээсэн байна. Өнөөдөр  зурсан зураас бүр нь сая доллараар үнэлэгдэх болсон алдарт Пикассогийн бүтээлүүдэд тагтааны сэдэв багагүй байр суурь эзэлдэг. Пикассогийн тагтааны талаар бас нэгэн сонирхолтой яриа байдаг.
 
Гудамжны нэгэн гуйлгачин эр Пикассод хандан “Аугаа суут зураач минь надад ганцхан хором саатан таталбараа зурж хайрла. Би хоолтой залгаад чамайг насан туршдаа дурсах болно” гэжээ. Пабло огт цааргалалгүй тэр дор нь хэдэн хэдэн цаасан дээр нисэж буй тагтаа таталбарлан зураад гарын үсгээ үлдээжээ. Тэр эр чухам хэрхэн үнэ хүргэж хоол залгасныг мэдэхгүй. Харин зургийг зарсан, авсан хэн, хэн нь зураачийг мартаагүй юм. 
 
 
 
Дэлхийн энх тайвны анхдугаар конгресс хуралдаж байсан түүхэн өдрүүдэд төрсөн охиндоо Пикассо бэлгэшээн Палома нэр хайрлажээ. Энэ нэрийг Испани хэлнээс Монгол хэл рүү хөрвүүлбэл энхийн цагаан Тагтаахан юм шүү дээ.
Хэдийгээр Мари-Тереза охин Майятайгаа тэднээс холгүй амьдарч байсан ч Пикассогийн сэтгэлд тэднийг ойшоох зай байсангүй. Зөвхөн Франсуаза болон тэдний хүүхдүүдэд анхаарал халамжаа тавьсаар байлаа.
 

    
 Франсуаза Жилогийн хөргүүд /1946, 1946, 1951/
Эзэн ноёндоо үнэнч дорнын хүлцэнгүй төрх бүхий олон зуун хөрөг чухам Жаклины ачаар бүтжээ
 
Пикассо  албан ёсны гэмээр  хоёр дахь эхнэр Жаклин Роктой “Усанд  сэлэгчид” зургийн өмнө /1957 он/ 

 
Жаклин Рок
 
Нэр алдар нь оргилдоо хүртэл мандсан Пикассо уран барималд хүчээ шавхаж Каннын ойролцоох урландаа эрчимтэй ажиллаж байлаа. Энд тэр нөхрөөсөө салсан худалдагч Жаклинтай учирсан байна. Дахиад л шинэ дурлал, шинэ байр /Канны дэргэдэх үзэсгэлэнт шилтгээн/ шинэ эрэлхийлэл нь хэдийгээр насан өндөр болсон ч аугаа зураачийг улам тачаангуй болгон хурцалж байлаа.
 

   
Жаклин Рокийн хөргүүд /1954, 1954, 1964, 1969/ 
Эзэн ноёндоо үнэнч дорнын хүлцэнгүй төрх бүхий олон зуун хөрөг чухам Жаклины ачаар бүтжээ. Үнэндээ ч энэ бүхэн Жаклин Рокид өөрт нь таалагддаг байсан төдийгүй зөвхөн 1960 онд л гэхэд Пикассогийн зурагт 160 гаруй дүрслэгджээ. Каннд амьдрах болсноор Пикассо гадаад орчноос үндсэндээ тусгаарлагджээ. Үүнд хартай, хайртай шинэхэн Америк эхнэрийг нь буруутгах үндэслэлтэй ч энэ бүхнийг өөрөө хүсдэг байсан гэнэ.

Ямартаа ч дөрвөн хүүхэд, таван ач нь уулзах боломжгүй байсан бөгөөд 1963 онд Клод, Палома хоёр нь аавынхаа төрсөн өдөрт хүрэлцэн ирсэн нь бараг сүүлчийн уулзалт байжээ. Пикассог 1973 оны наймдугаар сард сүүлчийн замд үдэхэд нь уригдаагүй нэг ач нь гурван сарын дараа хор ууж нас баржээ. 1975 онд хүү Паола нь мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас 54 насандаа таалал төгсжээ.
 
Үүнээс яг хоёр сарын дараа алдарт зураачтай 50 жил нэр холбогдсон Мари-Тереза өөрийгөө дүүжилсэн бол Пикассотой эцсийн мөчийг нь хүртэл хамт байсан Жаклин Рок 1986 онд өөрийгөө буудан амиа хороожээ. Суут хүний үхэл ч нэхэл хатуу ажээ. 
Солонгост Пикассо гуайн үзэсгэлэнг үзэх завшаан надад олдсон юм. Түүний урлагийн бөгөөд дурлалын эрин үе бүгдэд тусгай булан, заал нээн зураг бүрт нь тайлбар хийсэн байдаг юм билээ.