sonin.mn
Концертын шүүмж
 
Билгийн улирлын Балжинням Дашням давхацсан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Соёлын төв өргөөний концертын их танхимд сонссон хүний чихийг дэлдийлгэсэн, үзсэн хүний сэтгэлийг эзэмдэж бахархлыг бадраасан, хожимдогчдын хорхойг хүргэм бадрангуй сайхан концерт эгшиглэсэн юм. Энэ бол СУИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудын үүсэн байгуулагдсаны тэгш дөрвөн ойд зориулсан уран бүтээлийн хүндэтгэлийн тоглолт байв.
 
“Монгол эрдэнэ” хэмээн нэрлэгдсэн 21 үзүүлбэр бүхий концертын хөтөлбөр тус бүрийг сонины шүүмжид багтаах боломж хомс учир энд зөвхөн концертын дэглэлт, найруулгазүйд (Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал, туслах найруулагч Г.Ганцэцэг, Б.Бадарч, Д.Энхгэрэл) үнэлэлт дүгнэлт өгөхийг хичээв. Концертын үзүүлбэр тус бүрт тайзны гэрлэн чимэглэлийг график дизайны аргаар (график дизайнч Дүрслэх урлагийн сургуулийн багш О.Энхтайван, Б.Нямхүү), Монголын хадны сүг зургийн баян санг ашиглаж эртний урлагчдын ой санамж, төсөө төсөөллийг нээж, монголчуудын язгуур урлагийн үүсэл гарлын улбааг XXI зууны дүрслэх урлагийн хийсвэрлэлийн арга барилтай хослуулсан бэлгэдлийн шийдэл, бүтээлч сэтгэлгээ гаргасныг үнэлүүштэй.
 
Концерт эхлэхэд тайз хав харанхуй. Гэрлийн сүүдэрт уул овоо, унаган байгалиа тахиж тайж байгаа “Эх мод”-ны бүжиг (найруулагч Театрын урлагийн сургуулийн багш Л.Энхбаяр) нүүдэлчдийн нийлмэл урлагийн эх ундарга-бөөгийн увидасаар сэрж амилав.
 
“Хаданд амилсан тамга” хэмээх бүжгийн зохиомжид (бүжгийг дэглэсэн Бүжгийн урлагийн сургуулийн багш Д.Энхгэрэл, хөгжмийн найруулгыг Хөгжмийн урлагийн сургуулийн багш Д.Ариунболд) Ховд аймгийн Манхан сумын Хойд Цэнхэрийн агуй, Хэнтий аймгийн Биндэр сумын Рашаан хад дахь тамган хээ, дохио тэмдэг, үсэг бичгийн дурсгалыг гэрлийн чимэглэлээр чимсэн нь бүжгийн сэдэв агуулгатайгаа бүрэн нийцжээ.
 
“Хурмастын уялга” бүжгэн хэсэгт (төслийн багийн удирдагч төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн соёл судлаач, доктор, профессор С.Дулам) Их Монгол Улсын түүх шастир дахь хөгжмийн зэмсгүүдээс ятгын хувилбарыг сэргээн урласан нь хийц бүтцээрээ, хөгжимдлийн донж маягаараа Дорно дахины хөгжмийн аялга хэмнэл, өнгө будаг, намба төрхийг ялгаруулж үзэгчдийн зүрхэн тольтод түүх хүүрнэв.
 
“Рапсоди”, “Уран сэтгэмж”, “Мандухай цэцэн хатан” хөгжмийн хэсэгт С.С.Прокофьевын болон Ф.Шубертын нэрэмжит олон улсын уралдааны тусгай болон Гран при шагналт, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Рапсоди”-ийг С.Гончигсумлаагийн нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт төгөлдөр хуурч Б.Нандинсувд, СУИС-ийн хүндэт профессор Т.Цолмон багштайгаа хамтран хөгжимдөж Монголын төгөлдөр хуурын сургалтын гайхам амжилтыг үзүүлэв. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, Н.Жанцанноров нарын шилдэг бүтээлийг СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Морин хуурын чуулга багш Б.Мэнд-Амарын удирдлагаар хөгжимдөж сонсогчдод шинэ соргог мэдрэмж төрүүлсэн бол “Нутгийн чулуу” (Ц.Нацагдорж), “Арвайн тал” (Н.Жанцанноров) дуунуудыг дэлхийн дуурийн дуучдын олон улсын уралдааны тэргүүн болон Гран при шагналтан, МУГЖ Энхбатын Амартүвшин, Ганбаатарын Ариунбаатар нар дуулж үе тэнгийн үзэгч сонсогчдоосоо, өсвөр үеийн залуу дуучдаасаа халуун дотно талархал хүлээв.
 
“Эзэн заяа” (Б.Бямбабаяр), “Аав ээж хоёр минь” (Б.Шарав) дуунуудыг МУГЖ Э.Амартүвшин, Ө.Уянга, Г.Ариунбаатар нар Соёлын төв өргөөний зузаан ханыг доргитол, 2000 үзэгч сонсогчдыг суудлаасаа өндийтөл нь дуулж гоо сайхны хав цэнгэл эдлүүлж нижигнэсэн алга ташилтаар шагнуулав.
 
“Монгол эрдэнэ” хүндэтгэлийн концерт Италийн ардарт хөгжмийн зохиолч Дж.Вердийн “Атилла” дуурийн найрал дууг, МУСГЗ яруу найрагч Дожоогийн Цэдэвийн шүлэг, МУУГЗ Тогтохын Сэр-Одын хөгжим “Урлагийн их өргөө” СУИС-ийн сүлд дууг бүрэлдэхүүний сургуулиудын оюутнууд, ДБЭТ, ҮДБЭЧ-ын гоцлол дуучид, уртын дуучид, найрал дуучид дуулж, МУУГЗ Ц.Пүрэвхүү, П.Мөнхжин нарын удирдлагаар СУИС-ийн үндэсний их найрал түрлэг өргөв.
 
Ийнхүү сургалтын технологийн шинэчлэлээрээ Ази, Европын ижил мэргэжлийн сургуулиудтай өрсөлдөх хэмжээнд хүрсэн СУИС-ийн дөрвөн бэрхийн уран бүтээлийн хүндэтгэлийн концерт өндөрлөсөн юм.
 
Хөгжлийн төлөө хамтдаа урагшилцгаая!
 
Урлаг судлаач, шүүмжлэгч Ж.Энэбиш