sonin.mn
“Talk Talk English” төвийн Ерөнхий Захирал Ч.Амарсанаатай ярилцлаа.
 
Өнөөдөр дэлхийн долоон тэрбум хүний  хоёр тэрбум нь англи хэлээр ярьж байна гэж та ярилцлагандаа дурьдсан байна лээ. Гэхдээ англи хэлээр ярьдаг улс орон, хүмүүсийн ганц ялгаа бол аялганы асуудал байдаг? 
 
Манай Talk Talk English сургалтын төв  2007 оны 8 сард байгуулагдсан. Одоо “Лингакон” онлайн сургалт, “ HIPPO” хэвлэлийн компани гэх мэт салбар нэгжтэй боловсролын төв болж өргөжсөн. Англи хэл өнөөдөр дэлхий дээр 700 сая орчим хүний эх хэл нь болж, 2 тэрбум хүн энэ хэлээр ярьж, олон улсын харилцааны НЭГ номерийн хэл болсон.
 
Бизнесийн харилцаа хил хязгааргүй болж байгаа энэ эрчимтэй хөгжлийн эринд Англи хэлний хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Унаган Англи хэлтэй орнуудад төдийгүй Англи хэлийг 2-догч хэлээ болгон үзэж байгаа улсуудад хүртэл Англиар ярих өөр өөрийн өвөрмөц аялага дуудлага байдаг. Жишээ нь Германы, Францын, Японы, Оросын, Солонгосын Англи хэл гэх мэтээр байна.
 
Эдгээрийн аялгууд нь бүгд өөр өөрийн эх хэлний авиа зүйн онцлогтой уялдан бий болдог ч дүрмийн хувьд бүгд ижил. Манай сургалтын төвийн тухайд анх байгуулагдснаас эхлээд л өнөөг хүртэл мэргэжлийн100% Англи, Америк, Австрали, Канад гэсэн улсаас ирсэн багш нараар сургалтыг явуулж байгаа. Эдгээр улсаас ирсэн багш нарыг бид стандарт аялагатай бүлэгт хамруулдаг. Бид ашгаа бодоод Энэтхэг, Сингапур гэх мэт стандарт бус аялагтай багш нараар сургалт явуулж болно. Гэхдээ энэ бол суралцагчдад маш муу үр нөлөөтэй.
 
Учир нь аливаа хэлийг сурахад аяллага дуудлагандаа маш сайн анхаарч аль болох стандарт хэллэгээр нь сурахыг эрхэм болгох хэрэгтэй.  Энгийнээр тайлбарлавал Монгол хэл сурах сонирхолтой гадаад хүнд дөрвөд Монгол, буриад Монгол эсвэл халх Монгол хэл заахтай ижил юм. Халх Монгол хэл сурсан гадаадтай дөрвөд, буриад аль ч Монгол нь ойлголцоно.Харин дөрвөд, буриад Монгол хэл сурсан гадаадтай халх, дөрвөд, буриад аль аль нь ойлголцоход бэрхшээлтэй. Яг л үүний ижил Англи хэл сурч байгаа хүүхэд залуучууд аль болох стандарт хэллэгийг нь л сурахыг эрхэм болгох хэрэгтэй. Монгол улс Англи хэлийг төрийн хоёрдогч хэл гэж албан ёсоор зарласан.
 
Манай төв төрийн бодлогоо дэмжин стандарт Англи хэллэгийг хүүхэд, залуучууддаа эзэмшүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаадаа бахархалтай байдаг. Англи хэлний олон чадварууд байдаг.  Сонсох, бичих, унших гэх мэт чадваруудыг хүн өөрсдөө хөгжүүлж болно. Харин ярих чадварыг бие дааж хөгжүүлэх боломжгүй. Ярих чадвар хүнтэй ярьж байж, амьд ярианд орж байж л хөгжинэ шүү дээ. Тиймээс манайх сургалтаа илүү амьд яриан дээр суурилан явуулдаг. Ярих чадварыг сайжруулснаар хүссэн ч хүсээгүй ч бусад чадвар дагаад хөгждөг.  
 
Монголчууд маань хэлний мундаг авъяастай хүмүүс тийм ч учраас манайхаар сурсан, сурч буй хүмүүс стандарт Англи хэллэгийг багш нь тийм болохоор дагаад амархан эзэмшиж чадаж байгаа харахад сайхан байдаг. Гэхдээ Монголчуудад маань хөдөлмөрч, аливаа юманд тууштай байх чанар жаахан дутмаг юм шиг санагддаг. 
 
Монголчууд хөдөлмөрч тууштай байвал англи хэлийг маш сайн сурч чадах нь ээ гэж ойлголоо. Монголчууд гадаадад соёл урлагын өвөө сурталчилж явж байхдаа  тухайн орны хүмүүст  бүрэн гүйцэт танилцуулж чадахгүй англи хэлний мэдлэг дутмаг байдаг. Зөвхөн үйлдлээрээ ч юм уу урлагаараа харуулж байна. Англиар цэвэр ярьж өөрсдийгөө болон монголыг бүрэн таниулж, бусад орнуудад соёлтой ард түмэн гэдгээ харуулах хөтөлбөрийг танайх гаргасан гэж сонссон ?
 
- Хөдөлмөрч тууштай байх чанар бол зөвхөн Англи хэл сайн сурахад ч биш ер нь бол хувь хүний, бизнесийн, улс орны гэх мэт аливаа зүйлийн хөгжлийн үндэс гэдэгт би итгэдэг. Би өөрөө ширээний теннисний спортын хүн. Найман настай байхаасаа эхлээд өнөөдрийг хүртэл ширээний теннисний спортын анхан шатнаас мэргэжлийн тамирчин, дасгалжуулагч, ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Үндэсний Олимпийн хорооны гишүүн гэх мэт олон ажил үүргийг гүйцэтгэж энэ спортынхоо хөгжилд хувь нэмрээ оруулж ирлээ. Тиймээс ч ерөнхийдөө спортын амьдралыг  мэднэ.
 
Спорт гэдэг бол  энгийнээр нүдээр харахад өрсөлдөөний талбар хэдий ч энэ бүхний цаана хөшигний ард эв нэгдэл, харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөл гэсэн үндсэн зарчим оршин байдаг. Зөвхөн спорт ч биш соёл урлагч гэсэн ийм л үндсэн зарчимтай гэж ойлгодог. Энэ үндсэн зарчим дэлхийн хэл болсон Англи хэлний тусламжтайгаар илүү ойлголцон бэхжиж, бодит болно. Өнөөдөр манай 3 саяхан ард түмнээс дэлхийн дэвжээ, урлагийн тайзыг эзэгнэсэн олон хүчтэн, авъяастнууд төрөн гарч Монгол улсынхаа төрийн далбаа, дууллалыг харийн тэнгэрт эгшиглүүлэн байхыг харахад сэрвээний үс босож, сэтгэл омогшин байх нь минь юутай бахдам байдаг гээч.
 
Монгол улсын нэрийн хуудас болон гялалзаж байгаа, ирээдүйд гялалзах спорт, соёл урлагийн одод,  эрдэмтэн мэргэд, судлаачдыг төрийн бодлогоор англи хэлтэй болгох ёстой юм. Эдгээр авъяастнууд маань харийн оронд сэтгүүлч сурвалжлагч бүчин ирэхэд наандаж өөрийхөө талаар цаашилбал улс орныхоо талаар стандарт Англи хэллэгээр мэдээлэл өгч чаддаг болох хэрэгтэй юм. Ингэж чадвал гадаад ертөнцөд Монголчуудыг зөвхөн авъяас, чадалтайгаас гадна бас их оюунлаг ард түмэн юм гэсэн мессеж хүрэхийн зэрэгцээ дотоодод хүүхэд, залуучууд маань тэдгээр алдартнуудаа дуурайж Англи хэлийг сурах сэдэл сонирхол нь илүү өрнөх учиртай.
 
Сүүлийн үед “Соёлын элч” гэсэн цолыг олон улсын тавцанд Монголын нэрийг гарган буй авъяастнуудад олгож байгаа нь их зөв зүйл боловч эдгээр элч нарынхаа Англи хэлний мэдлэгийг сайжруулах тал дээр анхаарал хандуулах шаардалгатай санагддаг. Соёлын элч нар маань ойр зуурын зүйлээ орчуулагчаар дамжуулан ярьж хэрхэвч болохгүй. Хувь хүнийхээ хувьд би монгол улсын нэрийн хуудас болж байгаа энэ алдартнуудыгаа төрийн бодлогоор англи хэлтэй болгох хөтөлбөр явуулах ёстой гэж бодож өөрөө спортын хүн болохоор спортынхоо алдартан, ирээдүйн алдартнуудыг дэмжин сургалтынхаа төвд 2009 оноос хойш 50% - 100% хөнгөлөлттөй сургаж байгаа үр дүнгээ ч өгч байгаа. Бидний заасан спортынхон маань гадаадын сэтгүүлч, сурвалжлагчдын асуултанд англиар сайхан хариулаад, ярилцлага өгөөд зогсож байвал манай хамт олны нэгэн зорилго биелэх нь тэр юм. 
 
Танай боловсролын төв амьд харилцан яриан дээр суурилж  сургалтаа явуулдаг юм байна. Боловсролын төвийн хөтөлбөрүүдийн талаар танилцуулаач?
 
- Манай боловсролын төвийн хамт олон стандарт англи хэлийг Монголчууддаа чанартай сайн сургахын төлөө чин сэтгэлээсээ хичээн ажиллаж байгаа мэргэжлийн хамт олон. Тэр ч утгаараа манай төвд англи хэлний мэдлэгээ сайжруулахаар зорьж ирж байгаа хүмүүс хариуцлагаа маш сайн ухамсарласан байх ёстой. Өөрөөр хэлбэл манай сургалтын дүрмийн дагуу сахилга баттай суралцах ёстой.
 
Тэгвэл бид таны Англи хэлний ярих чадварыг бодитоор, таны хүлээж байгаа үр дүнд хүртэл сайжруулж чадна. Манайх ярих чадварын 1 – 10 түвшиний ангитай, 1-р түвшиний ангид Англиар огт ярьж чадахгүй хүмүүс ордог бол 10-р түвшинд Англиар төрөл бүрийн сэдвээр ярилцах, санаа бодлоо илэрхийлэх чадвартай хүмүүс ордог. Ер нь бол манайд ярих чадварын бүх түвшиний анги хичээллэдэг гэж ойлгож болно.  Манай 10-р түвшин төгсөж байгаа суралцагчид IELTS-ийн шалгалт өгвөл 6.0 – 6.5 оноо авах чадвартай, гадаадад мэргэжлийн чиглэлээр сургуульд явахад хэлний бэлтгэлийн хэрэггүй үндсэн ангидаа шууд орох боломжтой төгсөнө. Манайд тэнхимийн, ганцаарчилсан, байгууллагын, хүүхдийн гэх мэт үндсэн сургалтууд байдаг. Харин зах зээлийн шаардлага, суралцагчдын хүсэлтээр бид 2-р сараас IELTS-ийн шалгалтанд бэлтгэх цомхон суралцагчидтай, маш чанартай ТОР сургалттай анги нээхээр төлөвлөөд байгаагаа энэ дашрамд дуулгахад таатай байна.
 
Үүнээс гадна манай төв 2013 оноос Монголд анх удаа Англи хэлээр болсон явдал, бодит амьдрал, сургамжит өгүүлэг зэрэг төрөл бүрийн сэдвийг хамарсан маш сонирхолтой богино өгүүлэгийн “HIPPO books” цуврал номоо эрхлэн гаргаж байгаа. Одоогоор 25 ном хэвлэгдэн гараад байна. Эдгээр цуврал өгүүлэгүүд нь Англи хэлний 5-н түвшинд бичигдэж байгаа тул өөр өөрсдийн хэлний мэдлэгт тааруулан авч унших боломжтой.  “HIPPO books –ийн гол зорилго нь хүүхэд залуучуудынхаа Англи хэлний мэдлэгийг сайжруулах, тэднийг номонд дуртай болгоход чиглэгдсэн.
 
Бүх цувралыг нь уншаад дараагийн дугаарыг хүлээж байгаа залуучууд ч одоо байгаа. Ер нь тухайн суралцаж буй хэл дээр ном уншина гэдэг бол тухайн хэлний соёлыг сурах, ойлголтоо нэмэгдүүлэх, үгсийн сан, мэдлэгээ сайжруулах гэх мэт сургалтын олон талын ач холбогдолтойн дээр ном унших нь өөрөө маш том хүмүүжлийг ялангуяа дээр хэлсэнчлэн хөгжлийн үндэс болсон хувь хүнд тууштай байх чадварыг суулгадаг гэж би боддог.
 
HIPPO books хаагуур худалдаанд гаргасан бэ?
 
Бүх томоохон номын дэлгүүрүүд болон манай төв дээрээс 6000 – 8000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Эдгээр номуудаа манай боловсролын төв сургалтандаа бас ашигладаг. 
 
 Энэ номнуудыг гаргаж буй нь зөвхөн бизнесийн шалтгаантай юм уу?
 
Эсрэгээрээ гэж болно шүү.  Манай найз нөхдүүд хэлж байгаа юм л даа. Амараа чи эдийн засгийн хямралын үед ном бичүүлээд л баахан мөнгө зараад байдаг,  чам шиг ийм тэнэг хүн байхгүй гэж. Нээрээ ном бичээд өндөр ашиг олоод байх боломжгүй юм билээ. Гэхдээ  яах вэ надад дулаан бүлээн гэр орон, унах унаа, идэх хоол унд гэх мэт байна. Хүн ер нь овойж оцойтлоо мөнгө хураах гэж зүтгээд хэрэггүй биз дээ. Би нэгэнт боловсролын салбарт бизнес хийж байгаа хүн хувьд нийгмийн сайн сайхны төлөө нийгмийг гэгээлэг болгохын төлөө юм хийх ёстой гэж боддог.
 
Тэр утгаараа эдгээр  номыг бичүүлж байгаа юм. Өнөөдөр үр дүн нь гарахгүй ч гэсэн миний үр хүүхдүүд хойч үе маань хэзээ нэгэн цагт манай байгууллагаар, надаар, миний үйл хэргээр бахархана. Хүн чинь дурсамжтай, гэгээн мөртэй, хийсэн бүтээсэн зүйлтэй явах сайхан ш дээ. Тэр утгаараа би өөрийн багш нарын багаа удирдан HIPPO books өгүүлэгийн номнуудаа бичүүлээд зүтгээд л байна. Англи хэлийг Монгол төрийн албан ёсны 2 дахь хэл гэж зарласан мөртлөө төр маань  өөрөө юугаар ч дэмждэггүйд дотроо жаахан гомддог, гайхдаг шүү. Арга ч үгүй байх хэн ч гэсэн урт хугацаанд үр дүн, ашгаа өгөх зүйлд цаг хугацаа, оюун бодлоо дайчлахгүй тиймээс зүгээр л тунхаглаад орхидог байхаа тийм үү.
 
 
Манай залуучууд маань ерөнхий боловсролын сургууль дараа нь их сургуульд нилээд олон жил Англи хэл үздэг тэгээд яагаад Англи хэл нь тийм сайжирдаггүй юм бол?
 
- Энэ бол маш том нухацтай ярих асуудал. Яагаад ийм байгааг уг нь Англи хэлийг төрийн 2 дахь хэл гэж зарласан, боловсролын яамны бодлого тодорхойлж, хөтөлбөр боловсруулж байгаа хүмүүсээс асуувал илүү оновчтой байх. Гэхдээ би яахав бас л Монголчуудаа англи хэлтэй болгохын төлөө баг бүрдүүлэн зүтгэж байгаа хүний тухайд өөрийн бодлоо л хэлье.
 
Минийхээр бол сургуулийн өмнөхөөс дунд анги хүртэл өөрөөр хэлбэл 2 наснаас 10 нас хүртэл төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэг сургуульд гадаад хэлний сургалт явуулахыг хуулиар хориглож 10 нас хүртэл бүх сургалтыг зөвхөн Монгол хэлээр явуулж эх хэлийг нь төгс эзэмшүүлэх хэрэгтэй. Тэгээд жинхэнэ сайн хөтөлбөртөй, маш чадварлаг багштайгаар дунд ангиас нь Англи хэлний болон бусад хэлний сургалтыг эхлүүлж бүх хүүхдүүдийг гараанаас нь зэрэг гаргах хэрэгтэй. Одоо бол Англи хэл зүгээр л бизнес, мөнгө олох хэрэгсэл болчихсон ямар ч чадваргүй багш, ямар ч хөтөлбөргүй сургалтыг хэдэн наснаас ч хамаагүй заагаад эхэлж байгаа юм. Бидний ажигласан, судласнаар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн Англи хэлний чадвар, мэдлэг ахлах анги хүртэл овоо дажгүй ахиж байгаад зогсож байгаа юм.
 
Өөрөөр хэлбэл ахлах ангиас сургалтын хөтөлбөр хүндэрч, дэндүү их зүйлийг үзэж судлахаар тусгадаг болохоор багш нар ч тэр хэмжээнд сургалтыг явуулж чадахгүй, сургалтын хөтөлбөр багшийн ур чадвар хоёр таарахгүйгээс сурагчдын Англи хэл сурах сонирхол, идэвхи оролдлого буурч сурагчид ахлах сургууль 12-р ангиа төгсөхдөө үндсэндээ 9-р ангийнхаа мэдлэгтэй төгсөж байгаа юм. Бүр товчхон хэлбэл ахлах ангийн Англи хэлний сургалтын хөтөлбөр багшийн энэ хөтөлбөрөөр заах ур чадвар хоёр таарахгүй байна. Манай боловсролын төв 2012 оноос 3-н жилийн хугацаатай Олонлог сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулан англи хэлний сургалт явуулсан.
 
Олонлог математикийн шилдэг сургалттай сургууль 2015 оны ЕШ-ийн шалгалтанд тус сургуулийн төгсөгчид түүхэндээ анх удаа Англи хэлний шалгалтанд математикиас өндөр оноо буюу 645 : 629 оноо авсан. Энэ бол үзүүлэлт. Үүнд Олонлог болон манай төвийн удирдлага, багш, сурагчид бүгд сэтгэл маш өндөр байгаа.
 
Үүндээ урамшаад бид БСШУЯ, ХААН банк, Ахлах сургууль санаачлага ТТБ-тай хамтран СБД-ийн 35,58, 71-р сургуулиудын 8-р ангийн 350 орчим сурагчдад өөрсдийн боловсруулсан хөтөлбөрөөр 2015 оноос Англи хэлний сургалтаа явуулж эхэлсэн. Санхүүжилт тасалдахгүй бол энэ төсөл 5 жил хэрэгжиж энэ жилийн 8-р ангийн сурагчид маань 5-н жил манай хөтөлбөрөөр хичээллэн ЕШ-ийн шалгалт өгөхөд бид төрийн болон хувийн сургуулийн бусад төгсөгчидтөй үр дүнгийн харьцуулалт хийх зорилготой юм.
 
Маш сонирхолтой, ач холбогдол ихтэй төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Танайх энэ хөтөлбөртөө HIPPO books –ээ ашиглаж байгаа юу?
 
- Одоогоор ашиглаагүй байгаа. Гэхдээ 3 дахь жилээс нь ашиглаад эхэлнэ. Ахлах сургуулиа төгсөхөд сурагчид манай Англи хэлний богино өгүүлэгийн номноос 10-н ном уншсан, ойлгосноо багшид шалгуулж төгсөнө. Сургуульд байхдаа Англи хэлээр уншсан манай номнуудыг ер нь Монгол хэлээр ч уншсан номуудаа хүүхдүүд насан туршдаа мартахгүй харин зааж өгсөн дүрмийг бол мартах хандлагатай. Манай хөтөлбөр ерөнхийдөө маш энгийн, ойлгомжтой. Дүрмээр дэндүү их балбасан зүйл байхгүй. 
 
Эцэст нь Та манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?
 
- Эдийн засаг хямарч байна гээд нийгэм дээр дооргүй л сонин болоод байх шиг байна. Эдийн засгийн  хямралын үед хүмүүс дагаж хямарч ерөөсөө болохгүй. Энэ хямралын үеийг зарим хүмүүс боломж болгож харах ёстой. Нэг л нартай өдөр манай эдийн засгийн энэ галт тэрэг хөдөлнө, хурдаа авна. Харин галт тэрэг маань өөрөө багтаамжтай, даацтай. Тэр галт тэрэгэнд багтаж суухын тулд Та зайлшгүй Англи хэлээ сайжруулах хэрэгтэй.
 
Англи хэл бол хувь хүний хөгжлийн гарц. Манай эдийн засаг хөгжихөд гадны хөрөнгө оруулалт л хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулалт ороод ирэх юм бол англи хэлтэй мэргэжилтэнгүүдийг л шаардана. Тэгэхээр үйлчлэгч,  үүдний харуулаас эхлээд англи хэлний мэдэгдэхүүнтэй байх ёстой гэсэн шаардлага тавигдана. Тэрэнд өнөөдөр манай хүүхэд залуучууд бэлдэх ёстой. Хямралын гээд байгаа энэ үед нөгөө алдсан мөнгөө эргүүлж авахын тулд англи хэлэнд хөрөнгө оруулалт сайн хийх хэрэгтэй. Эдийн засгийн маань галт тэрэг хөдлөх гээд Таныг суулгах гэсэн Англи хэлгүй байна гэвэл Та одоо сураад ирье гээд явбал Таныг хүлээхгүй хөдлөөд цааш улам хурдаа авна харин Та гүйцэж чадахгүй хөгжлөөс хоцрох болно гэдгийг манай хүүхэд залуучууд сайн ойлгоосой гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна.
 
Тэр утгаараа манай боловсролын төв бүх залуусаа дэмжих үүднээс шинээр манайд элсэн орж байгаа сурагчидад 50% хөнгөлөлт үзүүлж байгаа юм.  Манайд бол хүмүүс дөнгөж орж ирэнгүүтээ яриад эхэлдэг. Манайд шинээр орсон хүмүүс нэг түвшинд сурчихаад үргэжлүүлэн дараагийн түвшинд сурдаг. Яагаад гэхээр Англиар ярих, сурах сэдлийг нь маш сайхан төрүүлж чаддаг учраас. Машин авахдаа хүмүүс унаж үзэж байгаад авдагтай адил бид таныг сургалтын төв, сургалтын аргаа зөв сонгоход нь туслах үүднээс шинээр сурах сурагч нартаа  хөнгөлөлт үзүүлж боломж олгож байгаа юм.  
 
Суугаад үз,  таалагдана гэдэгт  би 99% итгэж байгаа. Манай сургалтын арга бол Таны чихний бөглөө гаргаж , амны хайрцагийг нээлгэн, шууд л яриулаад эхлэнэ. Тиймээс эцэст нь Монгол залуустаа таныг амжилтанд хөтлөх Англи хэлний галт тэргэндээ амжиж суугаарай, амжилтын төлөө хамтдаа гэж хэлье дээ.